Монголын зүрхэн төвд орших Нийслэл хот. Цагтаа Азийн цагаан дагина гэж нэрлэгдэж явсан нийслэлд өнгө нэмэх зүйл тун ховор болсон гэхэд хилсдэхгүй. Хаашаа л харна хөглөрсөн нүүдлийн айл шиг ундуй сундуй байх болсон. Явган хүний замд шороо овоолсноос иргэд авто зам дагуу алхаж явахаас өөр аргагүй болжээ. Зарим бага насны хүүхдээ хөтөлсөн иргэд машины дэргэдүүр өнгөрөхдөө их л болгоомжтой зөрж, харагдана.
Нийслэлд Монгол Улсын хүн амын тал нь төвлөрсөн. Үүнээс үүдэж зохион байгуулалт, хот төлөвлөлт, дэд бүтэц нь энэ их ачааллыг даах чадамжгүй болсныг хүмүүс өдөр бүр мэдэрч байна.
Замбараагүй баригдсан барилгууд, төлөвлөлтгүй орон сууцны хорооллууд, стандартгүй автозамууд, явган хүний замгүй гудамжнууд хаа сайгүй.Үүнд иргэд ч нэгэнт дассан.
Хаврын сартай золгосноос хойш саяхныг хүртэл Төв талбайдаа өдөр бүр арга хэмжээ зохиож хаана юу болоод байгаа нь үл мэдэгдэх нэг улирлыг үдлээ. Зуны улиралтай золгосон ч нүд баясгах зүйл тун ховор ажээ. Жил бүр зуны улирал эхлэхтэй зэрэгцээд дулааны шугам сүлжээ, зам засвар, барилга байгууламж гээд бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг.
Ажлын хувцастай хүмүүс газар шорооны ажил хийж, техникийн дуу чимээ хаа сайгүй тачигнана. Энд тэндгүй нүх, овоолсон шороо.
Энэ дүр зураг зунжин намаржин үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт өрнөх энэ саруудад тав алхаад хуулсан зам, ухсан нүх хаашаа л харна эмх замбараагүй дүр зураг бий болж энэ байдлаараа намрыг угтана. Намар сургууль, цэцэрлэг эхлэх үеэр бахь байдгаараа байж л байдаг. Уг үзэгдэл жил бүр давтагддаг ч хотод өнгө, тохь тух нэмсэн зүйл алга. Угтаа бидний татварын мөнгөөр эргүүлээд бидэнд тав тухтай хотод эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бий болгож өгөх ёстой. Гэтэл өглөө бүр замын түгжрэлд бухимдсан иргэд, хаашаа л харна барилга байшин бахь байдгаараа. Хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж тун хомс. Энэ бүхэн замбараагүй хот төлөвлөлтөөс үүдэлтэй. Учир нь хот төлөвлөлт гэх ойлголт цаасан дээр үлдэж газрын наймаа газар авч хэн түрүүлж барилга барьсан нь хөлждөг болсон увайгүй үйлдлээс эхтэй. Газар л харагдвал, завсар гарвал хашаа хатгаж барилга барьсаар машин битгий хэл явган хүн ч явах газар үгүй болоод байна.
Ямар сайндаа Төв талбайдаа хиймэл зүлэг дэвсээд залуус амарч, тоглож байх билээ дээ.
Хотын удирдлагууд шинэ төсөл, хөтөлбөр гээд олон сайхан зүйл ярьдаг ч амьдрал дээр өөр өрнөдөг. Иргэд ч замбараагүй байдалдаа дасч шүүмжилж, олон нийтийн сүлжээгээр хоорондоо хэрэлдэхээс хэтрэхээ больсон.
Энэ онд 15 байршил зам засахаар болсон. Энэ хүрээнд явган хүний замыг хуулж шинээр тавьж байгаа нь явган болон дугуй, скүүтэртэй хүмүүс явахад бэрхшээлтэй болсон. Явган хүний замыг ингэж олон газар зэрэг ухаж, хуулж хийх шаардлагатай байсан уу. Энэ нь улсад нэн шаардлагатай чухал ажил байсан уу гэдэг чухал. Өнгөрсөн жилүүдэд зүгээр байгаа замын хажуугийн бордюрыг сольсон. Энэ жил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй л байна. Энэ мэт нэг зүйлээ дахин дахин хийдэг. Хийсэн ажлаа дуусгадаггүй байдал нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байгаа юм. Нийслэлд ажил явагдахгүй биш явагдаж байгаа. Даанч хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэг шиг нэгийг хийх гэж нөгөөг балладаг жишиг тогтоод удаж байна. Үүнд буух эзэн буцах хаяг байхгүй иргэд хохироод үлддэг. Засаг төрийн үймээнд хамгийн их хохирдог нь ард түмэн. Иргэд хөлөө олж амьдрах гэж зүтгэж байхад төрд шургалсан төрийн түшээд хэн нь илүү эрх мэдэлтэй, хэр их ашиг олох вэ гэж боддог. Түүнээс иргэдийн тав тух тэдэнд огтхон ч хамаагүй байдаг нь өнөөгийн хотын үзэмжээс харагдана.












3,607.57






















































Холбоотой мэдээ