МАН-ын намын Бага хурлаас Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн. УИХ-аар түүний томилгоог өнөөдөр /2025.06.12/ хэлэлцэнэ. Шинэ Ерөнхий сайдаас илүү шинэ засагт хэн, хэн сайдаар томилогдохоос дараагийн улс төрийн дүр зураг харагдана. Замын зурагаа зөв тодорхойлохоос Засгийн хувь тавилан шийдэглэнэ.
1.
Нэкстийн төлөө МАН-ын Бага хуралд хоёр хүн нэрээ дэвшүүлсэн. Удирдах зөвлөлөөс нь ЕТГ-ын дарга асан Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өрсөлдсөн. Тэд намын Бага хурлын гишүүддээ бодлогоо танилцуулахдаа хэн, хэн нь дангаараа Засгийн газар байгуулна гэдгээ зарласан. Тиймээс эвслийн засаг байгуулна гэдэг нь хэн нэгний зорилготой шидэж буй мессеж биз. Гэвчиг Хамтарсан Засгийн газар байгууллаа гээд улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд дээшилсэн нь үгүй. Харин ч авлига, хулгай хяналтгүй болж, төрийн бүтэц данхайсан. Төрийн бүтэц томрохын хэрээр татвар төлөгчдийн нуруун дээр дарамт ачаалал ирсэн.
Тиймээс олон нийт парламентад олонх болсон МАН-аас ямба, ялаа дангаараа эдлэх, үүрэхийг л шаардах болсон. Хэрэвзээ энэ шаардлагыг үл тоовол Г.Занданшатар нийгмийн голлох хэсгийн дэмжлэг авч чадахгүй.
Парламентад олон суудал авсан хоёр том намыг халаасандаа хийсэн, хамгийн том бүлэг парламентад байгуулсан ч нийгмийн голлох хэсгийн дэмжлэггүй Ерөнхий сайд огцорч болдгийн гашуун сургамжийг Л.Оюун-Эрдэнээс олж харсан байх л гэж найдъя.
Шинэ Ерөнхий сайд дан дээлтэй. Тиймээс түүний гол түшиц газар нь 68 кноптой МАН-ын бүлэг байх нь тодорхой. Олонхын бүлгийн олонх дангаараа засаглахыг дэмжиж байгаа. Бүлгийн эв нэгдлийг хангах нь Г.Занданшатарын эхний бодлого бас тактик байх нь тодорхой.
Үндсэндээ, Засгийн газраа тогтвортой байлгая гэвэл өмнөх данхайсан бүтцээ цөөлж, дан хийгээд цомхон хүчээр ажиллахаас өөр сонголт эдийн засаг талаасаа ч, улс төрийн хувьд ч Г.Занданшатарт байхгүй.
2.
Горилогчид МАН-ын бүлэгт ч цөөнгүй байгаа. Буруу дуулаагүй бол үгүй гэхгүй хүмүүс АН-д Ц.Туваанаас эхлээд Женко бүлэглэлд бий. Гэхдээ АН-ын дарга Л.Гантөмөр дараагийн засагт хамтрахгүй гэдэг байр сууриндаа хатуу зогсох болсон.
Харин ХҮН намын дарга Т.Доржханд МАН-ын хатавчинд толгой хоргодох ихээхэн ашиг сонирхолтой суугаа. Хэрэвзээ МАН шинэ засгаас Т.Доржхандыг хөөвөл тийрэн болоон түйрэн тавихаа ч ил цагаан зарласан. Тэрбээр өнгөрсөн арван сарын хугацаанд Л.Оюун-Эрдэнийн эрчим хүчний мега төслүүдийг хариуцан ажилласан гол хүн. Харамсалтай нь, Монгол Улс энэ өвлийг хэрхэн давах нь хэцүүхэн асуултын тэмдэг болсон. Үндсэндээ, Т.Доржханд эрчим хүчний реформ хийх нэрээр эрчим хүчний хараат байдал руу Монголыг түлхсэндээ хариуцлага хүлээх субъект мөн. Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр сөрөг хүчний бүлэг байгуулах хүсэлтээ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй албан бусаар ярилцсан гэх мэдээлэл цацагдсан. Өмнө нь Үндэсний эвсэл хэн Ерөнхий сайд болохоос хамаарч засагт хамтрах эсэхээ шийднэ гэх тодорхойгүй байр суурийг өгч байсан юм. Харин Л.Оюун-Эрдэнийн засгийг улаан цээжээрээ хамгаалсан ИЗНН угаасаа улс төрийн биеэ үнэлэгч гэдгээрээ алдартай.
Дүрмийн дагуу Г.Занданшатар эхлээд бүтцээ, бүрэлдэхүүнээ зурна. Өмнө нь засагт бүлэг, фракцийн ашиг сонирхлыг хэрхэн ханган, хэн, хэнийг багтаахаас хамаарч Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүнээ зурдаг байсан.
Энэ мэт “уламжлалт” улс төрөөсөө холдохгүй ч, хамтарсан гэх нэртэй хяналтгүй, данхайсан том төрийг жижиглэхээс, эхний ээлжинл танхимдаа бүтцийн цомхотгол хийхээс Г.Занданшатарын эдийн засгийн реформ эхлэх ёстой. Ингэж байж нийгмийн оролцоотой хэсгийн дэмжлэгийг хүлэнэ.
Л.Оюун-Эрдэнийн засаг 16 яам болон яамгүй долоон сайдтай данхар бүтцээр ажилласан. Хуучин Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөр нь нэр, агуулгын хувьд улс төрийн намуудын бодлого гэхээсээ илүү херо энтертаймент л байсан. Экспортын орлого муудсан, гадаад талдаа дайны нөхцөл байдал хүндэрсэн энэ үед “амаргүй” бүтцийг авч явах төсөв мөнгөний потенциаль байхгүй. Төсвийн тодотгол хийх зайлшгүй нөхцөл үүссэнийг МАН-ын бүлгийн гишүүд ч шүүмжлэх болсон билээ. Иймээс Л.Оюун-Эрдэнийн данхар засаглалыг тэжээх нь Г.Занданшатарын засгийн сул тал болж мэднэ.
3.
Хэвлэл, олон нийтийн сүлжээнд Засгийн газрын сайд нарын нэрс “зурагдаж” эхэлсэн. Мэдээж, Л.Оюун-Эрдэнэ унахтай зэрэгцээд төрийн саарал, МАН-ын цагаан байранд дараагийн засгийн сайд нарын нэрс зурагдаж эхэлсэн ч байх. Гэвч тэр болгон “тамхины цэг”-ийн хов байж болно. Дур эзнээ голохгүй гэдэг. Намаар дамжиж улс төрийн эрх мэдэлд хүрдэг нь үнэн хойно, Засгийн газрын сайд нарыг МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. Удирдах зөвлөл гэхээсээ У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гурав сууж байгаад зурагаа ч , зурлагаа ч зурах юм. Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын даргаас де-факто огцорсон. Тэгэхээр түүний нөлөө харьцангүй сул байх нь ойлгомжтой.
Хуучин засгаас Б.Жавхлан, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Н.Учрал, С.Бямбацогт нар үлдэнэ гэсэн таамаг явж байгаа.
Ерөнхий сайдад нэлээд амбицалсан Ж.Энхбаяр хүнс, хөдөө аж ахуйн бодлогоо үргэлжлүүлэх нь үнэний ортой биз. У.Хүрэлсүхийн засагт сайдаар ажиллаж байсан "сахал" Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн сайд болно гэж гол усаар нэг яригдах болсон, үнэн ч биз. Сая У.Хүрэлсүхийн улс төрд галын дэмжлэг нэлээд үзүүлсэн.
Горилогчдын жагсаалтад бичигдэж буй Б.Жавхлан гурван засаг нүүртэй улстөрч. Монгол Улсын төсвийг гурав дахь удаагаа манаж яваа. Бас манаргаж байгаа хүн. Тэгвэл Б.Батцэцэг зургаан жил Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг тодорхойлж яваа.
Түүнчлэн С.Бямбацогт гэж арван засагт нүүртэй улстөрч байна. Яамнаас яам дамжаад, дааль стандарт эдлээд явах. Ямар “баастай бурхан” болохоороо Засгийн газар болгонд сайдын албан тушаалд алтангадас шиг зоолттой явдаг юм бол. Гэдэг нь мэдээж Ардын намынханд тавих асуултын тэмдэг.
Тэр мэт хуучны сайд нарыг хэчнээн шавхаад шавхаад шинэ бодлого хэрэгжихгүй. Тэр бол бодит үнэн.
Шинэ засагт шинээр сайд болохоор яригдаж буй хүмүүсийн тэргүү магнайд Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Э.Бат-Шугар нар бичигдэж байна. Бөхөөр бол аль хэдийнэ зодог шуудгаа өмсчихсөн хүмүүс ч мэр сэр. Гэвчиг УИХ-ын гишүүн Ч.Номин, МАН-ын бэт Э.Одбаяр нарын дэргэд үнэт зүйл, үзэл бодолтой хүмүүс.
Хамгийн гол нь хэвлэл, олон нийтийн сүлжээнд санаатай, санаагүй мэдээ шидүүлж байж “өөрийнхөө дуунд өөрөө уярах” хүмүүс төрийн ордоор дүүрэн. Гээд хэвлэлээр нэр нь цоллогдсон болгон сайд болно гэсэн үг биш, болохгүй ч гэсэн үг бас биш. Элдэв янзын херопаганда иргэдийн толгойг сайхан савандаж байгаа ил тод анзаарагдаж байна!
3,607.57

















































Холбоотой мэдээ