Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх зургадугаар сарын эхний долоо хоногт хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн шалгуурыг зөөлрүүлэхийг хүссэн Засгийн газрын саналыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Энэ тухай мэдээллийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван өгч байгаа юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард хуралдан тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуур нөхцлийг чангаруулсан. Эл шийдвэр нь бага тэтгэвэр авдаг ахмадуудад хүндээр тусах болсон юм.
Жишээ татвал, сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан тэтгэвэр барьцаалсан зээл авлаа гэхэд 500 мянган төгрөгөө өөртөө авч үлдээд 150 мянгаа тэтгэврийн зээлд өгөхөөр зохицуулсан. Энэ нь ахмадуудын хувьд тэтгэврийн зээлээр том проблемоо шийдвэрлэх бололцоогүй болгосон. Дээд тал нь 1.8 сая төгрөгийн зээл авах орон зай үүссэн нь идэшний үхэр ч худалдан авч чадахгүйд хүрсэн гэж хэлж болно. Тиймээс Засгийн газрын 11-11 төв болон тойргийнхоо гишүүн, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн асуудал тавих болсноор төв банкны чихэнд хүрч, шалгуурыг зөөлрүүлэхээр болсон.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өгч байгаа тайлбараар ахмад настан нь тэтгэврийн зээл авсан нөхцөлд 50 хувь нь өөрийнх нь амьжиргааг залгуулах, үлдсэн 50 хувь нь зээлээ төлөхөд зарцуулагдах зохицуулалт хийнэ. Дээд тал нь 24 сараар тэтгэвэр барьцаалсан зээл авах боломжтой байхаар зохицуулагдах болов уу гэсэн хүлээлт бий.
Харин төв банкны зүгээс тэтгэврийн зээлийг хуучин горимд нь оруулна гэдэг амлалтыг өгөөд байгаа.
Монгол Улсын хэмжээнд 345 мянган тэтгэвэр авдаг ахмад настан бий. Тэдний 50 гаруй хувь нь сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Түүнийгээ амьдралдаа хүргэж яддаг гэж хэлж болно. Эмэндээ өгөх үү, махандаа өгөх үү гэдэг сонголттой тулах ахмад настан ч олон бий.
Гэвч тулсан үед тэтгэвэр барьцаалсан зээл ахмад настнуудын амьдралд хамгийн их хэрэг болдог. Тиймдээ ч тэтгэврийн зээлээ тултал авах сонирхолтой. Арилжааны банкуудын хувьд ч ахмад настнуудад тэтгэвэр барьцаалсан зээл олгох сонирхол бий. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ахмадуудын 50 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэтгэврийн зээлтэйгээс амьжиргаагаа залгуулахад хүндрэл үүсч, зарим ахмад настан зээлээс зээлийн хооронд амьдрах болсон. Нөгөө талдаа эцэг, эхийгээ дарамтлан тэтгэврийн зээл авдаг хүүхэд ч бас бий. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар ахмад настнуудын 60 гаруй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Авсан зээлээ өөрийнхөө амьжиргаанд зарцуулах бус үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, автомашины төлбөр, байрны урьдчилгаанд зарцуулсан гэх дүн мэдээ ч гарсан.
Монголын Ахмадын холбоонд ч өндөр настнууд тэтгэврийн зээлийн талаар гомдол санал ирүүлж, шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яамандаа гаргаж, улмаар энэ асуудлыг Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс шийдвэрлэсэн ч амьдралд нь буухгүй байснаас болж, тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг өөрчлөх болж буй.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ахмад настнуудын маань 50 гаруй хувь бага тэтгэвэр авдаг. Тэтгэврээ бүгдийг барьцаалаад зээл авахаар эрсдэлд оруулж байна гэж өөрсдөө ярьсан. Мөн үр хүүхэд нь эцэг, эхдээ мэдэгдэлгүй тэтгэврийн зээл авч ашигласан гэмт хэрэг ч олон гарсан. Энэ асуудлыг зохицуулах шаардлагатай гэдэг хүсэлт Монголын Ахмадын холбооноос ирсэн.
Тийм учраас Монголбанктай ярьж байгаад шийдэл гаргасан нь хатуудсан. Монголбанк ч шийдвэр хатуудсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэврийг авч үлдэх ёстой гэхээр сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 500 мянган төгрөгөө өөртөө авч үлдээд 150 мянгаа тэтгэврийн зээлд өгөхөөр 100 хувь тэтгэврээ барьцаалж байсан ахмадуудад хүндрэлтэй тусч байгаа юм билээ. Тийм учраас тэтгэврийнх нь 50 хувь өөрт нь үлдээд, үлдсэн 50 хувиа зээлд өгөх зохицуулалт хийхээр ярилцаж байна. Гол нь ахмадууд зээлээ өөрийнхөө эрүүл мэнд, асаргаа сувилгаа, хүнсээ бэлдэхэд зарцуулах ёстой.
Ахмадууд ч зөвөөр ойлгох ёстой. Ахмадуудаа чангалах гээд байгаа юм биш. Ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт байсан. Гэвч хатуудсан тул зөөлрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна.
Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг арилжааны банкуудтай ярина. Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулж байгаа банкуудтай тухайн банкнаас зээл авсан ахмадуудад хүүгийн хөнгөлөлт үзүүлээч гэдэг хэлэлцээрийг эхлүүлнэ. Одоо би шууд тэтгэврийн зээлийн хүү тэдэн хувиар буурна гэж хэлж чадахгүй. Бодлогын хүүнээс эхлээд олон зүйлийг харгалзан үзэж, зээлийн хүү тогтдог” гэж мэдэгдэж байв. Гэхдээ одоогоор тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах яриа хэлэлцээр эхлээгүй гэх мэдээлэл бий.
Ямартай ч ирэх зургадугаар сард ахмад настнуудын хувьд тэтгэврийн зээлд тавих шалгуурыг хуучин хэвэнд нь оруулах хүсэлтээ шийдвэрлүүлж авах боломжтой болоод байна.
Г.ХОРОЛ
3,607.57

















































Холбоотой мэдээ