niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 04:01 UTC Эх: https://news.mn/r/2803468/ 333e113fb6292dd3… ← niitlelch.mn руу буцах

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий буюу О.Амгаланбаатарын тааруу төсөл

Хуучирсан мэдээ: 2025.05.26-нд нийтлэгдсэн

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий буюу О.Амгаланбаатарын тааруу төсөл

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий буюу О.Амгаланбаатарын тааруу төсөл

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Тус төсөл батлагдвал 2021 оны 08 дугаар сарын 17-нд зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны үр дүнг албан ёсоор тооцон, тухайн барилдаанд амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол нөхөж олгох нөхцөл бүрдэх юм. Үүний үр дүнд улсын заан Б.Бат-Өлзий “улсын арслан” цол хүртэх болно.

Хэрэв энэхүү хууль батлагдвал зөвхөн нэг биш, нийтдээ арван нэгэн бөхөд улсын цол, чимэг олгоно. Үүнд:

  • Улсын заан Б.Бат-Өлзий – Улсын арслан
  • Улсын харцага Э.Ууганбаяр – Улсын гарьд
  • Улсын начин Ч.Батчулуун, улсын начин Т.Довчинсэмбээ – Улсын заан
  • Улсын начин Э.Энх-Амгалан, аймгийн арслан Ц.Адъяа – Улсын харцага
  • Улсын начин Э.Мөнхжаргал, улсын начин Д.Төрболд, улсын начин Э.Нямаа – Чимэг
  • Аймгийн арслан Э.Мөнхбаатар – Улсын начин

Ийнхүү зөвхөн нэг наадмын үр дүнгээр нийт 11 бөхөд улсын цол, чимэг олгох нөхцөл үүсэж байгаа нь цол, хэргэмийн үнэлэмжийг сулруулах, иргэдийн итгэлийг алдагдуулах эрсдэл дагуулж байна. Ялангуяа өмнөх ижил оролдлого нь УИХ-аар дэмжигдээгүй байхад, яг ижил агуулгатай хуулийн төсөл дахин өргөн баригдаж буй нь хууль тогтоох байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Зарим гишүүдийн зүгээс Гиннесийн номонд бүртгүүлсэн 6002 бөхийн барилдаанд ч цол олго гэх саналтай байдаг.

Төсөлд мөн гадаад оронд зохион байгуулагдсан бөхийн барилдааныг Монголын сумын наадамтай адилтган үзэх санал орсон нь улам бүр маргаантай нөхцөл үүсгэж байна. Монгол Улсын Үндэсний их баяр наадам нь тусгай журмаар зохицуулагддаг, түүхэн уламжлал бүхий төрийн ёслолын арга хэмжээ. Тиймээс наадмын барилдааныг буцааж цол олгох зорилгоор хуульд ухарч өөрчлөлт оруулах нь хуулийн тогтвортой байдал, шударга ёсны зарчимтай зөрчилдөж мэдэх юм.

Хамгийн анхаарал татаж буй асуудал бол хуулийн төсөл нь хараахан батлагдаагүй, дөнгөж хэлэлцүүлгийн шатандаа яваа атал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарим сошиал хуудаснууд дээр “цол нөхөж олгохоор болсон”, “арслан цол хүртээнэ” гэхчлэн ташаа, түргэн шуурхай мэдээлэл цацагдаж байгаад оршино. Энэ нь ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж, нийгмийг хуваах, бөхчүүдийг талцуулах аюултай.

2022 онд дээрх асуудлаар бөхчүүд байр сууриа илэрхийлж байлаа. Уншихыг хүсвэл энд дарна уу.

НИЙГЭМД ЯМАР ДОХИО ӨГӨХ ВЭ?

Хууль бол тогтвортой, нийтэд хамаарах, ирээдүйд чиглэсэн баримт бичиг байх ёстой. Гэтэл улс төрийн богино хугацааны ашиг сонирхолд нийцүүлэн хуулийг “ухарч” өөрчлөх оролдлого нь хууль тогтоох байгууллагын нэр хүнд, иргэдийн хуульд итгэх итгэлийг сулруулах аюултай. Өнгөрсөн наадмын дүнг засахын тулд хуульд зориулалтын бус өөрчлөлт оруулах нь ирээдүйд өөр олон салбар, шийдвэрүүд дээр ч шударга бус жишиг тогтоох эрсдэл дагуулна.

Нөгөө талаараа, энэхүү асуудал нь одоо ид сайн барилдаж буй улсын заан Б.Бат-Өлзийгийн сэтгэл зүйд ч сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Түүнийг энэ жилийн үндэсний их баяр наадамд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх хэмээн олон хүн нэрлэж байгаа. Гэтэл наадмын өмнөхөн ийнхүү талцал дагуулсан, үл ойлголцол төрүүлсэн хуулийн төсөл, явган яриа гарч байгаа нь Б.Бат-Өлзий зааны бэлтгэл, сэтгэл санаанд чухал нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Бөх хүн тайван, итгэл төгс, төвлөрсөн үедээ дээд амжилтаа гаргадаг. Харин ийм маргаантай, тодорхой бус нөхцөл байдал түүний барилдаанд нөлөөлөх нь дамжиггүй.

Хуулийн төсөл нь эцэслэн хэлэлцэгдээгүй, олон шат дамжлагаар орох ёстой ч аль хэдийн “батлагдах гэж байна” гэх мэт мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж буй нь анхаарал татахуйц асуудал юм. Улсын их баяр наадмын уламжлал, нэр хүнд, хууль тогтоох зарчим хоёрыг улс төрийн оноо авах хэрэгсэл болгох нь нийгэмд хор хөнөөлтэй. Иймд энэхүү хуулийн төслийг олон нийтийн дэмжлэг, хууль зүйн зарчим, урт хугацааны үр дагаврыг харгалзан үзэж, мэргэжлийн түвшинд, үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж