Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувь байхаар буюу цалингийн зээлтэй адилтган үзсэнд УИХ-ын гишүүд сэтгэл гонсгор байна. Энэ талаар дахин Монголбанкинд хандаж асуудлыг тавина гэдгээ мэдэгдэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат “Мөнгөний бодлогын зөвлөл тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан өр, орлогын харьцааг 50:50-аар шийдсэн нь санасан хэмжээнд хүрсэнгүй. Ахмадууд тэтгэврийнхээ 70 хувьд хүртэл зээл өгөөч ээ гэдэг хүсэлт тавьж ирсэн, мөн тэтгэврийн зээлийн хугацааг уртасгах саналыг тавьсан шийдсэнгүй. Сулруулсан гэж байгаа ч хүлээлтэд хүрсэнгүй. Тийм учраас ахмадуудынхаа хүсэлтийг албан ёсоор асуулга хэлбэрээр тавина.
Ахмадууд тэтгэврийн зээлээ хэрэглээд явчихдаг гэж ойлгож болохгүй. Тэтгэврийн зээл нь бизнесийг дэмждэг, өрхийн аж ахуй эрхлэлтийг дэмждэг. Ахмад настнуудад аж ахуй эрхлэх болон орон сууцны зээл өгдөггүй. Ганц боломж нь тэтгэврийн зээл. Тийм учраас тэтгэврийн зээлд тавих шалгуурыг дахин зөөлрүүлэх шаардлага тавина” гэдгээ мэдэгдээд байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ч Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан тэтгэвэр барьцаалах зээлд тавьсан шалгуур нь хүлээлтэд хүрсэнгүй. Дахин асуудлыг тавина” гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 330 мянга гаруй ахмад бий. Тэдний 60 гаруй хувь нь бага тэтгэвэр авдаг. Тэтгэврийн зээлд тавих шалгуурыг хатууруулахаар бага тэтгэвэр авдаг ахмад настнууд их хэмжээний зээл авах бололцоогүй байгаа тул зөөлрүүлэх шаардлага тавьсан. Гэвч хэт зөөлрүүлэх нь ахмадуудын хувьд тэтгэврээ бүхэлд нь зээлд суутгуулахаар амьжиргаагаа залгуулах эх үүсвэргүй болох эрсдэлтэй тул 50:50 харьцааг тавьсан ч бас л асуудал дагуулж эхлээд байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ