Л.Оюун-Эрдэнийг огцруулах улс төр ордны ХҮН-ий тарыг таниулав. Эрх мэдэл, албан тушаалд шунасан хүмүүс Л.Оюун-Эрдэнийн оймсонд хавчуулагдаж явсан нь ил тод болсон. Тэдний нэг нь ХҮН намын дарга Т.Доржханд. Тэрбээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн хэрээс хэтэрсэн тансаглалтай холбоотой асуудалд тайлбар хийхдээ "Би Л.Оюун-Эрдэнийг худал хэлж, хулгай хийх хүн биш гэж бодож байна" гэж байв. Харин МАН-ын Бага хурлын шийдвэрийн дараа "ХҮН намыг засгаас гаргавал жинхэнэ сөрөг хүчин болно" гэж байснаасаа хэдхэн хоногийн дараа "Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлож чадахгүй бол ажлаа өгөөд явах ёстой" гэсэн мэдээлэл хийж байлаа. Тэгвэл Ерөнхий сайд асны асуудлыг парламентаар хэлэлцэх үед тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгье гэхээр нь би болиулсан" гэх хамгийн хошин мэдэгдэл хийсэн билээ. Түүний үг болгон, үйлдэл бүхэн өөрөө "меме" байв.
УИХ-ын сонгуулиар ХҮН нам парламентад найман суудалтай болсны үр дүнд МАН-ын засагт Т.Доржханд, П.Наранбаяр хоёр сайд болсон. Төрийн сайд болмогцоо Т.Доржханд жинхэнэ төрөл арилжсан гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.
Шадар сайдын суудалд заларсан тэрбээр эрчим хүчний реформ хийнэ гэсэн. Гэвч реформ хийх байтугай эрчим хүчний салбар өнөөдөр сүйрлийн ирмэгт ирлээ.
"Монгол Улс хамтарсан Засгийн газар байгуулсан. Гол зорилго нь 34 жил шийдэж чадаагүй томоохон асуудлуудаа шийдвэрлэх, эдийн засгийн төслүүдээ бодитой хэрэгжүүлж, реформ хийхээр бид хамтарсан. Эдийн засгийн реформын суурь нь эрчим хүчний реформ. Эрчим хүчгүй бол хөгжил гэж байхгүй. Монгол Улсын эрчим хүчний экспортын ажил эхлээд явж байна. Ерөнхий сайдын Саудын Араб, Эмират, Бахрейн улсуудад хийсэн айлчлал маш амжилттай болсон. Ногоон эрчим хүчний салбарт Саудын Арабын "Acwa power" компани, Эмиратын компани хөрөнгө оруулалт хийе гэдгээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болсон. Дэлхийн 10-т ордог тоглогчид хөрөнгө оруулахаар болж байна. Бид дотооддоо эрчим хүчээ хангаад зогсохгүй, экспортлох зорилт маань бодит ажил хэрэг болоод явж байна” гэх түүнээс реформ чинь энэ үү гэж асуух, хариуцлага нэхэх цаг болсон байна. Учир нь ДЦС 3 дээр гарсан гал түймрээс бол Улаанбаатар хот ирэх өвөл их хэцүүхэн өвөлжих шинжтэй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох дуулиантай зэрэгцэж, ТЭЦ-III дугаар цахилгаан станцад томоохон осол гарсан. Гэсэн ч энэ асуудалд албан тушаал зүүдэлж сэрж байгаа хүмүүс анхаарал хандуулах сэхэл алга. Т.Доржхандын хувьд эрх мэдэлтэйгээ үлдэж байвал эрчим хүчний салбар нь дампуурах эсэх нь хамаагүй бололтой.
Эрх мэдэлтний өмнөөс нүүрээ ширлүүлэхээс буцахгүй тэрбээр намдаа бас нэг жижиг дарангуйлагч болсныг намын гишүүд нь ил цагаан шүүмжлэх болсон. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ХҮН нам тарах хэрэгтэй гэж бачуурч ядсандаа чуулганы үүдэнд бархирсан нь зүгээр ч нэг тохиолдол биш байх. Тэрбээр, "Ер нь олон сар, жил тэвчлээ. Манай нам ямар ч дотоод ардчилалгүй. Дарга сэтэртэй хэдэн хүмүүс нь шийдвэр гаргадаг. Хэрэгтэй үедээ гишүүдээ наалдуулж, хэрэггүй үедээ ар өврөөс нь хутгалдаг нам. Би хамгаалалт хүсч байна. Дандаа занана. Хэнийг яаж занадаг вэ гэдгийг хэлэхээ больё. Гэр бүл, хүүхэд рүү чинь орно гэдэг. Би бол гадаад харилцаа сайтай учраас хүний эрхийн байгууллагад хандаж болно. Нэг удаа УИХ-ын гишүүн Б.Найдалаа кноп хамтарч дарсангүй гээд. Хүслийнхээ эсрэг тэр кнопыг нь дарах гэсэн 7-8 дараад ажиллаагүй. Үнэнээ хэлсэн чинь кноп дарсангүй гэж ширээ балбаж босч ирж байна.
Энэ олон гишүүд харж байна, ичиж амьдаръя гэдгийг хэлсэн. Хүлээцтэй, энэрэнгүй, хүнлэг байхыг хичээсэн. ХҮН нам тарах хэрэгтэй. Өөрөөрөө байх эрх чөлөө өгөхгүй, маш хэцүү байна. хамтарсан Засгийн газарт ороод нэг жил ч болоогүй байж хүнээ гээж байна" гэж мэдэгдсэн. Түүний өмнө ХҮН намын гишүүн А.Дөлгөөн өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр " Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, тулхтай, хоёр нүүргүй лидерүүд удирдсан цагт улс орон өөдөлнө гэдэгт би хатуу итгэдэг. Ийм шинж чанартай лидерүүдийг төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг арван жил явсны эцэст мэдэрлээ. Учир нь нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай байж, мерит зарчимтай институци болж ажиллах боломжгүй юм байна. Ийм нам нь намын даргад ихээхэн эрх мэдлийг төвлөрүүлсэн дүрэм батлуулдаг учраас нэг хүний дарангуйлал тогтох нөхцөлийг бүрдүүлдэг аж” гэсэн нь ХҮН намынхан хүнээ байсныг илтгэж байна. Тэр тусмаа эрх мэдлээс үхэн хатан зүүгдэх Т.Доржханд бол Л.Оюун-Эрдэнийн өрөөсөн оймс гэдгээ өнгөрсөн өдрүүдэд ичиж, эмээхгүйгээр харуулчихсан. Эцэст сануулахад "Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул" гэдэг!
3,607.57






















































Холбоотой мэдээ