НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Улмаар бүлгийн гишүүд саналыг нь дэмжиж, Удирдах зөвлөл болон Бага хурлаа зарлан хуралдуулж, хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай эсэхийг хэлэлцэхээр болсон талаар тус намын бүлгээс мэдээллээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа “Бүлгийн хуралдаанд өнөөдөр Ерөнхий сайдаас гадна МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, мөн УИХ-ын дарга оролцлоо. Ерөнхий сайдын хүү нь энэ долоо хоногт ирэх юм байна лээ. Авлигатай тэмцэх газарт албан ёсны мэдүүлгээ өгөөд аавтай нь холбоотой юу гэдэг нь шалгалтын явцад гарна. Ерөнхий сайдын зүгээс асуудал үүссэн, орлогоо нотлох ажиллагаа явагдана. Би шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогуудаа танилцуулсан.
Улс төрийн намууд, УИХ дээр ч тэр УИХ-аас гадуур ч хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах нь буруу гээд байр сууриа бүлэг дээр ч, хэвлэлд ч гишүүд илэрхийлж байгаа. Тийм учраас хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрийг гаргасан институци нь Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай юу, буруу гэж үзэх юм бол дараагийн алхмаа авъя гэсэн саналыг Ерөнхий сайд гаргасан. Түүнээс гэр бүлтэй нь холбоотойгоор үүссэн асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах тухай яриагүй. Бүлгийн хурал хараахан дуусаагүй байна.
Ер нь Засгийн газарт хамтарсан бусад улс төрийн намууд өөрсдийнхөө хүрээнд мэдээллээ хийх байх. ХҮН намын бодлогын зөвлөл мэдээ гаргасан байсан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд О.Цогтгэрэл дарга байхгүй тул энэ асуудлыг хэлэлцэхгүй, ирэхээр нь ярилцая гэсэн байсан. Тодорхой шийдвэрүүдээ гаргах байх, хэвлэлийн мэдээлэлтэй байна” гэлээ.
Ерөнхий сайд МАН-ын Бага хурлыг хуралдуулах санал гаргажээ
НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, өнгөрсөн Бямба гаригт хүүтэйгээ холбоотойгоор өгсөн тайлбарынхаа хүрээнд гишүүдэд мэдээлэл өгчээ. Улмаар ойрын хугацаанд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг зарлан хуралдуулъя гэсэн санал гаргасан юм байна. Гэвч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эсэргүүцжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын Бага хурлаар яг юу хэлэлцэх вэ. Танай гэр бүл, танай хүүхэдтэй холбоотой, таны улс төрийн ёс зүйтэй холбоотой асуудлыг ярих бол зөвшөөрөхгүй. Яагаад Ерөнхий сайд өөрөө дангаараа шийдвэр гаргах бололцоотой асуудлыг өнөөдрийг хүртэл даамжруулаад түүндээ намын гишүүд, парламентын гишүүдийг оролцуулах гээд байна вэ” гэдэг асуудлыг сөргүүлэн тавьсан байна.
МАН-ын бүлэг Татварын хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.05.19/ 10.00 цагаас хуралдаж эхэлсэн бөгөөд нийт таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн талаарх танилцуулга, Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулга, Туул хурдны замын бүтээн байгуулалтын танилцуулга, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүлэх, орон сууцжуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрх зүйн орчинтой холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх танилцуулга зэргийг хэлэлцэх юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ