Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд ойрын саруудад олон үзэгдэл давхардаж буй. Нэгээс нөгөөд, нөгөөгөөс дараагийнх руу хэмээн өрнөх тэр олон үйл явдал дунд төөрч, будилж, тээнэглэзэх ч зав өгөхгүй үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээнүүдийг цувруулан зохион байгуулж байгаагийн хэд хэд нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд боллоо.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ "ЯЛАА"-НУУДАД ОЛДСОН БУЙДХАН ЧӨЛӨӨ

Ногоон зүлэг, алаг самбартай олон асрын ард буйдхан хэсэгт ардчилсан Монгол Улсын иргэд үзэл бодлоороо нэгдэж, амаргүй цаг үеийн илэрхийлэл болон таван өдөр тайван замаар шаардлагаа хүргүүлж жагсч байна. "Огцрох амархан" жагсаалд олны танил эрхмүүд, улстөрчид, сошиалын одууд оролцож байгаа ч гол мөн чанар нь энэ удаа органикаар оролцогчдын дийлэнх нь залуус, өсвөр үеийнхэн байгаагаар онцлог.
"Ялаа"-нууд хэмээн Ерөнхий сайддаа егөөдүүлсэн ч тэмцэл, шаардлагаа тайван замаар илэрхийлнэ шүү хэмээн нэгэндээ уриалах залуусын үгс.
Чадах чадахаараа нэгэндээ дэм болж, уриа лоозон, ус ундаа боломжоороо дөхүүлж, спикерээр бусаддаа үзэл бодлоо цэгцтэй илэрхийлж буй залуусыг зорин ирсэн хүн бүр соёлтой байгааг хэлж байлаа. Хүчирхийлэл, үймээн самуунаас ангид гэдгийг тодотгосон иргэдийн тус жагсаал 27 хоног үргэлжилнэ.
Жагсагчдын зүгээс "Орлогоо нотлох амаргүй. Огцрох амархан", "Бэрх"-ийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо", "Ерөнхий сайд: Орлогоо нотол" гэсэн уриа лоозонгууд барьжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцруулах үндэслэлүүдийг жагсагчдын зүгээс спикерээр сануулж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Үндэслэл нь:
1. Инфляци, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.
2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй.
3. Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус
4. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.
5. Ардчиллын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн.
6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан
7. УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан
8. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй зэргийг нэрлэжээ.
Мөн жагсаалд зорин ирсэн болон төв талбайгаар өнгөрөхдөө тус жагсаалыг сонирхон зөрж байгаа иргэд талбайн хоймор буйдхан хэсгийг л жагсагчдад олгосонд ундуйцаж байгаагаа хэлж байв.
НОМЫН БАЯРТ ОРОЛЦОГЧИД Ч ОГЦРОХ ШААРДЛАГЫГ ИЛЭРХИЙЛЖЭЭ

37 дахь номын баяр энэ удаад урьд урьдын жилээс онцлог болж өнгөрөв. Баярт оролцогч олон асар "Огцрох амархан" шаардлагад нэгджээ. Төв талбайд иргэд олноор цуглах чөлөө үл олгож байгаа ч өрнөж байгаа үйл явдалд оролцогчид тэмцэл, уриалгаа өөрсдийн хэмжээнд чадахаараа илэрхийлж байгаа нь энэ. Хүмүүс үзэл бодлоо ч илэрхийлнэ, номын шоппингоо ч хийнэ, үзэж, харах, тухлах орон зайгаа ч өөрсдөдөө бүрдүүлж өнгөрсөн амралтын өдрүүдэд төв талбайд хөл хөдөлгөөн огт тасраагүй.
Ном, амттан, хоол, жижиг гар урлалын үзэсгэлэн худалдааны зэрэгцээ ногоон зүлэг дээр тэр олон хүн зөрж өнгөрч байгааг анзаарах ч сөхөөгүй дуртай номоо авахуулан тухлан уншиж байгаа хүүхдүүд хайр татам харагдана.
Унших соёл, амьд харилцаа, уран зохиол, адал явдал, өнгөт цэнхэр орчлонг танин мэдэх харилцааг ном бидэнд гарцаагүй таниулдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус баярт оролцогчид болоод хүссэн номоо худалдан авахаар зорин ирсэн хүн бүр зохион байгуулалт, жигдрэлт тун дажгүй бөгөөд асар бүрийн танилцуулга утга агуулгатай байгааг онцолж, хамт яваа нэгэндээ сонирхуулж байгаа харагдав. “Илүү их уншъя” уриатай энэ удаагийн баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд түүндээ ч гарцаагүй хүрж, хүртээмжтэй зохион байгуулалттай болж өнгөрснийг зохион байгуулагчид онцоллоо.

ЖУУЛЧДЫГ ТАТАХ АВАРГА АСАР ЖУРМЫГ САХИУЛАХ ГОЛ БАМБАЙ ЮУ?

Нөгөө талд төв талбайг өдөр бүр үйл явдалтай байлгах бас нэгэн тактик байж болзошгүй зүйл нь талбайн дийлэнх зайг эзэлсэн сүрлэг том асар. Сүйд гэхээр чухал арга хэмжээгүй ч энэ сарыг дуустал байлгах жуулчдыг татах зорилго бүхий тус асрын гол утга нь иргэд нэгдэхээс сэргийлсэн "бамбай" байж болзошгүйг талбайд цуглагчид хэлж байлаа.
Талбайн урд хэсгийг таллан эзлэх том асар, түүний зэргэлдээ өдөр алгасахгүй өрж, сэлгэх олон жижиг асар. Агуулга нь талбайд завсар, зай багахан гаргах байж магадгүй.
Үүнийг иргэдийн хэлж байгаагаар урьдчилан тооцоолсныг ч үгүйсгэх аргагүй. Учир нь төв талбай зун дуустал олны хөлд дарагдахыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолсон. Учир нь энэ хавар, зун улаанбаатарчууд төдийгүй жуулчдыг татах зорилгоор нийслэлээс олон төрлийн үйл ажиллагааг төв талбайд зохион байгуулна гэсэн юм.
Жагсаалыг сарниулах зорилгогүй гэх ч хоолны фестиваль, циркийн өдөрлөг, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа хэмээн өдөр алгасахгүй төв талбайн асар, майхнуудыг буулгахгүйгээр хөтөлбөр зохиож байгаа нь хардах эрхийн хүрээнд харвал халаглах үйл явдал мөн гэхэд хилсдэхгүй.







Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ