niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 02:35 UTC Эх: https://news.mn/r/2804834/ af0154c74d192160… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайдын авлигын хэрэг УИХ-ыг тарахад хүргэх вий!

Хуучирсан мэдээ: 2025.06.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын авлигын хэрэг УИХ-ыг тарахад хүргэх вий!

Ерөнхий сайдын авлигын хэрэг УИХ-ыг тарахад хүргэх вий!

Гэрийн асуудлаа төрийн хямрал болгохдоо тулсан түүх Монголд өмнө нь гарч байгаагүй. Энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлига, албан тушаалын хэрэгд ард иргэдийн талбай дээр босоход хүргэж байна. Угтаа Л.Оюун-Эрдэнэ гэж хувь хүнд  дэлхийн бусад улс орны улстөрчид байдаг өндөр ёсзүй, сахилга хариуцлага гэх ойлголт байхгүй учраас улс орноо дэлхийд жинхэнээс нь шившиглэж байна. Ерөнхий сайдын хүү болон түүний найз бүсгүй нарын орлогоосоо хэт давсан хэрэглээ яаж яваад төрийн асуудал болж хувирсанд үндэслэл бүхий хариу тайлбар өгөх хүн одоогоор алга. Тэр ч бүү хэл МАН-ын бага хурлаас хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг "хөөх" тухай шийдвэр гаргаснаас хойш төрийн ажил тэг зогсоод 10 гаруй хонож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөхийг хүлээсэн хэсэг нөхдийн хөл нь хөнгөрч, нойр нь хулжсан өдрүүд  өнгөрөгч долоо хоногт дуусгавар болсон. Учир нь/2025.05.28/-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь бүү хэл өөрийг нь томилсон УИХ-аас ажлаа үргэлжлүүлж хийх эсэхийг асуух Үндсэн хуульд заасан эрхээ эдэлхээр шийдсэн нь улс төрийн үйл явцыг улам л сонирхолтой болгож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу итгэл хүлээлгэх эсэх тогтоолыг УИХ-д хүргүүлсэн. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохыг УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдорж шүүмжилсэн билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:

  1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ
  2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заасан байдаг.

Тэгвэл хуульд зааснаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолыг хүлээж авснаас хойш гурав хоногийн дотор хэлэлцэх учиртай. Өнгөрсөн Лхагва гаригт уг тогтоол тус байнгын хороонд ирсэн учраас хуульд заасны дагуу өнөөдөр /2025.06.02/-ийн 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах товтой байна. Хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд УИХ-д 10 хоногийн дотор танилцуулж, нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх боломж бий.

Гэтэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон нь асуудлыг албан бусаар аль хэдийнэ нэг талд нь шийдчихсэн гэсэн үг.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ руу оруулж ирэх саналын томьёолол ямар байх нь хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх, эс хүлээлгэх асуудлыг эцэслэх санал хураалтад нөлөөлөх боломжтой. Үүнийг ч тэд бас тооцсон. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарч байгаа 25 гишүүний олонхоор дэмжих санал Л.Оюун-Эрдэнийн огцрох эсэх асуудлыг ерөнхийд ацаглана.

 Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд;

  1. Ж.Бат-Эрдэнэ /ТББХ-ны дарга/ –МАН
  2. Д.Амарбаясгалан /УИХ-ын дарга/ –МАН
  3. С.Амарсайхан /Засгийн газрын гишүүн/ –МАН
  4. Б.Баярбаатар /УИХ-ын гишүүн/ –МАН
  5. Э.Болормаа /УИХ-ын гишүүн/ –МАН
  6. С.Бямбацогт /Засгийн газрын гишүүн/ –МАН
  7. С.Зулпхар /УИХ-ын гишүүн/ –МАН
  8. Л.Мөнхбаатар /МАН-ын бүлгийн дарга/ –МАН
  9. О.Номинчимэг /УИХ-ын гишүүн/ –МАН
  10. Л.Оюун-Эрдэнэ /Ерөнхий сайд/ –МАН
  11. Ц,Сандаг-Очир /УИХ-ын гишүүн/ –МАН
  12. Н.Учрал /Засгийн газрын гишүүн/ –МАН
  13. Л.Энх-Амгалан /Засгийн газрын гишүүн/ –МАН
  14. О.Алтангэрэл /Засгийн газрын гишүүн/ –АН
  15. Ж.Баярмаа /УИХ-ын гишүүн/ –АН
  16. Л.Гантөмөр /АН-ын дарга, Засгийн газрын гишүүн/ –АН
  17. Э.Одбаяр /Засгийн газрын гишүүн/ –АН
  18. Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/ –АН
  19. Ц.Туваан /Засгийн газрын гишүүн/ –АН
  20. О.Цогтгэрэл /АН-ын бүлгийн дарга/ –АН
  21. Ө.Шижир /УИХ-ын гишүүн/ –АН
  22. Б.Батбаатар /УИХ-ын гишүүн/ –ИЗНН
  23. Т.Доржханд /ХҮН намын дарга, Засгийн газрын гишүүн/ –ХҮН нам
  24. Г.Уянгахишиг /УИХ-ын гишүүн/ –ХҮН нам
  25. Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/ –Үндэсний эвсэл

Угтаа УИХ-д суудалтай МАН,АН,ХҮН,ИЗНН, Үндэсний эвсэл зэрэг намын дарга нар багтахаас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн дарга нарыг багтаасан тус байнгын хорооны хуралдаанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ямар нэгэн аргаар авч үлдэх арга заль хэрэглэх нь тодорхой.

МАН-ын 13, АН-8, ХҮН намын-2, Үндэсний эвсэлийн-1, ИЗНН-ын-1  гэсэн төлөөллийг тооцоод үзэхэд хамтарсан Засгийн газраас хөөгдсөн Ардчилсан намын 8 гишүүнээс гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэхээ ил зарласан хүмүүс ч байхад далд дэмжиж буй хүн ч бий. Баттай эсэргүүцэх нь Ж.Баярмаа гишүүн л байна. Дээр нь бүлгийн дарга О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж хоёрыг нэрлэж болно. Харин бусад нь бол алтан ембүү хараад алгаа тосч, хорин ембүү хараад хормойгоо тосч мэднэ.

Ямартай ч Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томьёоллыг УИХ-ын нийт 126 гишүүний олонх буюу 64 нь одоогийн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр дэмжсэн кноп дарсан тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх боломжтой болох юм. Тиймээс олонхын дэмжлэгийг авах боломж харагдсан учраас л ийм нүүдэл хийж буй. Уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг завсарлага авах боломж бий. Харин нэгэнт шийдэгдчихсан асуудлыг сунжруулж төрийн ажлыг гацаагаад хэрэггүй гэдэг дээр санал нэгдсэн учраас тийм ч удаан хугацаагаар завсарлага авахгүй нь бололтой.

Бушуу туулай борвиндоо баастай л гэдэг. Ямартай ч өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, намын бүлэг, УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийдэх нь.

Харин илээр санал хурааж шийдэх үү, далд санал хураалтаар шийдэх үү гэдэг нь бас л ур ухаан шаардсан нүүдэл. Хэн нь ямар санал өгсөн нь мэдэгдэхгүй байх нь санал өгч байгаа гишүүддээ бамбай болж ч мэдэх юм. Харин нэгэнт албан тушаал, эрх ашгийн барьцаанд орчихсон гишүүдэд улаан нүүрэн дээр нь улаан кноп дарах амаргүй л байх болов уу.

Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг байдаг хойно эрх ашгийн луужин хаашаа заахыг харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж