Улс төрд үүрдийн нөхөр, дайсан үгүй. Энэ бол бичигдээгүй хууль. Авчиг албан тушаалын төлөө улс орныхоо аюулгүй байдлаар дэнчин тавьж, иргэдийнхээ эсрэг рецедивүүдийг хөлсөлж асан Ерөнхий сайд Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй. Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн улс төр Монголыг засаглалын хямралд хүргэж болзошгүй нөхцөл байдалд хүргэв.
Өөрөөр хэлбэл, гэрийн зовлонгоо парламентад нялзааж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад хандан “Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг хурдтай хөгжлийн төлөөх зориг уриан доор хэрэгжүүлж эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дэвшүүлсэн бодлого зорилтоо тогтвортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын их хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн итгэл хүлээлгэх эсэх төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр хүргүүлсэн.
Тэгвэл өнөөдөр /2025.05.29/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Үндсэн хуульд нэмэл өөрчлөлт оруулахгүй, цаашид ч ардчилсан парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө явна гэдгээ ил тод, албан ёсоор зарласан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан хариу мад байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя” гэсэн юм.
Л.Оюун-Эрдэнийн хувьд шатарын өрөг дээр “шалдан ноён” төдий үлдсэн нь бас худлаа биш. Түүнтэй засагт хамтарсан, 42 суудалтай АН аль ч тохиолдолд засгаас гарахаа зарласнаараа Л.Оюун-Эрдэнийг бүр нүүдэлгүй болгож орхив.
УИХ-аар түүнд итгэл үзүүллээ гэхэд нэгд, Л.Оюун-Эрдэнийг нийгмийн дэмжлэггүй болно. Иргэдийн эсэргүүцэл төв талбайд багтахгүй болно. Хоёрт, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ёс зүйгүй Ерөнхий сайдтай улстай төсөл, хөтөлбөр ярих тэнэг хөрөнгө оруулагч байхгүй.
УИХ нь Төрийн эрхийг барих дээд агаад ард түмний төлөөллийн байгууллага. Уг нь ард иргэдийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ганцхан шаардлага тавьсан нь “Огцор, орлогоо нотло”.
Харамсалтай нь, Гүйцэтгэх засаглалын тэргүүн орлогоо нотлох нь бүү хэл “одоо надад итгэл үзүүлээч” гэх ичгэвтэр хүсэлтийг УИХ-д тавьснаараа Д.Амарбаясгаланг “аваад үхье” гэсэнтэй адилхан үйлдэл юм. Учир нь, УИХ-ын дийлэнх олонх Л.Оюун-Эрдэнийг авч үлдэх юм бол гудамжинд жагссан залуусын уур хилэн спикерийн толгойд бууна. Монголын улс төрийг жонхууруулах гэсэн “Жонхуу” бүлэглэл хамгийн сүүчийн сумаа тавьж буй нь тэр.
Л.Оюун-Эрдэнээс илүү спикер авлига, ард түмнээсээ урвагч болж харагдана. Ийм улс төрийг зөвхөн Женко бүлэглэл хийж чадна. Эх оронч нэрийн дор эх орноо зарна, эх орноо дээрэмдэнэ, эх орноо барьцаална.
Орлогоо нотлож чадахгүй байгаа Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхийлөгчийн засаглалын төлөө Ерөнхий сайдыг муухай харагдуулж байна” гэсэн пропагандагаар нийгмийн тархийг мөлчийтөл угаахыг зорьж буй. Гэвч ширээн дээрээ Л.Оюун-Эрдэнийн татаж унагахад хүргэсэн нь иргэд ард түмэн биш төрсөн хүү Тэмүүлэн нь байлаа.
МАН засгийн эрх барьсан өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэгч болж тодорсон. Анд нөхдөө ч авлигын хэргээр ялласан. Ард түмэн ч түүнд алга ташиж байв. Атал авлигатай тэмцэгч нь өөрөө авлигач байсан гэх фактыг түүний бэр Ө.Өгөөмөр дэлгэж орхисон бас факт юм.
Ерөнхий сайд суудлаасаа буухгүй гэсэн бол Л.Оюун-Эрдэнэд орлогоо нотлох хагас сарын хугацаа хангалттай байлаа.
Үндсэндээ парламентын засаглалаа хамгаалж үлдэхээр зорьж буй нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болохыг тэрбээр үг-үйлдлээрээ нотлон харуулж буй. Харин парламентын засаглалыг хямрааж, айлын бэрийн тансаглалаар ардчиллаа солих гэж улайрч байгаа нь Женко бүлэглэл болж байна. Сандал суудалтайгаа зууралдах тусмаа Л.Оюун-Эрдэнэ улс төрд эргэж ирэх нэр нүүргүй болж байна. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг!
Эцэст нь улс төрд үүссэн эргэлзээг тайлж, эх орон, иргэдийнхээ талд зогссон эрхэм Ерөнхийлөгчид баярлалаа. Вэри, вэри гүүд!
Ж.ЭРХЭС
3,607.57






















































Холбоотой мэдээ