Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ардчилсан намыг гаргах шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гаргасантай холбогдуулж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн үндэслэлээр хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийг Ардын намын Бага хурлаас гаргалаа. Хэр үндэслэлтэй тайлбар гэж та харж байна вэ?
-Хоёр юмыг бодох ёстой. Аль ч Засгийн газар сонгуулийн дараа ажил хийх хугацаа бол хоёр жил. Үлдсэн хоёр жил нь Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль болно гээд улстөржөөд эхэлдэг. Ажил хийх хоёр жил дотор том төслүүдээ явуулъя, энэ улс оронд хэрэгтэй эдийн засгийг ажиллуулъя гэж бодоод хамтраад ажиллахад нь шүүмжлэхгүй дуугуй байсан.
Ардчилсан нам бол гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатай биелүүлсэн. Та бүхэн санаж байгаа бол том төслүүдийг гацаанаас гаргах, УИХ дээр кноп дарахад хамгийн хариуцлагатай хуралд суугаад асуудлыг дэмжээд явж байсан нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд.
Дээр нь асуудал хариуцсан Ардчилсан намын сайд нар ажил дээрээ зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөөрөө л ажилласан. Гэрээ зөрчсөн гэдэг бодит дүгнэлт биш. Ардын нам огт шүүмжлэл сонсож сураагүй, ажил хийхэд шүүмжлэл байнга гардаг. Ардчилсан нам дотроо ч асуудлаа ил тод яриад шүүмжилдэг, өөрийнхөө намын дарга битгий хэл өрөөлийн Ерөнхий сайдыг ч шүүмжлээд алдаа дутагдал байвал хариуцлага тооц гээд шаардаж чаддаг нам. Та бүхэн анзаарч байсан бол цөөн гишүүн тийм яриа гаргаж байсан, гарын үсэг зурсан нь гурав байх.
Гэхдээ шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол бодитойгоороо энэ улс оронд дуугүй байх дарангуйлал тогтоочихсон байна л гэсэн үг.
-Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван намын хамтарсан гэрээнд бие биенээ шүүмжлэх юм уу, огцруулах гарын үсэг цуглуулахгүй гэсэн заалт байсан уу?
-Гурван намын гэрээн дотор ийм нарийвчилсан заалт байхгүй. Бид нарийвчилсан заалт оруулахын тулд ямар ажил хийх юм юм, ямар үр дүнд хүрэх юм, яаж хэмжигдэхийн гэдэг зүйл ярьсан боловч нэг өдрийн дотор ерөнхий гурван заалттай гэрээ байгуулъя гээд манай намын бүлэг гэрээгээ хүлээгээд зогсож байтал араар баталчихсан ш дээ. Та бүхэн бүгдээрээ тэр түүхийг санаж байгаа байх.
-Ардчилсан намын дараагийн нүүдэл юу вэ?
-Бид нүүдэг нам биш бид ажил хийдэг нам. Бид угаасаа энэ улс оронд юу зөв нь юу вэ, буруу нь вэ гэдгийг байнга сануулж хэлдэг нам. Тэр ажлаа л хийнэ.
-Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгө орлого нготлох асуудал танай намын хариуцлагын асуудал болж хувирсанд та юу хэлэх вэ?
-Ардын нам байнга л ийм юм хийдэг ш дээ. Угаасаа зальжин. Ямар нэгэн сөрөг мэдээлэл гарч ирээд эсхүл бол ямар нэг шавар шавхай наалдаад ирэхээр өрөөлд наачихаад өөрсдөө цагаан болоод гүйгээд явдаг нам.
Логикийг нь бол жирийн эрүүл саруул ухаантай хүн ойлгохгүй. Байгалийн тэнэгдүү хүн дагаад жаахан алга таших байх.
-Дараагийн Засгийн газар яаж бүрэлдэх бол гэж харж байна?
-Нэг бус гишүүдийн амнаас та бүхэн сонсож байгаа байх. Өнөөдөр болж байгаа үйл явц ардаа Үндсэн хуулийн өөрчлөлт болон Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан байх вий. Ер нь та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Би энэ үгийг сүүлийн 15 жил хэлж байна.
Чөтгөрийн суудал гэдэг үг. Тэр суудал дээр очсон хүн болгон яагаад эрх мэдэлд тийм дуртай болдог юм бол. Яагаад өөрийгөө алх бариад бусдыг хадаас гэж хараад бүгдийг дээрээс балбах гэж оролддог юм бол. Тэгээд зогсоогүй энэ эрх мэдлээ сунгах гэж байнга оролддог.
Эрх мэдэл дээр өөрийгөө хадах гэж байнга оролддог. Тэр Ерөнхийлөгч нь Ардчилсан намаас байна уу, Ардын намаас байна уу ялгаагүй. Ерөнхийлөгч болсон хүн болгоны ард үүсдэг адын шунал байна ш дээ, эрх мэдлийн төлөөх. Тэр шунал битгий амилаасай гэж хүсэж байна.
-Дараагийн Засгийн газарт Ардын нам УИХ дахь жижиг намуудыг оруулах сонирхол байна гэж харж байна. Хэр боломжтой вэ?
-Боломжтой. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгууль хүнээ нэр дэвшүүлнэ. Энэ нэр дэвшүүлэлтэд дээрх намуудаас нэр дэвшигч хэн байхаас үл шалтгаалаад санал хуваах, хэн нэгнийг гүтгэн харлуулах, хажуунаас нь хавирга руу бүлэх гээд Түгжил гэж ярьдаг. Тэр ажлыг хийх хэмжээний нөхөрлөл Ардын намд хэрэгтэй ш дээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ