niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:31 UTC Эх: https://news.mn/r/2807709/ 9185928eeb69e32c… ← niitlelch.mn руу буцах

126:1 Банкираас улстөрч

Хуучирсан мэдээ: 2025.06.17-нд нийтлэгдсэн

76:1

126:1 Банкираас улстөрч

126:1 Банкираас улстөрч

NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж парламентын гишүүн болсон О.Батнайрамдалыг танилцуулж байна.


Жилийн 250 мянган ам.долларын цалинтай ажлаа “хаяад” Монголд ирсэн  банкир бол О.Батнайрамдал. Америкийн алдарт “Bank of America Merrill Lynch”-д хөрөнгө оруулалтын банкны салбарт ажиллах боломж хэр баргийн аавын хүүд олдох завшаан биш боловч орхисон нь түүнээс давсан зорилго Монгол руу хөдөлгөсөн нь их улс төрд орж ирснээр батлагддаг. Учир нь, богино хугацаанд улс төрийн карьер ахиж, парламентын гишүүн болтлоо өгссөн цөөн улстөрчийн нэг бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал юм.

Гэхдээ тэр шууд их улс төр рүү зүтгэсэнгүй, эхлээд нүүрсний асар их мөнгө эргэлддэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дэд захирал болов. Дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын /Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ/ зөвлөх болсон. Төд удалгүй Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд болж, яаманд очив.

Боловсон хүчний асар их нөөцтэй МАН дотор богино хугацаанд төрийн албан тушаалуудыг солино гэдэг бол танил талтай хүнд л олдох “шаанс” юм. Учир нь дэлхийн шилдэг их сургуулиудад суралцан төгссөн олон арван залууст төрд алба хаших боломж хумигдмал явж ирсэн. Харин О.Батнайрамдал гишүүний хувьд асуудал байсангүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй Харвардад хамт суралцаж байсан нь төрд хариуцлагатай алба хаших боломжийг олгоод зогсохгүй их улс төрд орж ирэх үүд хаалгыг нь нээсэн гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.  Хэдийгээр энэ тухайгаа олон нийтэд дэлгээд байдаггүй ч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших квот олгосноор харж болно. Хэрвээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнд энэ боломжийг олгоогүй бол парламентын гишүүн болох боломжгүй. Гэхдээ тэр олон нийтэд төдий л танигдаагүй, Харвардын гэх тодотголоос өөр имижгүй байсан ч  16 хоногийн сурталчилгаагаар тойргоос гарч ирсэн "аз"-тай улстөрч. УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог нь нийт зургаан мандаттай байсан бөгөөд нэгийнх нь эзэн болсон. Боломж хүртсэнээ ч О.Батнайрамдал гишүүн сайн мэддэг. Өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан болгон сэвсэн асуудлуудын дийлэнх нь Засгийн газраас барьж ирсэн бодлого шийдвэрүүдтэй холбогдож ирсэн.

Тухайлбал, 2024 онд Боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндөж байв.

Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас олгодог гадаад зээлийг албан тушаалтнуудын хүүхдүүд хүртдэг. Нэг хүүхдэд оногдож байгаа тэтгэлгийн хэмжээ нь оргил үедээ 250 мянган ам.доллар.

Ойролцоогоор 800 сая төгрөг. Тэр нь дандаа албан тушаалтны хүүхдүүдэд олддог боломж. Гэтэл ардын буюу ядарсан айлын хүүхдүүдэд юу олддог вэ гэвэл дотоодын их сургуульд суралцах нэг жилийн төлбөр буюу 4-5 сая төгрөг, үсрээд л найман сая төгрөгийн зээл олгогддог. Монгол Улсын хэмжээнд албан тушаалтнуудын хүүхдүүдийн Боловсролын зээлийн сангаас авсан гадаад зээл 360 орчим тэрбум төгрөг байна. Ийм хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс авч явсан байдаг. Тэгээд эргэн төлөлт байхгүй. Ямар ч хариуцлага хүлээгээгүй” гэж мэдэгдэж, энэ сангийн зээлээр хүүхэд багачуудаа сургасан  намынхаа том дарга нарыг сандаргаж явсан нь бий. Нөгөө талдаа тус сангийн асуудлыг сөхсөнөөр нийгэмд өөрийгөө таниулах PR ч болгож чадсан.

Одоо харин тэрбээр “Онтрэ” ХХК-тай холбогдох асуудлыг хөндөх болсон. Энэ талаар “Оюутолгойн орд бол Монгол Улсын стратегийн хамгийн том ордуудын нэг. Тус орд  бүхлээрээ “Рио Тинто”-д хамаардаг юм шиг одоо хүртэл ойлгож ирсэн. Энэ бүлэг орд дээр таван лиценз олгосны хоёр нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд буй. 2009 онд гэрээ байгуулсан “Рио Тинто”-гийн эзэмшлийн талбайн хоёр талд “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн талбай байдаг. 2003 оноос хойш 22 жилийн турш энэ ордыг эзэмшиж байгаа. “Рио Тито”-гийн эзэмшлийн талбай дор байх маш том хүдрийн орд үргэлжилсээр байгаад “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн талбай руу орж ирдэг. “Рио Тинто”-гийн эзэмшлийн талбайн нөгөө талд Херуга хэмээх талбайд мөн “Онтрэ”-гийн эзэмшлийн лиценз бүхий талбай байдаг.

Энгийнээр тайлбарлаж хэлэхэд, гурван хамар хашааны голынх нь айл буюу “Оюутолголгой”-н эзэмшигч Монгол Улстай тохироогоо хийгээд олборлолтоо хийгээд явж байна. Гэтэл хоёр захын хамар хашааны айл баялгийн эзэнтэй ярилгүйгээр газар доогуур ухаад, алт, зэсийг нь аваад байна гэсэн үг. Үүнийг бид Монгол Улсын эрх ашигт нийцүүлж залруулах ёстой.

Энэ хоёр компанийн хоорондын гэрээ нь хүртэл 22 жилийн турш албажаагүй явж ирсэн. Оюутолгойн бүлэг ордын нийт талбай доорх хүдрийн 30 хувь, алтны 42 хувь, зэсийн 29 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд байгаа юм. Монгол Улс энэ их баялгаас ямар ашиг хүртэх вэ, АМНАТ-өө хэрхэн тооцож авах вэ гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй байж ирсэн. Үүнийг цэгцлэх ёстой” гэж мэдэгдэх болсон.

УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх үед тэрбээр "Засгийн газар унаж, улс төрийн тогтворгүй байдал бий болсноор хэнд ашигтай вэ гээд харвал илүү ойлгомжтой харагдана. Энэ бол том зургаараа байгалийн баялгийн хуваарлалтын төлөөх тэмцэл гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газраас Ардчилсан намыг гаргах МАН-ын Бага хурлын шийдвэр гарсны дараа “Үндэсний баялгийн сангийн тухай олон жил ярьсан ч хэрэгжүүлэх шатанд хүрмэгц улс төрийн тогтворгүй байдал үүсч, Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөж ирдэг нь томоохон төслүүдийг гацаах шалтгаан болж байна.

Монгол Улсын эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёстой. Үндэсний эрх ашгийн төлөө улс төрийн намууд хамтран ажиллах нь зүй ёсны хэрэг. Сүүлийн 20–30 жил гацсан хоёр ч том төслийг хамтарсан Засгийн газар хөдөлгөж чадсан.

Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хэдэн тэрбумын асуудлыг хөндсөн төмөр замын төсөл гэхэд 18 жил гацсан. Төслийн нээлт хийгдэж байхад Засгийн газар огцрох болчдог. Энэ бол төрийн тогтворгүй байдал ямар үнэтэйг харуулж байна” гэж байр сууриа илэрхийлж байв.

Нэг ёсны Л.Оюун-Эрдэнийн танхимыг гадна талаас нь буюу парламент талаас хамгаалж ирсэн хууль тогтоогчийн нэг гэж тодорхойлж болно.

Мөн дэлхийн шилдэг их сургууль болох Харвардыг төгссөн ч коммунист сэтгэлгээтэй, хувийн хэвшлүүдтэйгээ дайн зарладаг гэх хүчтэй шүүмжлэлд өртөж ирсэн байдаг.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үедээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 44 сая төгрөг, 666 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 23 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 300 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль
  • 2001 онд Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль
  • 2004 онд Дэлхийн нэгдсэн коллеж, олон улсын бакалаврет (Норвеги Улс)
  • 2008 онд Макалестер коллеж, эдийн засагч, бакалавр (АНУ)
  • 2015 онд Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага, магистр (АНУ)

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2009-2010 онд "Чоно корпораци" хөрөнгө оруулалтын менежер
  • 2010-2011 онд Прайс Вотерхаус Күүперс Монголиа, Консалтант (PwC Mongolia)
  • 2011-2013 онд "Рескап" ХХК, дэд ерөнхийлөгч
  • 2015-2017 онд Банк оф Америка, Уул уурхай хөрөнгө оруулалтын банкир (Нью Йорк, Сидней хотуудад)
  • 2018 онд "Эрдэнэс таван толгой" ХК, IPO, Хувьцаа хариуцсан дэд захирал
  • 2019-2020 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, даргын зөвлөх
  • 2020-2023 онд Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд
  • 2023-2024 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2022 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж