Өмнөх Засгийн газрын үед хамтралыг бүрдүүлж байсан гурван намын төлөөллөөс төрийн өмчит компаниудад хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг томилсон. Шинэ Засгийн газар байгуулагдсанаар төрийн өмчит компаниудад томилсон менежерүүдийг чөлөөлөх үү, үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдэг нь олон нийтийн хувьд анхаарал татсан асуудал болсон. Иймд энэ долоо хоногийн VS буландаа Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нарын энэхүү асуудлын хүрээнд илэрхийлсэн байр суурийг онцоллоо.
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Манай намын гишүүдээс төрийн өмчит компаниудад хяналтын менежерээр томилогдсон ч цөөхөн шүү дээ. Дотоод хяналтаа байлгахгүйгээр Засгийн газар жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр дээр яг ямар хулгай гараад байгааг мэдэхгүйгээр , “Эрдэнэс Тавантолгой” компанид ямар завхрал үүсээд байгааг мэдэхгүйгээр цаашаагаа улс орон явж болохгүй. Төсвөөс том болчихсон төрийн өмчит компанийн засаглал хэрхэн ил тод байх юм бэ, хэрхэн хулгай луйваргүй явах юм бэ, хэрхэн өмч хөрөнгөө шамшигдуулахгүйгээр явах юм бэ гэдгээс улс орны эдийн засаг, авлигын индекс гээд олон зүйл нөлөөлөх байхгүй юу.
Тийм учраас намчирхалгүйгээр дотоод хяналтаа сайжруулаад яв, намчирхалгүйгээр чаддаг хүнээр нь ажил хийлгэ гэдэг шаардлагыг бид Ерөнхий сайдад байнга тавих болно.
Дээр нь цомхон байх, оновчтой байх, ухаалаг байх, зоригтой байх, ухаалаг байх гэдэг шаардлагаа тавина.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ:
-Ардчилсан намаас төрийн өмчит компанид томилсон менежерүүд халагдах ёстой. Яамны бүтэц бүрэлдэхүүний хүрээнд нэг алдаа гарсан нь хамтарсан Засгийн газрын үед “бид нарын ажлын байрыг бий болго” гэдэг байдлаар шахсан юм болов уу. Ийм тохиролцоо хийсэн юм болов уу. Энэнийхээ хүрээнд баахан хяналтын менежерүүд тавьсан. Засагт орж ирсэн юм чинь хяналт тавих ёстой, хяналтын менежерүүд гаргаж ир гэсэн шаардлага тавьсан юм болов уу гэж би ойлгосон. Ингэж яваад байх юм бол төр алдана. Нэгэнт Загсийн газрын бүтцийг байгуулаад албан тушаалтныг томилж байгаа бол хариуцлага тооцоод бүтцээрээ явах асуудлыг хийх ёстой. Хариуцлагыг нь татаж авч ирээд илүү холиод байх юм бол эцсийн эцэст хариуцлага тооцох хүнгүй болчихдог. Тийм болохоор төрийн өмчит компанид томилсон менежерүүдийг халах нь зөв гэдэг бодолтой байгаа.
Г.ХОРОЛ
3,607.57















































