МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гэрийн хэрэг Төрийн ордноос давж, Монгол Улсын зовлон болж хувирав. Зургаан жилийн өмнө “ямар ч улстөрч албан тушаал авч чаддаг, өгч чаддаг байх” тухай УИХ-ын дарга асан М.Энхболдод сургамжилж явсан тэрбээр эрх мэдлийн төлөө эх орноо “цаазын тавцан”-д тавих хэмжээнд улайрсан байна. Түүний өс хонзонгийн улс төрд Монголын парламент татагдан орсноороо УИХ-ын дээр ганц МАН ч биш гагцхүү Л.Оюун-Эрдэнэ гэж дарангуйлагч сууж байсныг тод томруунаар харуулав.
Түүний халаасны “Харвард”-ын фракцаас Үндсэн хуулиар Ерөнхий сайд Г.Занданшатарт олгосон танхимын сайд нараа бүрдүүлэх, чөлөөлөх бүрэн эрхэнд нь халдсан бослого гаргаж, түүнийг нь парламентын дарга Д.Амарбаясгалан илэрхий дэмжиж буй нь шинэ засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх УИХ-ын чуулганыг яаравчлан завсарлуулснаас харж болно.
Аливаа хэрүүл талцлаа цагаан байрны хаалгаараа ч цухуйлгадаггүй байсан МАН-ын бүлгийн 30 орчим гишүүн шинэ засагт хуучин сайд нарыг томилохын эсрэг зогсож буй нь Л.Оюун-Эрдэнийн ч, Д.Амарбаясгалангийн ч хувь эрх ашиг, шунал хүсэлтэй нь холбоотой. Улс төрийн унах нүхээ улам ухсаар байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд бүх амьдралаараа бооцоо тавьсан. Үндсэндээ үхэхдээ үхэр буугаа тавьж байна гэсэн үг.
Монголын улс төрд 1990 оноос хойш олон засгийн нүүрийг үзсэн. Ардчилал ялснаас хойш нийтдээ 17 Ерөнхий сайдыг огцруулсан ч, uэвчиг огцорсондоо хорсож, иргэдээ талцуулан, эх орноо гадаадад жигшүүртэйгээр муулчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өөр байгаагүй. Мэдээж, Л.Оюун-Эрдэнийн энэ үйлдэл Монголын улс төрийн хар түүх болж үлдэх биз.
Үндсэндээ улс төрийн аливаа нам засгийн эрхийг олон жил, үнэмлэхүй эрхтэй барихын хэрээр дотроос нь дайсан төрдөг. Тиймээс МАН-ын дайсан нь өнөөдөр МАН болсон. 2017 онд МАН-ын бүлэг 32:33-аараа хоёр хуваагдаж байсан бол Г.Занданшатарын эсрэг боссон “Харвард”-ын Э.Болормаагийн бланк дээр шинэ засагт шинэ сайдууд томилохыг дэмжсэн гарын үсэг 30 хүрсэн.
Өнгөцсөн харахад шинэ гишүүдийн тавьж буй шаардлага зөв. Тамга атгаж төрсөн мэт, олон засагт ажиллаж үзсэн, вакумаасаа гарч чадахаа больсон сайд нарыг өөрчилснөөр Монголын төрийн бодлогод жинхэнэ шинэ сэргэлт гарч магадгүй. Нөгөө талдаа Л.Оюун-Эрдэнэ огцорлоо гээд шинэ засагт Л.Оюун-Эрдэнүүд ороод ирвэл засаглалын хямрал нүүрлэнэ. Г.Занданшатар улс төрд шинэ хүн биш, Л.Оюун-Эрдэнийн зурсан зургийг аль хэдийнэ гадарлахтайгаа.
Ерөнхий сайдын суудлаа өгөөд намын даргаас де-факто огцорсон Л.Оюун-Эрдэнийн хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг улс төрийн буфер болгон ашиглахаар тооцож суугаа нь тодорхой. Д.Амарбаясгалангийн хувьд Ерөнхий сайд болох боломжоо Д.Оюун-Эрдэнэд хоёр ч удаа найрсагаар тавьж өгсөн. Авчиг өнөөх нь “андгай буй за”-гаа аль эрт зөрчөөд танхимын сайд Б.Энхбаяртаа үүрэг өгөн нүүрсний хамгийн том хулгайчийн нэгээр Д.Амарбаясгаланг зарласан. Түүнийгээ Л.Оюун-Эрдэнэ “төрийн төв” хэвлэл болтлоо ажиллуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион байгуулалтай, зориудаар сэвүүлсэн нь бодит факт.
Одоогоор дайсагналцлаа ил цагаан гаргаагүй ч, ханцуйдаа хутгатай яваа МАН-ын наяад оныхон далаад оны Г.Занданшатараар удирдуулах Засгийн газрыг бойкотлоход хамтран зүтгэх болсон гол шалтгаан нь өс хорсол.
Л.Оюун-Эрдэнэ хуурай ахаа гэнэдүүлэн тонгорох гээд чадаагүй бүх уураа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал руу чиглүүлчихсэн нь илэрхий ойлгомжтой болсон. “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхрын херопагандагийн бай нь үндсэндээ Н.Учрал болоод удаж байгаа. Огцорсон, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хувьд хуучин сайд нарыг шинэ засагт орохыг үхэн хатан эсэргүүцэж буй үндэслэл нь Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга болчих вий гэсэн айдас. Н.Учрал засгийн гал тогоог базах нь Л.Оюун-Эрдэнэ ч, Женко.Баттулгад ч аюултай. Тиймээс Женко.Баттулга МАН дахь Бэт-дээ үүрэг өгөөд сууж байгаа байх.
Тэгвэл ах дүү хоёрын зодоонд төвийг сахисан шигээ сууж байсан Д.Амарбаясгалан шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-аар хэлэлцэхийг 72 цаг саатуулсан нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярт зангидсан өс хонзонтой нь холбоотой. Б.Энхбаяр биш бол өөр хэн ч яах вэ гэсэн өширхлөөсөө болж Гүйцэтгэх засаглалаа Хуул тогтоох засаглал нь бойкотлож байгаа нь шившиг л юм даа.
Л.Оюун-Эрдэнэ өмнөх засгийн үед Б.Энхбаярын амаар анд нөхөр Д.Амарбаясгалангаа нүүрсний хулгайч гэж нийтэд зарлуулж, огцрохоосоо сарын өмнө Ц.Тувааны гараар “Админерал”-ын гэрээг цуцалсан. Энэ бүгдийг МАН-ын моцарт гэж магтуулж явсан Д.Амарбаясгалан олж харахгүй байна гэж байхгүй.
Бэрхийн галчаас Гүйцэтгэх засаглалын тэргүүн болгож өгсөн хуурай ахаасаа инээж байгаа урвасан анд нь Д.Амарбаясгаланг амархан дуусгана. Уурласан дайснаас инээсэн нөхөр илүү аюултай гэж энэ шүү дээ. Өнөөдөртөө тэд, хэн хэнийхээ өс хорсол дээр эрх ашиг нэгдэж буй болохоос МАН-ын наяад оныхны найзын харилцаа дуусдгаа дууссан.
Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намтартаа Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хүрэлсүх гээд улс төрд хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж өгсөн ах нарынхаа араас айж, эмээхгүйгээр “хутга дүрж” ирснээрээ тахиа донгодохоос өмнө гурвантаа урвасан Петр бол үлдэж байна.
Харин сонгодог тогтолцоо руу явуулах нэрээр ҮХНӨ-өөр 126 гишүүнтэй болсон Монголын парламент үндсэндээ сахил хүртээд шал дордсоныг улсаараа хараад сууж байна. Улс орныхоо эрх ашигт биш улстөрчдөд үйлчилдэг УИХ-аар яалтайв!
3,607.57

















































Холбоотой мэдээ