Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилох асуудал улс төр, нийгмийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбоотойгоор дараагийн Засгийн газар бүтэц бүрэлдэхүүн ямар байх ёстой талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
-Одоогийн Засгийн газар хэт данхар бүтэцтэй байгааг иргэд шүүмжилдэг. Тиймээс дараагийн Засгийн газар ямар бүтэцтэй байх вэ гэдэг нь хууль тогтоогч нар болон парламентад суудалтай намуудын анхаарлын төвд байна. Таны хувьд шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байх ёстой гэж бодож байна вэ?
–Яамдууд ядаж чиг үүргийн давхардалгүй, ажлын уялдаатай, бүтээмж өндөртэй байгаасай гэж бодож байна. Ерөнхий сайд энэ чиглэлд тааруулж бүтцээ анхаараасай гэж зөвлөе. Чиг үүргийн давхардал нь өөрөө төр данхайх нэг шалтгаан болж байгаа. Үүний шалтгаан нь Засгийн газрын бүтцээс шалтгаална. Тухайлбал, газрын асуудал гэхэд таван яам дээр явж байгаа. Өөрөөр хэлбэл, яг газрын асуудлаа шийдэх ёстой яам нь хавсарга байдлаар асуудалд ханддаг. Хоёрдугаарт, яамдуудтай зэрэгцээд дэд хороо, зөвлөл зэрэг янз бүрийн нэршилтэй байгууллагууд ажиллаж байгаа. Энэ байж болохгүй. Үүний тод жишээ нь сая эрчим хүчний салбар дээр харагдаж байна. Асуудал үүсэхээр бие бие рүүгээ чихдэг. Сүүлдээ хэн хариуцлага хүлээх нь ойлгомжгүй боллоо. Энэ анхны тохиолдол биш. Жишээлбэл, компанийн хувьцаагаа нааш цааш шилжүүлж байгаад Эрдэнэтийг бид нар алдаж байсан. Томилгоо болохоор бүгд алалцдаг. Тэгээд яг хариуцлага хүлээхээр явдаггүй. Тэгэхээр анхнаасаа энэ асуудлыг зөв зохистой байранд нь оруулаасай. Ялангуяа тарифын зохицуулалттай алдагдалтай ажилладаг компаниудын асуудлыг яамтай нь бодлогын хувьд уялдуулж засаглалын хувьд сайжруулах асуудлыг ярихгүй бол болдоггүй. Тэгэхээр энэ мэт асуудлаа бодож, зарчмуудыг анхаарч Засгийн газраа байгуулаасай гэж бодож байна.
-АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд хяналтын менежерээр оролдвол дараагийн Засгийн газрын арьсыг өвчинө гэлээ. Нэгэнт бий болчихсон бүтцийг задлахад хэцүү байдал руу орчихлоо доо гэж харж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол хууль зөрчсөн томилгоо байсан.Төрийн хэмнэлтийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Төрийн хэмнэлтийн хуулиар гүйцэтгэх захирал болон орлогч нарыг өөр нэршлээр оруулж ирэх боломжгүй.
Бүтээмжтэй ажиллаарай гээд ТӨХК-иуд дээр захирал томилдог хяналт тавиарай гээд ТУЗ-ийн гишүүд томилж байгаа. Одоогийн томилоод байгаа хяналт, бүтээмжийн менежер чинь өмнө байсан, байгаа нэршил шүү дээ.
Компанийн засаглалыг алдагдуулаад ингэж данхар болгох шаардлагагүй. Энэ чинь өөрөө төрийн хяналтын хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж ойлгоод байгаа. Хууль тогтоомжийн хүрээнд нь шийдэх байлгүй дээ.
–Засгийн газрын бүтцийг бялуу хуваах байдлаар хуваарилж байгаа нь өөрөө хэр зөв зохистой шийдвэр юм бэ?
-Энэ бол ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрх. Зарим талаараа улс төрийн бялуу хуваалт шиг харагддаг зүйлүүд бол байдаг. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх урдаа тавьсан томоохон зорилтуудыг ямар бүтэц бүрэлдэхүүнээр хэрэгжүүлж чадна гэж өөрөө төсөөлж байгаа түүндээ тааруулж засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ оруулж ирдэг. Тийм учраас нэгдмэл, байх ёстой суурь асуудлуудыг аль болохоор яамдуудад салгаж өгөхгүй байх нь зүйтэй л гэж үзэж байгаа юм. Жишээ нь миний дээр хэлсэн газрын асуудал. Өнөөдөр газрын асуудал гэхэд барилга хот байгуулалтын яам, Байгаль орчны яам, шадар сайд дээр хүртэл энэ асуудал яригдаж байна. Тухайлбал, чөлөөт бүсийн захирагч хүртэл газар олгож байна. Энэ ердөө нэг жишээ. Энэ мэт нэгдсэн ойлголтгүй байгаа учраас хот төлөвлөлт алдагдаад байгаа юм. Ингэж давхардал үүсдэг олон асуудал байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй.
-Зарим сайд дахин улирч сонгогдох ийм марафонд орчихлоо гэдэг мэдээллүүд байна л даа. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Шинэ Ерөнхий сайд өөртөө хань болж, гал үүрч чадах хүмүүсээр кабинетаа бүрдүүлэх хэрэгтэй болохоос даргын одонд төрчихсөн хүмүүсийг засагтаа оруулах нь буруу. Мэдээж засагт ачаа үүрч байсан, ажлын туршлага зэргийг харгалзахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр дараагийн сайд нараа томилохдоо шинээр сонгогдсон болон удаа дараа сонгогдсон, өмнөх Засгийн газарт ажилласан эсэх гэхээсээ илүүтэйгээр энэ Засгийн газарт Ерөнхий сайдад хань болж ажиллах хүнийг сонгох хэрэгтэй. Ажлыг нугалах, эвсүүлдгүй гаргадгүй байх гал барьж асуудлаа шийдэхийн төлөө зорьж ажиллах хүмүүсийг шударгаар ил тод мэрит зарчмаар томилоосой гэж бодож байна. Мөн залуучууд бас ачаа үүрээсэй гэж хүсч байна.
С.УЧРАЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ