Ардын жүжигчин Б.Тунгалаг: Яагаад нийгэм харгис болоод байгаа юм. Бид ард түмнийхээ оюун сэтгэлгээтэй ажиллаж чадахгүй байна
Өнөөдөр анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ой тохиож салбар бүрийн шилдгүүдэд төрийн дээд одон медаль гардуулна. Эл өдөр "Тусгай салаа" киноны Хурцын дүрийн ээж, "Ээжийн дайсан" киноны хадам ээжийн дүрээр нь үзэгчид андахгүй таних, урлагийн салбарт 50 гаруй жил ажиллаж буй МУГТ Н.Тунгалаг "Ардын жүжигчин" цолоор энгэрээ мялаахаар болсон.
1971 онд тухайн үеийн Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөж, Улсын Драмын Эрдмийн театр, Армийн театрт ажилласан тэрбээр 2005 оноос өдийг хүртэл Монголын урлагийн ажилчдын холбоонд хүчин зүтгэж буй. Анх “Ичээнд нь” уран сайхны киноны Заяахатны дүрээр үзэгчдэд танигдсан тэрбээр тайз, дэлгэцийн 50 гаруй уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Түүнтэй урлагийн салбарт өнгөрөөсөн 50 гаруй жил, уран бүтээлч хүний амьдралын жаргал зовлон хийгээд Монголын урлагийн тухай хөөрөлдсөнөө хүргэж байна.
Видео үзэх бол:
Б.Тунгалаг: Жаахан залуу авсан бол соёл урлагийнхаа салбарт их л юм хийх байлаа
-Юуны өмнө "Ардын жүжигчин" хэмээх эрхэм цол хүртэх болсонд тань баяр хүргэе. Шагналын мэдээ шинэхэн байгаа байх. Ардын жүжигчин болохоо мэдээд ямар мэдрэмж төрөв?
-Ардын жүжигчин гэдэг бол айхтар мундаг, өндөр цол шүү дээ. "Ээ бурхан минь” гэж бодсон доо. “Төр минь, төрийн минь сүлд минь ээ” гэж залбирсан. Яагаад гэвэл энэ чинь бид нарын ажлыг төрөөс үнэлж байгаа хэрэг.
-Та сая “Яаж ачийг нь хариулна даа” гэж хэллээ. Яагаад ингэж бодох болов. Таны урлагт зориулсан 50 гаруй жилийг үнэлж шагнаж байгаа гэж би бодож байна?
-Яах вэ, би дотроо ингэж бодсон. Эгч нь нас дээр гарчихаад байна шүү дээ, бараг 80 шүргэж явна. Энэ том шагналын хариуд улс эх орон, ард түмэндээ хэрэгтэй үйл хийх ёстой. Нас дээр болсон хойноо энэ сайхан, өндөр шагналыг авчихлаа л даа. Жаахан залуу авсан бол төр түмэндээ, соёл урлагийнхаа салбарт, мэргэжлийн урлагийнхаа салбарт их л юм хийх байлаа. Гэхдээ бидэнд олон жил ажилласан туршлага байна. Алдаж онож явж ирсэн уран бүтээлийн замнал бий. Түүнээсээ хойч үедээ “Ингэдэг юм шүү, ингэж болдоггүй юм, ингэж яваарай” гээд дуугараад байвал нэгэнд нь ч гэсэн тустай байх болов уу гэсэн бодол төрж байна. Нөгөөтэйгүүр Монголын урлагийн ажилчдын холбоонд ажилладаг юм. Энэ бол төв, орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчдийн ур чадвар, урын сан, авьяас чадварыг хөгжүүлэхэд зориулагдан гарч ирсэн сайхан холбоо. Тэнд ажиллаж байгаа болохоор төр түмэндээ, мэргэжлийн улсууд, хойч үеийн залууст одоо ч хэрэгтэй байх болов уу гэж бодоод жаахан урамшиж байна.
-Та Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн гурав дахь төгсөлт. Яагаад жүжигчин болсон юм. Таныг сурагч байхдаа хөгжим сайн тоглодог байсан гэсэн. Хэрэв жүжигчин болоогүй бол хөгжимчин болох байсан байх?
-Урлагийн хүн болох нь миний зам мөр байсан болов уу. Настай улсууд “зурсан зураг” гэж ярьдаг даа. Тийм зурсан зураг байсан юм болов уу гэж дотроо боддог юм. Яагаад гэвэл намайг долоодугаар анги төгсөх жил Хөгжим бүжгийн дунд сургуулиас шалгалт авахаар очиход нь би тэнцсэн юм. “Тэнцсэн хөгжимчин болно, намар хот явуулаарай” гэсэн. Тэр үед би Архангай аймгийн төвийн арван жилийн сургуульд сурдаг байлаа. Тэгсэн чинь манай ээж “Миний охин арай жаахан байна. Хол явуулж чадахгүй” гээд очоогүй юм. Арван жилээ төгсөх жил Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров багш Кино драмын ангид элсэлт авахаар очиж манай Архангай аймгаас хоёр хүн авсан. Түүний нэг нь бий юм л даа. Яагаад зурсан зураг гэж бодож байна вэ гэхээр, хэрвээ долоодугаар анги төгсөх жилээ Хөгжим бүжгийнд орчихсон бол би бас л хөгжимчин болоод явах байж. Ер нь цаанаас нь “за чи урлагийн хүн болох ёстой юм байна шүү” гээд л багаас минь зураад байсан юм болов уу гэж боддог. Тэр л зам мөрөөрөө явсаар урлагийн хүн болсон байх.
-Дуулж хуурдаад нийгмийг соён гэгээрүүлчихдэг юм биш л дээ. Бидэнд төрийн бодлого хэрэгтэй-

-Таны ойр дотнынхон "Манай Тунгалаг үнэхээр зөв, сайхан зөөлөн хүн" гэж ярьдаг юм байна лээ. Энэ гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байх?
-Манай ээж Булган аймгийн Могод сумын харьяат багш мэргэжилтэй хүн байсан. Ээж минь шинэ цагийн боловсрол эзэмшүүлэх анхны суурийг тавьж, хоёр гэр бариад л хэдэн хүүхдэд үсэг заасан хүн дээ. Тухайн үеийн багш нар чинь бүгд авъяасын ундрага хүмүүс. Өөрсдөө дуулаад, хөгжмөө тоглоод л. Тийм учраас манай гэрт шанз хөгжим их байдаг байсан. Сургуулийн концертод багш нар нь бүгдээрээ шанз хөгжим дараад суучихдаг, хүүхдүүд нь араар нь зогсчхоод дуулдаг байлаа. Тэгэхээр энэ нөлөөсөн байхыг үгүйсгэхгүй.
-Жүжигчин мэргэжлээр төгссөн даруй УДЭТ-д орж 10 гаруй жил ажилласан. Театраас сурсан, авсан зүйл их байх?
-1971 онд Багшийн дээд сургуулийг төгссөн. Тухайн үед бид нарыг Соёлын яамнаас томилдог байлаа. Манай гэр Архангай аймагт байсан болохоор “За миний хүн хаачих вэ” гэхээр нь “Архангай явна” гэсэн. Манай ангийн багш, Ардын жүжигчин Э.Оюун гэж мундаг багш байлаа. Сургалтын суурийг тавьж өгсөн хүн. Э.Оюун багш ангийн хүүхдүүдийг “Хүүхэд залуучуудын театр луу яв”, Ховд, Баян-Өлгий гэх мэтээр хуваарилсан юм. Намайг ороход Э.Оюун багш нэлээн муухай харчихсан сууж байна. Олон долоон юм ярилгүй “Драмын театр луу яв” гэсэн. Намайг театрын босго алхдаг жил манай алтан үеийн "аварга" жүжигчид бүгд бүрэн, эсэн мэнд байсан. Ц.Цэгмид гуай л байгаагүй. Тэднээсээ их айж эмээнэ. Урлагийн ажил гэдэг чинь хамгийн гол нь цаг барих. Хамтын бүтээл учраас цагтаа байж байх ёстой, хоцрох учиргүй. Тийм учраас мундагуудаасаа хоцрохгүй гэж бид нар театрын хаалгаар сандран гүйлдэж орно. Тэгж сурсан. Энэ л бидэнд их том сургууль болсон байх гэж би боддог.
-Олон жил ажилласан Драмын театраас гарч Армийн театрыг байгуулсан. Маш том шийдвэр шүү?
- Анх Цэргийн төв театр гэж мэргэжлийн том уран бүтээлийн байгууллага байсан юм байна лээ. Тэгж байгаад Цэргийн театрыг бүхэлд нь татан буулгасан байгаа юм. Дуулж хуурддагийг нь ансамбль болгож зохион байгуулаад, жүжиг тоглодог нь Төв театр руу очсон. Ингэж Цэргийн төв театр хоёр хуваагдсан. Тухайн үеийн цэргийн газрууд чинь маш том, хүчтэй байлаа шүү дээ. Гурван жилээр цэрэгт залуучуудыг авдаг, залуу үеийг хүмүүжүүлдэг том газар. Тэр үед “Ардын театр гэж юм байгуулъя” гээд үйлдвэрийн газар, автобааз, цэргийн газруудад ардын театр бий болгож хүмүүсийг сайн дурын уран сайхан, театрын урлагт дуртай болгох, театрын урлагаар хүмүүжүүлэх соён гэгээрүүлэх том давалгаа явсан байна л даа.
-Мэргэжлийн жүжигчин авчирч театр байгуулахаар болж УДЭТ-аас тусламж хүссэн. Тухайн үед би нялх хүүхэдтэй, захиргааны хэлтэст аж ахуйн ажил дээр байсан. Манайхан ихэнх нь эзгүй, нэг хэсэг нь “Мандухай сэцэн хатан” кинонд явсан үе таарсан. Нэг өдөр дарга намайг дуудаад “За Тунгалаг аа, би олон хоног бодлоо. Намын төв хороо, Соёлын яамнаас шинэ театр байгуулах том үүрэг даалгавар өглөө. Чи нэг хэсэг жүжигчидтэй гараад театрыг нь байгуулчхаад эргээд ирээч ээ” гэсэн. Би “Үгүй ээ, би яаж чадах юм. Би ямар найруулагч хүн биш. Чадахгүй, ах аа” гэлээ. “За чи бодоорой. Маргааш над дээр орж ирээд хариугаа өгөөрэй” гэсэн. Ингээд гэртээ харьсан чинь орой манай хаалгыг тогшоод Болд орж ирдэг юм. Манай ангийн найруулагчийн ангийг төгссөн, тэр үед Цэргийн ансамблийн найруулагч байсан хүн. “За Тунгалаг аа, ийм ийм учиртай. Театртай болох гэж байна. Би дандаа концерт найруулаад явсан. Чи бид хоёр нэг анги төгссөн. Найруулагч гэдэг мэргэжлээрээ жинхэнэ юмаа хийх сайхан боломж, цаг үе одоо л гарах гэж байна. Хэд хэдэн хүний нэр өгсөн байна, тэрэн дотор чиний нэр байна. Тэгээд чамтай уулзах гээд ирлээ” гээд бараг хоёр гурван цаг надтай ярьсан. Ингээд л цэргийн театрын суурьтай газар, Цэргийн ансамблийн дэргэд Армийн театр байгуулагдсан.
-Армийн театр 2005 он хүртэл ажилласан. Түүний дараагаар та Монголын урлагийн ажилчдын холбоонд ирсэн. Яагаад буцаж УДЭТ-даа очоогүй юм?
-Би 20-30 хүнтэй том хамт олонтой болчихсон байсан. Тэднийгээ хаячхаад явж болохгүй. Нэг өдөр “Армийн театрыг УДЭТ-тай нийлүүлэх шийдвэр гарлаа. Соёлын яамны хурлаар шийдээд Драмын театрын харьяанд өглөө шүү” гэсэн. Би хамт олондоо “За ингэж байна. Хэдүүлээ Драмын театртаа очъё доо. Та нар өөрийн найруулагчтай, зураачтай, уран бүтээлийн хамт олонтой учраас Драмын театрын нэг хэсэг болоод яваарай гэсэн шийдвэр гарсан” гэж хэлсэн чинь “Үгүй ээ, энэ чигээрээ цаашаа ажиллана” гэсэн. Тэр үед чинь бид нар олон жүжиг хийчихсэн, жаахан нэрд гарчихсан, жүжгийн уралдаанд түрүүлчихсэн байлаа. Залуучууд тэр эрчээрээ ажиллана гээд олонхын саналаар бие дааж ажиллахаар болсон. Ямар театр болох вэ гэхэд хоорондоо ярьж байгаад “Орчин үе” театр гэсэн. Тэгээд гурван жил бие дааж ажилласан.
-Танд театраас сурсан зүйл их байгаа байх. Онцолоод хэлвэл?
-Театрт олон жил ажилласан хүн шулуухан зантай болчихдог юм уу даа. Гүжирмэг зан гэж хэлэхэд ч хаашаа юм. Болохгүйг нь хүртэл оролдож байгаад яг эцсийн цэг дээр очоод л хүн чинь чадах юм байна уу, дийлэхгүй юм байна уу гэдгээ мэддэг шүү дээ. Бодсондоо хүрэхийн тулд юу ч гэсэн эвийг нь олоод зүтгэдэг. Хийх гэж зүтгэсэн зүйлээ бүтээгээд гаргачих юм бол баярлаад, үзэгчдийнхээ алга ташилтаас урам аваад, цаашаа ажиллах эрч хүч аваад явдаг юм даа. Театр хүнийг зоригтой болгодог.
-Ярилцлагын өмнө би таны дотны хүмүүсээс асуусан юм. Таныг амьдрал дээр их зөөлөн, гэхдээ ажил дээрээ тулах юм бол хамгийн шилдэг зохион байгуулагч гэж ярьж байна лээ?
-Миний тоглосон дүрүүдээс болоод ч тэр үү, судлаачид, найруулагч нар намайг уянгын жүжигчин л гэж хэлдэг юм. Дөнгөж төгссөн залуу насанд чинь дандаа сайхан хайр дурлалын дүрд тоглоно шүү дээ. Хайр дурлал болохоор уйлах, дуулах юм зөндөө гарч ирдэг. Тийм учраас би уйлсан, дуулсан дүрд их тоглосон. Бүсгүй хүний нэг тийм зөөлөн чанар байдаг байх аа. Намайг хүмүүс жаахан зөөлөн л гэж хэлдэг юм. Заримдаа би чинь тачигнаад, загнаад л байдаг.
-Шийдэмгий байх тухайд бол би урьд нь театрт байхдаа байгууллага удирдаж үзээгүй. Шинэ газар очиж Армийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж, хэд хэдэн сайхан жүжиг хийсэн. Драмын театрт хүний өгсөн хувцсыг өмсөөд, засчихсан тайзан дээр гардаг байж. Гэнэтхэн юу ч үгүй атар газар очиж байгаа шүү дээ. Тэнд Хөгжим дуу бүжгийн ансамбль гээд олон жилийн сайхан байгууллага байсан, тэрний хүчинд л өндийсөн. Жүжгийн гэх зүйл юу ч байхгүй. Ямар сайндаа би театр дээрээ очоод л элдэв юм гуйна. Театр гэдэг ийм их юмаар бүтдэг, ар талд нь ийм том ажил байдаг юм байна гэдгийг би Армийн театрт очиж байж л мэдсэн. Драмын театрт чинь уран бүтээлийн анги нь гол шүү дээ. Гол дуугардаг нь жүжигчид. Тэнд юмыг дээрээс нь харж байсан бол Армийн театрт очоод “Ингэхгүй л бол болохгүй юм байна, энийг ингээд бүтээчихье” гэсээр би хөдөлмөр хийж сурсан гэж хэлэх үү дээ.
-Танд шантрах, цөхрөх үе байсан уу?
-Өө, байлгүй яах вэ. “Ингэж байхаар бушуухан театр луугаа очих юм сан” гэж бодно. Гэхдээ бид нарын ар талд манай Төв театр, нэг номерын театр, мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурийг тавьсан театрын маань нэр байж байгаа шүү гэдэг бодол бүгдэд нь байдаг байсан. Тийм учраас их хичээж ажилласан.
-Уралгийн хүний гэр бүл орхигдох тал байдаг. 50 гаруй жил урлагт зүтгэхэд таны хань түшиж тулж байсан нь лавтай. Таны гэр бүлийн хүн цаг уурын мэргэжилтэй хүн байдаг гэсэн. Та хоёр багаасаа найзалсан юм байна лээ?
-Урлагийн хүний ар гэр гэдэг бол асар их тэвчээртэй, маш сайн ойлгодог байх ёстой. Манай гэр бүлийн хүн дөрөвдүгээр ангидаа Улаанбаатар хотоос Архангай аймагт шилжиж ирээд манай хажуу талын хашаанд буусан. Дараа нь бид хоёр нэг ангид ороод хамтдаа арван жилээ төгссөн. Намайг бодвол тэр чинь жигтэйхэн сайхан дуулдаг, хөгжим тоглодог хүн. Хоёулаа сургуулийнхаа хөгжимд явдаг байсан болохоор урлагийн анхны мэдэгдэхүүнтэй биз. Бид хоёр ах дүү шиг үерхдэг байсан юм. Ангийн хүүхдүүд хоорондоо үерхдэг шүү дээ, түүнтэй адил. Багаасаа бие биеэ мэддэг болохоор ийм олон жил хамт амьдарсан болов уу гэж бодож байна.
-Урлагт таны баримталж ирсэн үзэл баримтлал юу вэ. Маш их ачаалалтай он жилүүд байсан байх?
-Бид нарын үед ээж аав маань ч тэр, ажилласан газар маань ч тэр “Улс эх орныхоо төлөө ажилла, байгууллагынхаа ажлыг сайн хий, ажлын цагаас хоцорч болохгүй” гэсэн сургаал дор бид нар ажиллана. “Тийшээ оччихвол ашиг хонжоо байна уу, ийшээ оччихвол ашиг хонжоо байна уу” гэсэн юм байгаагүй. Би Драмын театрт хуваариар очсон бол энэ театрын төлөө л ажиллах ёстой гэж боддог байсан. Нормоо биелүүлэх, сайхан уран бүтээл хийх, ард түмэндээ соёл урлагаар сайн үйлчлэх. Яг ийм л байлаа. Эргээд бодоход үнэхээр зав чөлөөгүй ажиллаж байж. Жилд дөрвөн уран бүтээл гарна, түүнд оролцоно. Орой болгон тоглолт хийнэ, нэг болон хоёр дахь өдөр л тоглолтгүй. Арван жилийн сургуулийн амралтаар ч, оюутны амралтаар ч бид нар амрахгүй тоглоно. Хавар, намар 45 хоног хөдөө орон нутгаар явна. Засмал замгүй шүү дээ, шороон замаар явдаг байлаа. Ирсэн хойноо хот орчмын тоглолтод явна. Үйлдвэрийн газруудаар очиж их тоглодог байсан. Хажуугаар нь кинондоо явна, телевизийнхээ жүжигт очиж оролцоно. Шөнө нь киноны зураг авна.
-Дүр судална гэдэг бол амьдрал дотор л орохын нэр-

-"Тусгай салаа" киноны Хурцын дүрийн ээжээр таныг хүмүүс андахгүй. Ард түмний сэтгэлд үлдсэн дүр шүү дээ?
-Миний анхны тоглосон олон ангит кино. Бид чинь олон ангит кинонд тоглож үзээгүй байлаа шүү дээ. Телевизийн киноны уран бүтээлчдийн дунд ч шинэ юм байсан. “Тусгай салаа” нэлээн дуулиан тарьсан шүү. Сайхан залуучуудтай би анх удаа олон ангит кинонд тоглосон. Хэцүү л юм байна лээ. Өнөөдөр авсан зургийнхаа үргэлжлэлийг маргааш авна. Жүжигчнээс их юм шаарддаг. Би яах вэ, тэрийг давж гараад үзэгчдэд хүргэсэн. Гарч байхад нь хөдөө орон нутгаас “Та одоо яах юм бэ, тэр одоо юу болох юм” гээд утсаар их асуудаг байсан л даа. Тэгэхээр үзэгчдэд сайн хүрсэн юм болов уу гэж бодож байна.
- “Ээжийн дайсан” кино таныг тоголсон анхны инээдмийн бүтээл байсан байх. Ажиллахад хэр хэцүү байсан вэ?
-Энэ ёстой хэцүү. Би ерөөсөө инээдмийн бүтээлд тоглож үзээгүй. Жүжигт бол нэг удаа тоглосон юм, харин дэлгэцийн бүтээлд тоглож байгаагүй. Тэгээд “Ээжийн дайсан” гэдэг кинонд тоглох санал ирсэн. Би “цаана чинь инээдмийн мастерууд байна, тэд нараараа тоглуул. Эгч нь ийм юманд ерөөсөө тоглож үзээгүй. Театрт бол олон хоног сургууль хийж байгаад тоглочихно. Та нар чинь аягүй бол маргаашаас эхлээд зураг авна гэнэ. Би барахгүй юм байна” гэсэн. Тэгсэн чинь банш Батаа "Та чинь жүжигчин хүн шүү дээ. Юу ярьж байна, юунд ч тоглох ёстой” гээд зохиолоо үлдээгээд явчихсан. Олон хүний ажил эхэлчихсэн юм бол яах вэ дээ гэж бодоод тэгж л тоглосон кино.
-Уран бүтээлч хүн дүр болгондоо хайртай. Дэлгэцийн дүрүүдээс сэтгэлд тань хамгийн ойр нь аль вэ?
-Намайг ийм нэг шинэ жүжигчин гарч ирлээ шүү гэдгийг үзэгчдэд таниулсан кино бол “Ичээнд нь”. Одоо ч Заяахатан гэдэг дүрээрээ олон жил нэрлэгдэж явж байна даа. Дараагийнх нь “Хүний төлөө” гээд эмч нарын кино. Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Кино үйлдвэр гурав нийлээд маш яаруу хугацаанд хийсэн. Тэр кинонд би эмчийн дүр бүтээсэн. Дүрүүд нь Дулмаа, Долгор гээд нэр заагаагүй, багш, эмч гээд мэргэжлээр нь заасан. Анх удаа л тийм юмтай тулсан. Тийм учраас тухайн үеийн эмч нарын үндсэн дүр төрхийг гаргах гэж Нэгдүгээр эмнэлэг дээр орой цагаар очиж дүрээ судалдаг байлаа.
-Сайн дүр байж л сайн бүтээл гарна. Дүрийн судалгаа маш чухал байх. Жүжигчдийн нэн тэргүүнд хийх ёстой ажил мөн үү?
-Дүрийн судалгаа яаж хийхийг оюутан байхад заачихдаг. Театр дээр очоод яг ном дүрмээрээ явахаар бас өөр юм гарна. Нэг жүжигт надад жаахан "эвдэрсэн" охины дүр өгсөн юм. Яалт ч үгүй надаас тэс ондоо дүр байсан л даа. Тэр дүрд орохын тулд гадуур дотуур явж ажигласан. Малгайгаа доош нь дараад тавьчихсан янз бүрийн улсуудыг “Тэд ингэж явдаг юм шүү” гэж зааж өгч байх жишээтэй. Дүр гэдэг амьдрал дээр байдаг. Тийм болохоор дүр судална гэдэг нь амьдрал дотор л орохын нэр, маш сайн ажиглалт хийх хэрэгтэй. Цаасан дээр бичигдчихсэн юм чинь гадаа гудамд, амьдрал дотор байж байгаа. Тэрийг л олж харж гаргаж чадах ёстой. Зохиолыг уншаад л үгийг нь цээжлэх бол жүжигчний хөдөлмөр биш.
-Миний сүүлийн асуулт. Та урлагт 50 гаруй жил зүтгэсэн. Удахгүй Ардын жүжигчин цолоо гардана. Урлагт өнгөрүүлсэн он жилүүдээ тодорхойлж хэлбэл?
-Монголын мэргэжлийн урлагийн үндэс суурийг үнэхээр л ухаантай хүмүүс тавьсан юм байна. Миний үеийнхэн юу гэж бодож ажиллаж амьдарч явдаг вэ гэхээр, энэ сайхан хүмүүсийн бий болгоод өгснийг авч явах юм сан даа гэж их хичээдэг. Урлагт олон янзын урсгал их орж ирж байгаа. Нөгөөтээгүүр би мэргэжлийн урлагийг шоу ертөнцөөс жаахан хол байлгах юм сан гэж боддог. Ялангуяа Урлагийн ажилчдын холбоонд ирж, төв, орон нутгийн театр, чуулгуудын дунд ажил зохиохдоо мэргэжлийн урлагийн байгууллагыг яавал шоу урлагаас хол, ангид, мэргэжлийн байлгах вэ гэдэг дээр л их хичээж ажилладаг. Энэ бол урд үеэсээ сурсан, өвлөж авснаа хойч үедээ үлдээх нэг чухал гүүр юм болов уу даа. Хатуухан хэлэхэд миний заалгасан ном эрдэмд “Жүжигчин тайзан дээр ингэж болохгүй” гэсэн юм болгоныг л одоо хийж байна. Гэтэл үзэгчид нь хүлээж аваад байх юм.
-Бид нарын уншиж судалсан зохиол, жүжиг, киноноос харахад нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихэд хүний оюун сэтгэлгээнд маш их өөрчлөлт ордог юм байна. Ялангуяа жаахан задгайрах тал их байдаг. Шекспир чинь сайхан эмгэнэлт жүжиг хийж явж байгаад “Би энэ хааны театраас гаръя, хөдөө орон нутгаар явъя” гээд олон инээдмийн жүжиг бичсэн гэж байгаа шүү дээ. Яагаад нийгэм харгис болоод байгаа юм. Бид дутуу ажиллаад байна, ард түмнийхээ оюун сэтгэлгээтэй ажиллаж чадахгүй л байна. Иргэдийг дуулаад хуурдаад соён гэгээрүүлчихдэг юм биш л дээ. Их наядаар нь ярьдаг дарга нар ард түмнээ үнэхээр зөв ёс суртахуунтай, хүмүүжилтэй, сайхан иргэдтэй байя гэж бодож байгаа юм бол тэр яриад байгаа их наяд төгрөгөөсөө соёл урлагт зарцуулах хэрэгтэй. Тэгж байж бид нар залуучуудаа эрүүл саруул авч гарна шүү. Энийг л манай төр засаг их сайн ойлгоосой гэж боддог юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.