Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурал руу Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулан хуульч Б.Баяраагаас тодруулга авлаа.
-Засгийн газрын итгэл хүлээлгэх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон нь хуульд нийцэж байгаа юу?
-Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд зааснаар итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Засгийн газраас УИХ руу оруулах хууль зүйн үндэслэл бий. Гэхдээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал хэлэлцэнэ гэж хуулиар хязгаарлаж өгсөн байна. Харин Засгийн газрын албан тоотоос үзэхэд “үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан … бодлогын дэмжлэг шаардлагатай байна” гэсэн нь улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудалд огт хамааралгүй юм. Учир нь үүссэн улс төрийн нөхцөл байдал гэдэгт Ерөнхий сайдын орлогоо нотолж чадахгүй байгаа хувийн хариуцлагын асуудал хамаарахгүй. Энэ бол ёс зүйн магадгүй хуулийн хариуцлага хүлээх үр дагавар бүхий тухайн албан тушаалтны хувийн хариуцлагын асуудал болохоос улс төрийн нөхцөл байдал огт биш. Нөгөөтэйгүүр бодлогын тодорхой дэмжлэг хэрэгтэй гэх боловч Засгийн газрын албан тоотод дурдсан төсөл, хөтөлбөр, зорилтуудыг дэмжсэн УИХ-ын шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр байхад дахин дахин хүчинтэй шийдвэрийн талаар итгэл үзүүлэх шийдвэр гаргах шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн төсөл хөтөлбөр нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэн байхаас үл шалтгаалан аль ч Засгийн газрын УИХ-ын өмнө хүлээсэн зайлшгүй хэрэгжүүлэх үүрэг даалгавар юм. Түүнчлэн Засгийн газрын тухай хуульд “өөрт нь итгэл хүлээлгэх төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна” гэснийг зөрчиж Засгийн газраас дутуу мэдээлэл УИХ-д ирүүлсэн байна.
-Итгэл хүлээлгэх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсонтой холбогдуулан зарим давхар дээлтэй сайд нар УИХ-ын гишүүний хувиар Засгийн газарт итгэл хүлээлгэхээ урьдчилан илэрхийлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх үү?
-УИХ итгэл хүлээлгэх эсэхээс Засгийн газар огцрох эсэх нь шууд шалтгаалах тул Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэж байгаа давхар дээлтэй гишүүдийн хувьд сонирхлын зөрчил шууд үүснэ.
Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.23-д “гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах” үүрэгтэй, түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.10-д “Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй” гэж тодорхой хуульчилсан байна. Ерөнхий сайд, сайдын албан тушаал хашихаас илүү ашиг сонирхол гэж бараг үгүй биз.
Давхар дээлтэй гишүүдийн хувьд нэг гараараа Засгийн газарт итгэл хүлээлгэх төсөл өргөн барьчихаад нөгөө гараараа өөртөө итгэж байна гээд төслийг дэмжиж санал өгөх нь шууд ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ.
Ялангуяа Засгийн газрын хувь заяа буюу өөрийнх нь Ерөнхий сайд болон сайдын албан тушаалдаа үлдэх үү, үгүй юу гэдэг санал хураалтанд өөрийгөө дэмжээд гар өргөх нь зөвхөн хуулийн зөрчилтэй төдийгүй ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн талаасаа ч иргэд сонгогчдод таагүй харагдана.
-Улсын Их Хурлын гишүүн хууль зөрчиж сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргавал ямар хууль зүйн үр дагавар үүсэх вэ?
-Улсын Их Хурлын тухай хуулийн 7.2-д "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Тангарагт Үндсэн хуулийг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг нөхцөл дурдагдаж байна. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүргээ зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн 1.2-д заасан “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэх үндэслэлтэй. Энэ тохиолдолд Үндсэн хууль болон өргөсөн тангаргаа зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл давхар дээлтэйгээ үлдэх гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл нь дан дээл ч үгүй болгох хууль зүйн үр дагавар үүсгэнэ гэсэн үг. Зөвхөн давхар дээлтэй гишүүд төдийгүй УИХ-ын чуулганыг хуульд заасан дэгийн дагуу явуулах чиг үүрэгтэй УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудал яригдана.
Цаашлаад УИХ-ын шийдвэр бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болох үр дагавар ч үүснэ. Иймээс давхар дээлтэй Засгийн газрын гишүүд өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүний хувиар санал хураалтад оролцох үндэслэлгүй юм.
Хууль тогтоомжийн тухай хуульд УИХ-аас шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нийтлэг зарчим баримтлахыг тодорхой хуульчилсан. Энэ зарчим Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ч маш нарийвчлан тодорхой тусгагдсан. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарчим нь бусад төрийн албан хаагчид, нийтийн албан тушаалтнуудад үйлчлээд УИХ-ын гишүүдэд үйлчилдэггүй байх дабль стандарттай байж болохгүй.
Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим олон улсад нийтлэг хэрэгждэг сайн жишиг төдийгүй Монгол Улсын хувьд ч эрх зүйн харилцаа бүр дээр тодорхой хуульчлагдсан байдаг. Тухайлбал, Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчил бүхий хэлцлийн тухайд ашиг сонирхлын зөрчил үүссэн талыг санал хураалтад оруулахгүй байх талаар хуульчилсан байна. Иргэний эрх зүйн харилцаанд сонирхлын зөрчлөөс үүдэлтэйгээр хэлцэл хүчингүй болох, эрүүгийн эрх зүйн харилцаанд сонирхлын зөрчилтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрүүгийн хариуцлага хүлээх гэх мэтчилэн хууль зүйн үр дагавар үүсгэж байдаг нөхцөл юм.
Хуульчийн хувьд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ нь хууль тогтоох ажиллагаандаа хууль дээдлэх зарчмаа ягштал биелүүлж ашиг сонирхлын зөрчилгүй шийдвэр гаргаж, төрд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр зөв жишиг тогтоож явах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Үгүй гэвэл Үндсэн хуулийн цэцэд иргэний хувиар мэдээлэл гаргана.
Ж.ЭРХЭС
3,607.57




















































Холбоотой мэдээ