niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 05:31 UTC Эх: https://news.mn/r/2801574/ 9552c486070cc552… ← niitlelch.mn руу буцах

Дотоод зодоондоо гадаад бодлогыг оролцуулж болдоггүй юм, спикер ээ!

Хуучирсан мэдээ: 2025.05.16-нд нийтлэгдсэн

Дотоод зодоондоо гадаад бодлогыг оролцуулж болдоггүй юм, спикер ээ!

Дотоод зодоондоо гадаад бодлогыг оролцуулж болдоггүй юм, спикер ээ!

Цагаан байран дахь эрх баригч намын зодоон Төрийн ордныг донсолгож байна. Эрх барьж буй улс төрийн аливаа нам парламентдаа сөрөг хүчингүй болчихоор өөр хоорондоо зодолддог нь бичигдээгүй хууль шахуу. МАН-МАН-даа, АН-АН-даа, ХҮН-ХҮНдээ дайсагнасан зодоон нь эдийн засгаа ч чирж унагаах эрсдэл оруулсан.  Эл зодоонд оролцоогүй , төвийг сахиж ирсэн ганц салбар нь гадаад харилцаа байв.

Газарзүйн байршлийн хувьд Монгол түгжигдмэл улс. Атал аливаа жижиг улсын гадаад харилцаа газарзүйн байршлаасаа ихээхэн хамаардаг. Сонголтгүй газар зүйн байршлаасаа болоод гадаад харилцаандаа ухаалаг, уян зөөлөн бодлого хэрэгжүүлдэг.

Гадаад харилцаандаа баримтлах бодлогоос үндэсний аюулгүй байдал хамаардаг болохоор тэр. Монголын хувьд төвийг сахисан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг нь жижиг улсын амьд үлдэх арга тактик нь юм. Энх тайвны бэлэг тэмдэг болохын тулд ингэдэг юм биш, ийм бодлого хэрэгжүүлж байж хоёр их гүрний дунд аюулгүй байдлаа хамгаалж, хадгалж оршдог.

Атал УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлсэн байр суурь гадаад улсдаа таагүй мессеж болж хүрэхээр байлаа. Тодруулбал, “Монголтой дипломат харилцаатай улс орон Монголын ард иргэдэд тэр зарчмаар хүндэтгэлтэй хандах ёстой. Визний зөвшөөрөлтэй ч БНСУ-ын хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар ямар ажил хийж байна вэ.  Жижиг асуудал биш, нөгөө талын асуудал ч биш” гэдгийг Гадаад харилцааны сайдад анхааруулж асуулт, хариулт өрнөсөн. Спикерийн энэ асуултад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариу тайлбар өгөхдөө “БНСУ хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг буцаах компанит ажлыг сүүлийн хоёр жил хийж байна.  Үүнээс болоод очсон зорилгоо тодорхойлж чадахгүй,  хил дээр шалганы асуултад бөглөсөн материалаасаа өөр тайлбар хэлэх, тосох хүний утас, очих хаягаа мэдэхгүй гэх мэт БНСУ-ын гаргасан дүрэм журмыг зөрчсөн Монгол иргэдийг хил дээрээс буцааж байгаа. Гадаад харилцааны яам энэ асуудлаар БНСУ-ын холбогдох албаныхантай уулзсан. Тэд баримт нотолгоо, бичлэг дүрс үзүүлсэн байна лээ” гэх тайлбар өгсөн нь спикер Д.Амарбаясгаланд таалагдсангүй. Таалагдаагүй шалтгаан нь Б.Батцэцэгийн хариулт, тайлбар гэхээсээ цаана нь цагаан байранд өрнөж буй улс төртэй нь холбоотой болох нь ойлгомжтой.

Энэ үйл явдлаас нэг хоногийн өмнө, Лхагва гаригт БНСУ-д зорчихоор виз авсан Монголын иргэд тус улсын хил дээрээс олноороо буцаж, эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар Н.Соёл-Эрдэнэ гэх эмэгтэй “Нөхрийн хамт 2025 оны тавдугаар сарын 12-нд МИАТ компанийн онгоцоор БНСУ-д хүрч, Инчеон нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтэрсний дараа хүний миний бүх бичиг баримтыг хурааж цааш нэвтрэхийг хориглосон” гэж БНСУ-ын Элчин сайдын өмнө эсэргүүцэл хийсэн. Энэ нь спикерийн чихэд тэр дорхноо хүрч, ингэтлээ санаа тавьж байгаа нь МАН-МАН-тайгаа хийж буй “зодоон”-ы нэг хэсэг. Бичиг баримтын зөрчилтэй бол аль ч улсын хилийн давах боломжгүй.

Тэгээд ч аливаа улс хилээрээ хэнийг нэвтрүүлж, хэнийг хориглох нь тухайн улсын хууль тогтоомж, дүрэм журмаар шийддэгддэг. Энд УИХ-ын дарга Б.Батцэцэгийг мянга шахаж, шаардаад жижиг улсын асуудал жижиг хэвээрээ үлдэнэ.

Харин ганц, хоёр хүний асуудлыг томруулж байгаад тэнд ажиллаж, амьдарч буй монголчууддаа гай дагуулж мэдэх юм. Улмаар хоёр улсын харилцаанд ч сэь суулгаж болзошгүй.

БНСУ-д Монгол Улсын 60 мянга гаруй хүн ажиллаж амьдарч, сурч байгаа гэсэн статистик бий. Тэдний “агнах” ажиллагаа эрчимжвэл хэлсэн үгнийхээ бурууг спипер хүлээж авах уу. Үнэндээ Монголоос Өмнөд Солонгос руу явж байгаа иргэдийн дийлэнх нь тус улсад хууль бусаар ажиллахаар очиж буйг шалганы ажилтнууд нь бүгд мэдэж байгаа. Ганц БНСУ ч гэхгүй аль улс дүрэм, журам зөрчсөн, хэн болгоныг шалган дээрээсээ буцаадаг хуультай.

Спикерийн хэлсэнчлэн БНСУ-Монгол хоорондоо дипломат харилцаатай байлаа гээд тэр нь дүрэм журмаа зөрчих ёстой гэсэн үг биш, зөрчих эрх ч солонгосчуудад бүр байхгүй. Тэд манайхан шиг авлигаар асуудлаа шийддэг улс биш шүү дээ.

Тэгээд уг бүсгүйн ард Женко.Баттулга байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс татагдсан. Женко ард нь байгаа бол зорилготой, зохион байгуулалттай, санхүүтай, дүртэй "төсөл" хэрэгжиж байна гэж ойлгоход буруудамгүй. Х.Баттулга яавчиг Монголд ашигтай зүйл хийхгүй гэдгээ харуулчихсан хүн шүү дээ.

Тиймээс дотоодын улс төрийн дажиндаа гадаад бодлогодоо татан оролцуулбал гуравдагч том хөршийнхөө итгэлийг алдана. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш БНСУ мана найдвартай эдийн засгийн түншүүдийн нэг байсаар ирсэн. Монголын олон зуун хүнийг орох оронтой, ажиллах компанитай болгож өгсөн.

1990 оны байдлаар хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2.7 сая байсан бол 2024 оны эцэст 620 сая ам.доллар болжээ. Мөн монголчууд БНСУ-аас суудлын автомашин, ачааны автомашин, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг голчлон импортолдог бол тус улсад молибден, жонш зэрэг ашигт малтмалын төрөл, ноолууран хувцасны төрлийн бүтээгдэхүүн экспортолдог. Монгол Улсын гадаад бодлогод БНСУ нь хүндтэй байрыг эзэлдэг гуравдагч хөрш билээ.

Асуудал нь Б.Батцэцэгтээ биш, бусдын газрын дүрэм журмаа сахидаггүй монгол иргэдтэй холбоотой. Хамгийн гол асуудал нь МАН-ын цагаан байранд хэдийнэ шинэ Ерөнхий сайдын тэмцэл эхэлсэн. Б.Батцэцэгийн нэр ч ихээсэн дээгүүр яригдаж байгаа. Д.Амарбаясгаланд тийм хүсэл зорилго байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ  байна аа, улстөржих салбар, улстөржихгүй салбараа гэж бий. Гадаад харилцааны бодлогоо дотоодын хэрүүлдээ татан оролцуулж болдоггүй юм, УИХ-ын дарга аа!

Б.ХОНГОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж