Монголын улс төрийн түүхэнд анх удаа олон мега төслийг хөдөлгөхөөр хүч нэгтгэсэн хамтарсан Засгийн газрын тэргүүнийг тойрсон ээлжит шуугиан ойрын өдрүүдэд олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж буй. Ямар сайндаа тайлбар нэхэж, арга мухардсан иргэд ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж Засгийн газрыг огцрохыг шаардаж, өнөөдөр гурав дахь тайван жагсч байна. Иргэдийг ихэд бухимдуулсан ерөнхий сайдын хөрөнгө орлогын талаар тэгвэл хамтарсан засгийнхан, нам, намын дарга нар, УИХ-ын гишүүд юу хэлэв?
“ИРГЭДИЙН ШААРДЛАГА ЗҮЙ ЁСНЫХ”

УИХ-ын гишүүүн, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.НОМТОЙБАЯР:
-Үндэсний эвслийн удирдах зөвлөл, гишүүд цуглаагүй байна. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хураана гэсэн хуулиа яасан билээ? Угаасаа тэр хуультай, хуульгүй хөрөнгөжсөн бол улс татаж авдаг шүү дээ. Ял авсан тохиолдлууд ч байдаг. Хэдүүлээ маргаад байх юм байхгүй. Бодит үнэнг бүгд мэднэ. Нам дагасан, намын албан тушаалтныг дагасан залуучууд хөрөнгө, албан тушаалын хувьд ердийн залуучуудаас хол тасардаг.
Энэ заваан тогтолцоог эвдэх ёстой. Төрийн албыг хувьчлах хэрэгтэй.
Төрийн зарим албаны чиг үүргийг хувийн хэвшил рүү шилжүүлвэл 10 их наядыг хэмнэнэ гэсэн тооцоо судалгаа байна. Мөн төрийн өмч хувьчлалыг бид зайлшгүй хийх хэрэгтэй.
УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан. Дөрвөн жилийн хөтөлбөр баталсан. Өнөөдөр чуулганаар 2026 оны төлөвлөлтүүдийг хэлэлцэж байна. Энэ өөрөө хуулиар зохицуулагдсан учир хувь хүнээс хамаарахгүй байна.
Засаг өөрчлөгдөхөөр ажил явахгүй гэсэн үг биш. Ард түмэн, төрийн өмнө хүлээсэн эрх зүйн зохицуулалт шүү дээ.
Талбай дээр жагсч байгаа иргэдийн тухайд зүй ёсны шаардлага тавьж гэж би хувьдаа дүгнэж байгаа. Энэ байх ёстой. Нөгөө талдаа эрүүл улс төрийн орчинг бүрдүүлээсэй. Хамгийн гол нь үр дүн чухал. Гишүүд ч цочимтгой хандаж байгаа. Улс төр өөрөө цэвэрших, шударга, эрх зүйт орчин бий болох хүлээлт байгаа.
Би дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна.
“ЭНЭ БОЛ СААРМАГЖУУЛАХ ҮЙЛ ЯВЦ”

Шадар сайд, ХҮН намын дарга Т.ДОРЖХАНД:
-ХҮН нам хамтарсан Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг. АН мөн ялгаагүй хамтарсан Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг. МАН ч ялгаагүй. Энэ гурван нам нийлээд тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдэцгээе, эр зориг гаргацгаая гэж байгаа эрх баригчид. Иргэдийн улс төрийн мэдлэг муу байна. АН, ХҮН нам сөрөг хүчин байх ёстой гээд. Бид одоо тэс өөр эрх зүйн тогтолцоонд орсон. Хоёр намын систем чинь буцаад нэг намын систем рүү ороод байна. Нэг нэгэндээ дэгээ тавьж ажил хийлгэдэггүй юм байна. Жагсаад байдаг юм байна.
Буруу ч бай, зөв ч бай бүх асуудлаар гүтгэж харлуулаад байхаар ажил явдаггүй, Засгийн газар 1.5-1.8 жил ажиллаад ажил явдаггүй юм байна гэж Германы буюу баруун Европын парламентын загварыг бид авсан.
Ингээд бид хамтарсан Засгийн газар дандаа байх боломжтой юм байна, ингэж байж цөөхөн монголчууд асуудлаа шийдэж чадна. Өчигдөр л гэхэд Монгол Улс 75 жилийн түүхэнд хоёр дахь хил холболтоо хийж байна. 75 жил гэдэг бол маш харамсалтай. Социализмын үед хийж чадаагүй, 1990-ээд оноос хойш ч хийж чадаагүй. Үр дүнд 60 тэрбумын орлогоо алдсан. Энэ бол бага тоо биш маш их хэмжээний алдагдал.
Гэтэл энэ том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна. Т.Доржханд гэдэг хүн худал хэлж, хулгай хийх гэж Засгийн газарт ороогүй. Эрх мэдэл байхгүй шүү дээ. Шулуухан хэлэхэд эрх мэдэл байхгүй. Монгол Улс ардчилсан орон мөн ч гэсэн иргэд ингэж болохгүй.
Орлогоо нотло гэдэг зүйл ардчилсан улсад байх зүйл. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад асар том эдийн засгийн асуудал яригдаж байхад ийм зүйл хийж, хов жив хөөх нь зохисгүй.
Энэ бол саармагжуулах үйл явц. Маш буруу. Бидэнд эрх ашгийн эрэмбэ чухал. Мега төслүүд хэрэгжих болохоор л эсэргүүцэгчид гараад ирдэг. Хил холболт, мега төслүүд хэрэгжих гэхээр л орлогоо нотло зэрэг хов жив гарч ирэх тохиолдол нь өөрөө сонин байна. Том төслүүд яригдахаар л Засгийн газар огцор гэдэг. Л.Оюун-Эрдэнэ хулгай хийж, худал ярих хүн биш. Том төслүүд хөдөлж, бүтээн байгуулалт эхлэх үеэр огцруулах жагсаал болдог нь тохиолдол
“ГИШҮҮД ДАГАЖ САВЧААД, МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД БАЙХ НЬ БУРУУ”

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга А.АРИУНЗАЯА:
-Би байнгын хорооны дарга биш учраас ямар өргөдөл ирж байгаа талаарх мэдээлэлгүй байна. Яг гомдол ирэх юм бол байнгын хорооны дарга ажлын хэсэг байгуулах уу, хэнээр ахлуулах уу гэдэг процесс явагдана. Дараа нь ажлын хүрээнд холбогдогч талуудын мэдээллийг сонсож, ярилцаад, ёс зүйн зөрчил байна гэж үзэх юм бол 3 хүрээнд хариуцлага тооцдог.
- Сануулах арга хэмжээ авах
- Уучлалт гуйлгах
- 6 хүртэлх сарын цалин хасах
Иргэдтэй адил сошиалаар мэдээлэл харж, авч байна. АТГ-т хоёр хүн өргөдөл өгсөн гэж сонссон. Тиймээс тухайн байгууллага нь шалгаад мэдээлэл өгөх байх гэх хүлээлттэй байна.
Яг одоо нотолгоо баримт байхгүй байна. Хүү нь найз охиндоо бэлэг өгсөн асуудал яригдаад байх шиг байна. Тиймээс хэзээ өгсөн, ямар орлогоос бэлэг өгсөн зэрэг асуудал яригдах ёстой байх.
Тухайн насанд хүрсэн хүү өөрөө орлогогүй бол аав, ээж, ах, дүү, магадгүй койноор баяжсан юм уу гэдгээ нотлох хэрэгтэй. Нотолгоог нь мэдэхгүй байж УИХ-ын гишүүд хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс дагаж савчаад, элдэв янзын мэдэгдэл хийгээд байх нь буруу болов уу гэж бодож байна.
“АЛЬ Ч ОРОНД ЖАГСААЛ ДЭЭР ЕРӨНХИЙ САЙД НЬ ШУУД ГАРЧ ИРЭХ ТОХИОЛДОЛ ОЛОН БИШ”

Одоогоос зургаан жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар гэсэн таван УИХ-ын гишүүн нийлж тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж жагсч байв. Тухайн үед шударга 5 хэмээн нэрлэгдэж байсан тавын нэг тэрбээр 2018, 2022 онд юу хэлж байсныг эргэн сануулъя.
2018.12.27.
Л.Оюун-Эрдэнэ, та, бидний дээр байгаа бүлэглэлийнхнийг эрх мэдэл нь ийм болгодог юм уу, төрийн тусгай хамгаалалт нь ийм болгодог юм уу, ард түмнээ тоодоггүй юм байна. Ялангуяа манай М.Энхболд дарга. Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яах вэ гэж ханддаг юм байна.
Мөнгөөр бүхнийг худалдаад авчихна гэж боддог юм шиг байна. Одоо л тэмцэх цаг нь шүү.
Таксинд явж байгаа, Сүхбаатарын талбайн эргэн тойронд байгаа, шинэ жилийн гацуурынхаа чимэглэлийг авахаар явж байгаа иргэн та Сүхбаатарын талбайд ирж, жагсаалд нэгдээрэй. Өөрсдийнхөө төлөө жагсаарай. Уул уурхайн баялгийг эзэмшсэн энэ давхаргыг сэтэлж байж л монголчуудын маань дундаж давхарга нэмэгдэнэ шүү.
2022.04.08.
Залуусаа, би та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг уучлаарай. Засгийн газарт чадаж байгаа болон чадахгүй зүйл ч олон байна.
3,607.57






















































Холбоотой мэдээ