niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:00 UTC Эх: https://news.mn/r/2808419/ 54848a5241b5c7ce… ← niitlelch.mn руу буцах

60 тэрбумыг татуулсны бурууг ТНБ-ийн даргадаа хаяглав

Хуучирсан мэдээ: 2025.06.20-нд нийтлэгдсэн

60 тэрбумыг татуулсны бурууг ТНБ-ийн даргадаа хаяглав

60 тэрбумыг татуулсны бурууг ТНБ-ийн даргадаа хаяглав

Хавдар судлалын үндэсний төвийн тодосгогчтой томографи нь байсхийгээд эвдэрдгээс иргэд цаг хугацаандаа үзлэг хяналтдаа орж чадахгүй, тэр хэрээр цаг алдаж байгааг дээр дооргүй шуугиж, УИХ-аар 2025 оны төсөв хэлэлцэх үед 60 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж худалдан авахад зориулж тусгасан ч буцаан татуулжээ.

Хуулийн хугацаанд багтаан тендер зарлаж, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг зохион байгуулж чадаагүйгээс дээрх завхрал үүссэн аж.

Харин энэ ажлыг цаг хугацаанд нь зохион байгуулж чадаагүй буруутай этгээдүүд нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газрынхан гэж экс сайд Т.Мөнхсайхан нь мэдэгдэв. Энэ талаар тэрбээр “Эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах 60 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулж чадсан ч албан тушаалтнууд хариуцлага алдсанаас буцаан татагдсан. 60 тэрбумын 15 тэрбумыг нь Улаанбаатар хотын эмнэлэг, 45 тэрбум нь орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөсөн байсан.

Тухайлбал, Ховд, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт MRI, Амгалан амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд компьютер томографи аппарат хоёрыг суурилуулах ёстой байсан.  Хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах зорилгоор арван аймагт хөхний зураг авч, хавдар илрүүлэх аппарат, хэвлийн хөндийн мэс заслын тоног төхөөрөмж 10 –ыг авахаар төлөвлөсөн байсан.

Тендер зарлах ажлыг зохион байгуул гээд яамны холбогдох албан тушаалтнуудад даалгавар өгсөн байсан. Тендерийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг нь албан ёсоор ажлын хэсэг гарч баталгаажуулж явах, Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаад, Хөрөнгө оруулалтын хэлтэс онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой байсан.

Хамгийн гол нь тавдугаар сарын 31-нээс өмнө тендер шалгаруулалтаа хийж, компаниудтай гэрээгээ дуусгаагүй тул 60 тэрбум төгрөг буцаад улсын төсөв рүү татагдсан.  Худалдан авах ажлыг зохион байгуулах газар нь Төрийн нарийн бичгийн дарга, Хөрөнгө оруулалтын газар. Ашиг сонирхлын асуудал орсон болов уу. Техникийн тодорхойлолт чухал байдаг тоног төхөөрөмж худалдан авахад. Ашиг сонирхлын улмаас худалдан авах ажиллагаан дээр хугацаа алдсан” гэж тайлбарлаж буй юм.

Хугацаа алдсан гэдэг асуудлыг Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүү ч тодотгож буй.

Тэрбээр “2025 оны хоёрдугаар сард хамаг мэрэгжилтэн, тасгийнхантай шахуухан ажиллаж, зарим дэд захирлуудаа шахан байж Хавдар судлалын үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах жагсаалтыг гарган хүргүүлж, дараа нь сайдаасаа түрүүлж “ажил” хийлээ гэж асуудал болсон. Хугацаатай шүү дээ ажил гэдэг. Гэтэл энэ 60 тэрбум дотор нь манай төвд хуваарилагдсан 6.8 тэрбумын тал нь бас “хугацаанд нь зарлаж, ажлаа хийгээгүй” гэдэг шалтгаанаар буцаад татагдчихаж, харамсалтай. Гэтэл хувийн бизнесүүд яаж нар сартай уралдаж байна.

Нэлээн их юм авах гээд төлөвлөөд хүргүүлсэн юм даг. Нөгөө нэг дутаад байдаг рентгенээс авахуулаад хагалгаа, сувилахуйн багажууд, генетик шинжилгээний туслах материалууд, тархины гүний хавдрын багажууд гээд их юм оруулсанаас аль хагас нь ирсэнийг би даан ч мэдэхгүй юм.

Ам ажил зөрнө, санал хэлэхээр уурлана, ажлаа ингэж хийхгүй бол цаг нь туллаа гэхлээр “хүндэтгэсэнгүй”, “сайд”-ын эрх хэмжээнд халдлаа гэсэн. Уул нь явж л байвал, Эрдэнэхүү хийх үү, сайд хийх үү хамаагүй гэж би бодсон.

Даанч сайд маань нээх сүртэй тууз хайчлана, эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийг өөрөө гардуулж өгнө гэж зүтгээд “Туузаа ч хайчилсангүй”, гол нь манай салбар 1 жилийн тоног төхөөрөмж авах мөнгөө хураалгаж хохироод үлдлээ.  Одоо үр дүн нь ийм л байна. Бүх юм худлаа рекламаар хаагдахгүй. Дарагдахгүй. Одоо хүртэл иргэдийг чирэгдүүлсэн нөгөө “Битүүмж” гэдэг чинь байсаар. Алга болчихсон, байхгүй ш дээ гэсэн, бас л худлаа. Бодит байдал үнэндээ буцаад иргэдэд эм тариа, хэрэгсэл захиулдаг, эсвэл энэ тэр хувийн эмнэлэгт шинжилгээгээ хийлгээд ир гэдэг байсан үе рүү орчихсон. Дарга нар нь л чимээгүй байгаа болохоос.

Дээр нь нэрмээс гэгчээр ирэх аравпдугаар сард Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болно. Одоо тэгээд энэ “Бодлогын сайхан өөрчлөлт” үү?. Болох болохгүйгээ хэлэлцээд, боломжоо бүрэн ашиглаад явах ёстой юмсан.

Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан төлбөртэй т/ү-ний журмаа шинэчлээд, энэ санхүүгийг хямралтай үед улсын эмнэлэг бие даан зарим санхүүгийн эх үүсвэрээ олох таатай орчин бүрдүүлье гэсэн. Хийгдээгүй. Даанч харамсалтай. Энэ их мөнгө чинь эрүүл мэндийн салбарт, эмнэлгүүдэд багаж хэрэгсэлд нь, шинэ технологид нь ямар их тус болох байсан бол. Дахиад хэлье! Ажил гэдэг араас нь хөөцөлдөж байж бүтдэг юм. Ялангуяа Монголд. Зүгээр даргархаад суухаар, эсвэл гоё ганган reel хийхээр ажил явдаггүй юм аа!” гэж бухимдлаа илэрхийлсэн юм.

УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр дээрх татагдсан 60 тэрбумыг тал, талаасаа ярилцаж байгаад буцаан Эрүүл мэндийн сайдын төсөвт тавиуллаа гэхэд тендерийг дахиад хэзээ зарлах вэ гээд мөн л цаг хугацаа орох болж буй. Энэ бүхний эцэст хэчнээн хүн амь нас эрүүл мэндээрээ хохирохыг хэлэхэд бэрхтэй.

Ганцхан жишээ татахад, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томографийн аппарат эвдэрчихсэн байгаагаас шаардлагатай үйлчилгээг эх, хүүхдэд үзүүлж чадахгүй цаг алдсаар…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж