Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр “Эргэлзэх хэрэггүй Ардчилсан нам Засгийн газраас гарна” гэж хоёр хоногийн өмнө мэдэгдсэн. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөв бололтой.
Нийслэлийн Ардчилсан намын дарга асан Э.Бат-Үүл “Гантөмөр намын маань үнэт зүйлсийг уландаа гишгэн МАН-ын угаадсыг зөөгөөд зогссонгүй, одоо Ардчилсан намыг үндэсний шившиг болгох нь ээ! Засгийн газраас гарна гэж намын бүлгийг хуурч байгаад итгэл үзүүлэх кноп даруулсныхаа дараа “эх орноо бодоод Засгийн газартаа үлдэнэ” гэх бололтой! Манай намын бүлэг, сайд нараа албан ёсоор Засгийн газраас гарахаас нааш УИХ-ын чуулганд орох хэрэггүй!” гэдэг захиасыг нүүр номын хуудсаараа дамжуулан “жиргээд” байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногийн Даваа гариг буюу зургадугаар сарын 2-нд энэ асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 10 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрээ гаргах ёстой юм.
Хэрвээ Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хэлсэн үгнээсээ буцаж, найман сайдаа Засгийн газарт нь хэвээр үлдээх, аль эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалд нь хэвээр үлдээх талд кноп гаргуулахаар ажиллавал улс төрийн карьер нь дуусахыг ч сануулах хүн олон байгаа юм.
Мөн МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг гаргах ёстой гэсэн тодорхой шийдвэр гаргасан байхад хөөгдөн туугдан хамтрах шаардлага бий юу. Хэлсэн ярьсандаа эзэн болж, төрийг гацаагаад байгаа асуудалд цэг тавих талд Ардчилсан нам одоо л шийдвэртэй алхам хийхгүй бол ердөө хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулиар "шал арчих" магадлал өндөр болно. Учир нь, Ардчилсан нам энэ удаагийн улс төрийн тоглоомд хөтлөгдвөл намын гишүүд хоёр хуваагдаж, зодоон эхэлнэ. Зодоондоо нам туйлдана. Ийм үе МАН-д хамгийн их ашигтай. Тиймээс Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг холын улс төрөө бодож нүүдэл хийхийг намын гишүүд нь ч сануулсаар байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ