Унасан бөхөд шалтаг хэрэгтэй. Засгийн газрын тэргүүн сайн дураараа өөрийн хүсэлтээр огцроход ч бас шалтаг хэрэгтэй. Тэр нь шаахай эсвэл цүнх юу ч байж болно. Ямартай ч арав орчим сарын өмнө ам тангараг өргөж, хурдтай хөгжлийн төлөө зориг гаргаж хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргаж, улсын их баяр наадмын өмнөх өдөр шөнөжин хуралдаж, үүр цүүрээр МАН, АН, ХҮН намаас томилогдсон сайд нар тангаргаа өргөж байлаа.
УИХ-д суудалтай улс төрийн намууд хамтрахгүй л бол ажил урагшлахгүй, хууль эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдэхгүй, олон жил гацсан мега төслүүд урагшлахгүй гэж байсан МАН-ынхан хэлсэн үгнээсээ буцаж, хэрэг зоригоосоо ухарлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү найз охиндоо үнэтэй бэлэг сэлт, брэндүүд бэлэглэж, сүйн бөгж өгөхдөө "Сэвэн нуга" амралтын газрыг бүтнээр нь түрээсэлж, нисдэг тэрэг хөлөглөсөн нь олны шүүмжлэлийг дагуулж, орлогоо нотлохыг шаардсан иргэд төв талбайд жагсаж байна.
Ерөнхий сайд болоод түүний хүүг орлогоо нотлохыг шаардсан шаардлагын хариуд хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэрийг МАН-ын бага хурлаас гаргаж, шинээр Засгийн газар байгуулахаар болсон. Уг шийдвэрийг гурван намын даргад танилцуулна гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар албан ёсоор танилцуулсан зүйл алга. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Нэгэнт МАН-ы бага хурлаас шинэ Засгийн газар байгуулж, хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргахаар шийдвэрлэсэн учраас Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн болж өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхой болсон юм.
Хааны суудал халаатай гэдэг. Ирэх өдөр байхад явах өдөр ч бий. Дайрч гарснаас тойрч бултсан нь үгүй. Цагтаа шударга ёсыг тогтоох тэмцлийг толгойлж М.Энхболдыг суудлаас нь унагахын тулд өвлийн идэр есийн хүйтэнд жагсаж байхдаа “Байнгын хорооны ч дарга болохгүй” гэж мэдэгдэж явсан Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш Ерөнхий сайдын тамгыг атгаж байна.
Түүний өмнө Засгийн газрыг тэргүүлж байсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд, цар тахлын үеэр жирэмсэн ээжийг шаахайтай тээвэрлэсэн төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйлдлээс үүдэн ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох хүсэлт гаргасан Ерөнхий сайд болж байв. Тэгвэл одоогийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мөн өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгвөл Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар сайн дураараа сандал суудлаа хүлээлгэж өгдөг ёсзүйт төртэй улс болоход ойрхон болоод байна.
Ямартай ч өчигдөр Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгнө гэсэн мэдээлэл байсан боловч тийм зүйл болоогүй. Харин Ардчилсан намын дарга Л.Гантөмөр улс төрийн хариуцлага хүлээж, намын даргын ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Байгуулсан засаг нь уначихаар надад намын даргаараа үлдэх сэтгэл зүй, сонирхол алга. Тиймээс би хариуцлагаа хүлээнэ. Би Л.Оюун-Эрдэнэд, МАН-ын залуу үед итгэж байсан. Энэ мөчид итгэлээ тасалж байна. Дараагийн намын даргаар намаа хүчтэй, эвтэй байлгахад ур ухаан гаргадаг хүн байгаасай гэж хүсэж байна гэж мэдэгдсэн юм.
Энэ хугацаанд дараагийн Ерөнхий сайд хэн болох талаар таамаглалууд өрнөж байна. Санаатай болон санаандгүй байдлаар ганц нэг хүний нэр хэвлэлийн хуудсуудаар гарч байна. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэгчилэн Ерөнхий сайд болох ил, далд хүсэлтэй хүмүүс “Л.Оюун-Эрдэнэ хэзээ өргөдлөө өгөх бол” гэсэн бодолд дарагдаж, нойргүй хоноцгоож байна. Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь тодорхой болсон учраас онгойж буй сайд нарын албан тушаалыг горилогчид ч олон болж буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгвөл түүний хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БҮРДҮҮЛСЭН ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР

МАН:
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
- Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
- Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
- Сангийн сайдаар Б.Жавхлан
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгалан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
АН:
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
- Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн
- Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү
ХҮН:
Шадар сайд Т.Доржханд /Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан/
- Боловсролын яам П.Наранбаяр

3,607.57






















































Холбоотой мэдээ