niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 03:33 UTC Эх: https://news.mn/r/2803852/ 85a1d6629b7d1ac5… ← niitlelch.mn руу буцах

Хуучирсан мэдээ: 2025.05.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам БРАВО!

Ардчилсан нам БРАВО!

-Таны хувьд Засгийн газар огцорсон гэж үзэж байгаа юм байна, тийм үү?

-Де факто буюу бодит байдал дээр Засгийн газар огцорсон. Одоо хууль зүйн хувьд тэрийг нь баталгаажуулах процесс л дутуу байна.

-Хамтарсан засгаа үргэлжлүүлье гэсэн хүсэлтийг Ерөнхий сайд тавибал танайх яаж хүлээж авах вэ?

-Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа юм шиг дахиад буцаж орж байдаг сүлд нь хаячихсан юм гэж юу байх вэ дээ. Одоо хэрвээ тийм аргаар Засгийн газар байгуулагдвал ажил хийхгүй аргацаасан, албан тушаал дээрээ сууж үлдэх гэсэн л юм болж үлдэнэ. Философи нь мөн чанар нь байхгүй болно. Ардчилсан нам бол тийм юм байхгүй гэдгийг тодорхой хэжлж байгаа.

УИХ нь Ерөнхий сайдаа авч үлдэнэ гэвэл Засаг нь ямар хэлбэрээр явах нь олонхийн л асуудал. Тэнд манайх оролцохгүй. Хоёрт нь, манай сайдууд ч хэлж байгаа. Хэрвээ засаг үргэлжилнэ гэж ярих юм бол манай найман сайд “Бид эрх мэдэлд үлдэхгүй, өөрсдөө хүсэлтээ өгөөд гараад явна” гэсэн үг хэлсэн. Дээр нь Ерөнхий сайд асуудлаа УИХ -руу оруулж ирэхгүй бол одоо хүлээгдээд байгаа 32 гарын үсгийг бид зураад бүрдүүлчихэж чадна гэсэн. Тэгэхээр байр суурь маш тодорхой байгаа.

Энэ бол УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжингийн хэвлэлийнхний асуултад өгсөн хариулт. Сөрөг хүчин ийм байр суурьтай байна гэсэн үг. Үндсэндээ, АН явж, явж үнэт зүйл дээрээ нэгдэж, УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллах ёстой гэсэн зарчмын үнэт зүйл дээрээ санал нэгдсэн нь БРАВО. Ардчилсан намыг ардчиллын туг болгон харагдуулах боломж олгосон Ардын намын Бага хурлын гишүүд ч БРАВО.

МАН-ын Бага хурлын гишүүдийн болон АН-ын бүлгийн шийдвэр парламентын ардчиллыг хамгаалсан түүх болж үлдэнэ, гарцаагүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүү Тэмүүлэнгийнхээ тансаг хэрэглээний талаар үндэслэлтэй тайлбар хийлгүй, орлогоо ч нотлолгүй олон хонож байна. Түүнээс орлогоо нотлоод огцрохыг залуус шаардан талбай дээрээ гараад мөн цөөнгүй хонож байгаа юм.

Аль ч улсад төсөв захиран зарцуулагч орлогоо баримтаар нотлож чадахгүй бол авлигын хэрэгт холбон огцруулдаг. Харин Монголд эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийг авлигын өмнөөс амиа алдахаас буцахгүй жагсагчид, өлсөгчид бий болов. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг аюултай хэмжээнд аваачиж байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд ёс зүй хариуцлага хүлээх гурван шалтгаан үүссэн.

Нэгдэх нь, түүний төрсөн хүү О.Тэмүүлэн сүйт бүсгүй Ө.Өгөөмөртөө бэлэглэсэн тансаг автомашин, алмаазан бөгж зэрэг нь авлигын бус мөнгө болох нотлох орлогын баримт аав, хүү хоёрт алга.

Хоёрдахь нь, улны иргэд гэж хэлсэн Д.Сарангэрэлт хариуцлага тооцож, албан тушаалаас огцруулах шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө гаргаж байсан. Атал өөрөө ард түмнээ ялаа гэж доромжилсон үгэндээ хариуцлага хүлээгээгүй яваа.

Гуравт, иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж байна.  Энэ гурван үйлдэл Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаас нь огцруулах хангалттай үндэслэл. Цаашлаад орлогоо нотлож чадахгүй бол авлига, албан тушаалын хэргээр ял хүлээх учиртай.

Гэм мэт гурван ял, зэмд унасан Л.Оюун-Эрдэнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр үлдээвэл Монголд засаглалын хямрал нүүрлэнэ. Хийсэн хэрэгтээ ёс зүйн хариуцлага хүлээж огцрох өргөдлөө өгч чадахгүй байгаа Л.Оюун-Эрдэнийг суудал дээр нь үлдээвэл Монголын радио орос, хятадаар мэндлэх вий.

Ирээдүйд нүүрлэсэн энэ мэт аюулаас Монголын ардчиллыг хамгаалах үүрэг АН-д ирсэн, мөн МАН-д ч оногдсон.  Монгол Улс мафийн гарт орохгүй гэвэл МАН-ын бүлэг ч, АН-ын бүлэг ч парламентын ардчиллаа хамгаалах тал дээр эвлэлдэн нэгдэх ёстой юм. Л.Оюун-Эрдэнийн сандал суудлын үнэтэй ийм хямдхан эрх чөлөө, ЭХ ОРОН гэж байхгүй!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
99
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж