УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.06.25/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг бүрэн эрхээрээ далайлгаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байхыг санууллаа.
Энэ талаар тэрбээр “С.Ганбаатар гишүүний үйлдэлтэй холбоотойгоор шүүмжлэлтэй хандахаас аргагүй байдал үүсэж байна. Хууль хяналтын мөрдөн шалгах, хянан шалгах чиг үүрэгт парламентын гишүүн нөлөөлөх байдал үүссэн байна. Өөрт нь ямар ч хамааралгүй хүний гэрт хянан шалгах ажиллагаа явуулах гэж байхад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ашиглаж зогсоож байдаг. Төрийн тэргүүн рүү субьектив байдлаар хандаж байгаа. Монгол Улсын парламентын гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай. Олон нийтийг буруу зүйл рүү турхирч болохгүй. Ийм зүйл байж болохгүй. Ёс зүйгүй үйлдлийг хаацайлж хамгаалах боломж байхгүй шүү” гэв.
Сануулахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зургадугаар сарын 24-нд “У.Хүрэлсүхийн даалгавраар С.Ганбаатарын авгай хүүхдийг айлгах гэж Баянзүрх дүүргийн гэр хороололд байх зуслангийн газарт Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхан нэгжлэг хийхээр ирээд байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна” гэж Live хийсэн юм.
Эл асуудлаас болж хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж чадаагүй байдаг.
Харин олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дээрх үйлдэл нь юун гуя гэдэг шиг хамааралгүй зүйл рүү давхиж орсноороо өөрийгөө илүү ноцтой зүйлд бариад өгчихөв үү” гэх хардалтыг ч өгч буй юм.
АТГ нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим албан тушаалтан тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, хариуд нь хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Иймээс Прокурорын зөвшөөрлийн дагуу нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх обьектод АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэнд очиж лайв хийсэн. Нэгжлэг хийх объектод УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний гэр бүлийн гишүүд оршин суудаг, эзэмшиж, өмчилдөг мэдээлэл байхгүй. АТГ нь УИХ-ын гишүүний өмчлөл, эзэмшлийн гэр, орон байранд хууль бусаар халдаагүй. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. УИХ-ын гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэхийг хориглодог хуультай гэдгийг холбогдох байгууллагаас мөн сануулаад байгаа юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ