УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний төслүүдийг эрэмбэлж, ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулах саналыг Эрчим хүчний яамнаас Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, бусад донор байгууллагуудад тавьж, эх үүсвэрүүдийг шийдвэрлэх чиглэлд ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улс эрчим хүчний салбарт алдагдалд орж, хомсдол хэдийнэ нүүрлэсэн.
Тэгвэл ирэх өвлүүдэд дахин хүнд байдалд орох эрсдэлд байгаа Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг өргөтгөхөд хоёр тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ.
Дээрх эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлж, эрчим хүчний төслүүдээ хэрэгжүүлэх талаар салбарын сайдыг өгсөн мэдээллээс дурдвал,
Хоёр тэрбум ам.доллароос эхний ээлжид Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 900 орчим сая ам.доллароор санхүүжүүлж, Монголын тал 100 сая ам.доллар гаргаад нэг тэрбум ам.доллароор эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр сар гаруйн өмнө хоёр талын төлөөлөл уулзалт хийсэн байна. Иймд энэ жилдээ багтаад уг хэлцэл байгуулагдах уу болов уу гэсэн тооцоолол байгаа аж.
Түүнээс гадна 200 сая ам.долларын эх үүсвэрийг Чайна эксим банкнаас санхүүжүүлэх бололцоотой гэсэн хариу ирсэн. Одоогоор төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм байна.
Гуравдугаарт Дэлхийн банкнаас 2026-2027 онд Монгол Улсад олгох зээлийнхээ орон зайд 200 орчим сая ам.долларыг Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн дэд бүтцийг шийдэхэд санхүүжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тохиролцоонд хүрээд байна.
Дашрамд дурдахад, Засгийн газрын нийт өр 2025 оны эхний улиралд 34.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.8 их наяд төгрөг буюу 16.3 хувиар өссөн байна. Тухайлбал, Засгийн газрын гадаад өр 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өрийн баталгаа, дотоод өр тус тус 6.3 дахин өсчээ.

3,607.57






















































Холбоотой мэдээ