Яг долоо хоногийн өмнө Монгол Улсын улс төрийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явц өрнөсөн нь шөнөжин хуралдаж, үүр цүүрээр хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг хөөж гаргах МАН-ын бага хурлын шийдвэр гарсан өглөө байв. Тэр цагаас хойш улс төрийн үйл явц тамын тогооны үлгэр болж хувирсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн итгэл хүлээлгэхгүй бол өөрөө өргөдлөө өгч, байгуулсан Засгийн газартайгаа хамт унахаа мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл зах хязгааргүй хөвөрсөн. Тэр ч бүү хэл дараагийн Ерөнхий сайд нэгэнт тодорхой болсон гэж хэд хэдэн хүний нэр цахим орчинд тархаж талцал, хуваагдлын хэрүүлийн үр тарив.
Дараагийн Ерөнхий сайдын сандал суудалд ил далд горилогчид, өөрсдийхөө нэрийг санаатайгаар сэвүүлж олон нийтийн судалгаа явуулж ч амжсан. Харамсалтай нь, нэр зүс нь тодорсон хэдээс нийтийн таашаалд хүрсэн нь ховор.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөхийг хүлээсэн хэсэг нөхдийн хөл нь хөнгөрч, нойр нь хулжсан өдрүүд өчигдрөөр төгсгөл болов. Учир нь өчигдөр /2025.05.28/ хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь бүү хэл өөрийг нь томилсон УИХ-аас ажлаа үргэлжлүүлж хийх эсэхийг асуух Үндсэн хуульд заасан эрхээ эдэлхээр шийдсэн нь улс төрийн үйл явцыг улам л сонирхолтой болгож байна. Тэр тийм ч амархан зайгаа тавьж өгөх хүн биш гэдгээ харуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу итгэл хүлээлгэх эсэх тогтоолыг УИХ-д хүргүүлэхээр болсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:
- Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ
- Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заасан байдаг.
Тэгвэл хуульд зааснаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолыг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор хэлэлцэх учиртай. Өчигдөр уг тогтоол тус байнгын хороонд очсон тул ирэх долоо хоногт Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-ын нийт 126 гишүүний олонх буюу 64 нь одоогийн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр дэмжсэн кноп дарсан тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх боломжтой болох юм. Тиймээс олонхын дэмжлэгийг авах боломж харагдсан учраас л ийм нүүдэл хийж буй.
Тэр ч бүү хэл хамтарсан Засгийн газраас хөөгдөж хөгөө чирч буй Ардчилсан намаас томилогдсон 8 сайд нараас ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэнэ гэдгээ ил тод зарлачихсан. Бүр намын дарга нь ямар ч тохиолдолд хамтарсан Засгийн газраас гарна гэж мэдэгдчихээд байхад ч одоогийн Ерөнхий сайдыг ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурин дээр бат зогсож байна.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүгээр ч нэг нүүдэл хийгээгүй нь ойлгомжтой харагдаж байна. Өнгөрсөн хэд хоногийн турш огцрох өргөдлөө өгөх нэрээр чулуу хөөлгөж, өөрийнх нь талд кноп дарах гишүүдээ ч хайрцаглаж амжихаа мэдэлгүй л яахав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд өөртөө найз ч бэлдсэн, дайсан ч бэлдсэн. Найзын дүртэй дайсан. Дайсны дүртэй найз ч байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.
Явж явж худал инээсэн найзууд л араас хутга шаадаг гэдэг дээ. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн хувь заяа одоогоор УИХ-ын 126 гишүүнээс бүрэн хамаарч байна. Ухаад бодвол улсынхаа бас парламентынхаа засаглалынхаа хувь заяаг ч тэд атгаж байж болох юм.
Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг байдаг хойно эрх ашгийн луужин хаашаа заахыг харах л үлдлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ