niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 03:34 UTC Эх: https://news.mn/r/2803679/ 10f80f03a68d0ed2… ← niitlelch.mn руу буцах

207 дугаар байрны оршин суугчид түрээсгүй, тендер ч үгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2025.05.27-нд нийтлэгдсэн

207 дугаар байрны оршин суугчид түрээсгүй, тендер ч үгүй болжээ

207 дугаар байрны оршин суугчид түрээсгүй, тендер ч үгүй болжээ

Газ дэлбэрэлтэд өртөж, орон байргүй болсон 207 дугаар байрны оршин суугчид түрээсийн мөнгө ч үгүй, барилга нураах компани ч үгүй гацсан талаар мэдээллээ. Тус байрны оршин суугчдын түрээсийн байрны хугацаа 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр дуусах гэнэ. Нийслэлийн удирдлагын зүгээс түрээсийн байрны төлбөрийг найман сараар үргэлжлүүлэн сунгах захирамж гаргаж, оршин суугчидтай гэрээ байгуулсан байдаг.

Харин энэ удаа түрээсийн төлбөрийг иргэдэд олгоогүй учраас оршин суугчид Улсын онцгой комисс, Сангийн яам, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хандаж, өргөдлөө өгчээ.

Энэ талаар оршин суугч Ч.Энхтуяагаас тодруулахад "Оршин суугчдын түрээсийн байрны гэрээний хугацаа 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусч байна. Зарим айлын түрээсийн гэрээ тавдугаар сарын 9-нд дууссан. Бид нийслэлийн холбогдох албаныханд нэг сарын өмнө 63 айлын оршин суугчдын нэгдсэн өргөдлөө өгсөн ч ямар нэгэн хариу өгөөгүй. Сангийн яаман дээр гацсан учраас Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж чадаагүй гэдэг хариуг албаныхан өгсөн. Нийслэлийн удирдлагатай холбогдоход түрээсийн зардлыг гаргуулахаар хөөцөлдөж байна гэдэг хариу өгч байна. Нийслэлийн нөөц хөрөнгөөс 207 дугаар байрыг нурааж, шинээр барих хүртэл түрээсийн зардлыг даана гэж мэдэгдсэн. Бид энэ удаа 2025 оныг дуустал түрээсийн гэрээгээ сунгах хүсэлтэй байна. Гадуур байрны түрээс өндөр байхаас гадна төлбөрөө олон сараар нэгтгэж авч байна" гэдгийг хэлсэн юм.

Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолжээ.

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг гурав дахь удаагаа зарласан ч ямар нэгэн компани шалгараагүй байна. Сүүлийн тендерт хоёр компани материалаа ирүүлсэн ч тэнцээгүй гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм. Энэ талаар өмнө нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодруулахад "Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарласан. Өмнө нь тендер зарлаж, гурван компани үнийн саналаа өгч, нэг компани шалгарсан. Гэтэл нэг компани нь Сангийн яаманд гомдол гаргаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон" талаар мэдээлж байв.

“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр нэг жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлсэн.

ДҮНЖИНГАРАВ ДАХЬ ДЭЛБЭРЭЛТИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААНА

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан газ дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргажээ. Албаныхан сүүлийн хүн шүүхийн захирамж гардан авсан бөгөөд хуульд зааснаар тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол прокурорт хүргүүлэх гэнэ. "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж