Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр /2025.06.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ДЦС-3 ТӨХК дээр 2025 оны зургадугаар сарын 2-нд есдүгээр турбинд гал гарч, осол болсон. Хуулийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа учраас ослын шалтгаан тодорхой болно. Халаалт эхлэхээс өмнө засварын ажлыг хийж дуусгах байх. Эвдэрсэн турбиныг засахгүй, шинээр сольж тавина. Ойрын хугацаанд ажлын хэсэг надад танилцуулна. Тог цахилгааны хувьд 2025-2026 оны оргил ачааллын хувьд 50 мВт-ын дутагдалд орно. Энийг бусад эх үүсвэрээс шийдэхээр төлөвлөж байна. ДЦС-3 ТӨХК-ийн хувьд есдүгээр турбин нь цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг горимтой ажиллаж байсан. Дулааны зуух нь гэмтээгүй учраас ирэх өвөл зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горимтой ажиллаж, асуудал гарахгүй байх гэж бодож байна. Сайдаар томилох асуудлыг би мэдэхгүй. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Би өөрийгөө сайн, муу ажилласан гэж дүгнэх нь ёс зүйгүй хэрэг. Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжиж чадаагүй. Үнээ 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч нэг дор энэ мөнгө орж ирэхгүй. Би хариуцлага хүлээх талаар дахин ярья.
Энэ оны гуравдугаар сарын 19-нд Засгийн газрын тогтоол гарч, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийн хувьцаа эзэмших эрхийг "Эрчист Монгол" компанид шилжүүлсэн. Энэ шийдвэрийг гаргуулахгүй байх талаар нэлээд хөөцөлдсөн боловч ийм шийдвэр гаргасан.
Харамсалтай нь, зургадугаар сарын 10-ныг хүртэл эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг "Эрчист Монгол" компани хэрэгжүүлсэн. Осол гарсны дараа буюу 2025 оны зургадугаар сарын 4-ний өдөр "Эрчист Монгол" компаниас ДЦС-3 ТӨХК дээр гарсан ослын талаар танилцуулж, Засгийн газрын хуралдаан дээр маргаан мэтгэлцээн болсны эцэст зургадугаар сарын 10-ны өдрөөс Эрчим хүчний сайд салбарынхаа төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг хэрэгжүүлэхээр болсон.
"Акуа Гарден" хорооллын цахилгаан, дулааны зөвшөөрлийг Эрчим хүчний яамнаас олгосон гэдэг асуудал яригддаг. Өнгөрсөн 2015, 2018, 2022 оны тавдугаар сард дулаан олгох тухай шийдвэр гарсан юм билээ. Би 2022 оны наймдугаар сарын 30-нд салбарын сайдаар томилогдсон. Намайг сайд болохоос гурван сарын өмнө сүүлчийн шийдвэр гарсан байсан. Би сайд болсноосоо хойш УБЦТС компаниудад энэ хороололтой холбоотой шүүмжлэл их гарч байна. Тийм учраас холбогдох албаныханд өмнө гаргасан шийдвэрээ хууль номд нийцүүлээрэй. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, зарим хэсгийг нь нураах шийдвэр гарсан байна. Тийм учраас нураах хэсгийг цахилгаан, дулаанаар халаах ажлыг хуульд нийцүүлж, баримтад тулгуурлах чиглэл өгсөн. Миний хувьд 2023, 2024 оны өвлийн бэлтгэлийг гардан хийж байсан. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл хоцрогдолтой яваа нь үнэн. Өдийд бэлтгэл ажлаа 37-42 хувьтай байсан бол одоо 20 гаруй хувьтай байна. Ойрын хугацаанд хоцрогдлыг арилгахаар ажиллана. Би аргална гэж хэлж байсан. Ирэх 2027 оны зургадугаар сарын 30-н гэхэд эрчим хүчний салбар өөрийн хэрэглээгээ давна гэж тооцоолж байна" гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ