niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 06:01 UTC Эх: https://news.mn/r/2800595/ f3132ce9297e2f8a… ← niitlelch.mn руу буцах

З.Туяа: “Цаасан дээрх” хотуудад улсын зэрэглэл олгож байна

Хуучирсан мэдээ: 2025.05.13-нд нийтлэгдсэн

З.Туяа: “Цаасан дээрх” хотуудад улсын зэрэглэл олгож байна

З.Туяа: “Цаасан дээрх” хотуудад улсын зэрэглэл олгож байна

Улаанбаатар хотыг хувааж, 14 хот болгох асуудал олны шүүмжлэл дагуулж байгаа юм. Энэ асуудлаар "Нью Урбанизм" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөгч З.Туяатай ярилцлаа.


-"Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан. Уг хуулийг хот төлөвлөгч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Мэргэжлийн хүмүүс энэ хуулийн шинэчлэлийг маш их хүлээж байсан. Гэхдээ ийм эргэлтийг хүлээгээгүй л дээ. Бид социализмын үед хотуудынхаа суурийг сайн тавьсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас маш их шилжилт хөдөлгөөн болж өнгөрсөн ч  одоо энэ байдал харьцангуй тогтворжиж ирсэн. Энэ суурин дээрээ цааш хөгжүүлэх, хотуудын эдийн засгийн холболтуудыг сайн хийж өгөх нь л чухал цаг ирж байхад ийм хууль батлах юм. Бид байгаа бүтцээ, угсарч байгаа системээ улам төгөлдөржүүлэх л хэрэгтэй байдаг.

Гэтэл хүн ам төвлөрсөн хотын иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжихийн оронд социализм шиг бүгдийг нь гүйцэтгэх гээд байна.

Уг нь үүргээ аль 30 жилийн өмнө хувиарлаж учраа ололцох гээд байгаа гэж бодож байсан. Баахан шинэ хотууд байгуулна гээд түүндээ зориулж хуулиа өөрчилж байна. Хотуудын зэрэглэл тогтоохдоо хүн ам нь суурьшиж төсөв бүрдүүлж үзээгүй “цаасан дээрх” хотод улсын зэрэглэл олгож байна. Уг нь одоо байгаа системийг сайжруулж, одоо байгаа дэд бүтэц, хүн амын төвлөрлийг түшиж л эдийн засгаа тогтворжуулж, хөгжүүлмээр юм.

-Улаанбаатар хот гэж байхгүй болно гэсэн үг үү. Мөн одоогийн ИТХ-н хэмжээнд ажиллах зөвлөлийг байгуулна гэж байна гэсэн?

-Хууль эрх зүйн цоо шинэ орчин үүсгэж тогтворжуулах зохион байгуулалтаас бөөн цаг алдах болно. Нийслэл Улаанбаатар хотын дагуул хотууд өөрийн эдийн засгийн онцлогтойгоор байгуулагдчихсан л байгаа. Тэнд хүмүүс ажиллаж амьдарч, хөрөнгө оруулалт хийж буй.

Улаанбаатар хот биш нийслэл Улаанбаатар гэж ойлгох шаардлагатай болж байх шиг байна. Тиймээ, ИТХ хуралтай зэрэгцээд сонгуулиар сонгогддог зөвлөлтэй болно.

ИТХ болон Зөвлөл хоёрын хоорондын зохицуулалт тодорхойгүй байна. Бас захирагчаа сонгоно. Сонгогдсон захирагч хорооллуудын захирагчдыг сонгоно. Хот татвараа бүрдүүлж, захиргааны зардлаа дааж амьдарвал жинхэнэ хот байх учиртай юм. Гэтэл Улаанбаатар хот маань эрчим хүчний хараат л байдалд байгаа шүү дээ. Дүүрэг гээд засаг захиргааны нэгжийг бүрэн ашиглаж чадаагүй байж энэ олон хот яаж ажиллаж чадна гэж бодож байгаа юм бол. Хорооны асуудал бас гарч ирж байгаа. Хорооллын захирагчидтай болохоор тусгагдсан байсан. Орон сууцны контор, СӨХ-г бүрэн хэмжээнд хэрхэн ажиллах талаар зохицуулалт байхгүй. Монголбанкны хар дансаар айлгаж байж энэ үйл явцыг сайжруулна гэдгийг ойлгохгүй байгаа юм. Олон жил хэрэгжиж байгаа үйл явцыг сайжруулж байж төгсрөх байтал дахиад шинэ систем хэрэгжүүлэхээр сайжирна гэдгийг ойлгохгүй байгаа. Шинэ юм туршихад дахин асуудал гарна түүнийг сайжруулах л хэрэгтэй болно. Бид юм бүрийг төгс бодохгүй шүү дээ. Алдаанууд гарах л болно. Эдэлбэр газартай, маш бага нягтралтай “хотууд” төсвөө хаанаас бүрдүүлэх үү.  Яагаад ийм зохицуулалт байх ёстой гэж байгааг иргэддээ тайлбарлахгүй байгаа нь хамгийн их бухимдуулж байна. Дээр нь энэ зөвлөлийг сонгох сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар энэ хуульд маш нарийн оруулж өгсөн ч хотын захирагчийг сонгох талаар тодорхойгүй хуулийн хүрээнд гэж заагаад л өнгөрсөн.

-Нийслэлийг 14 хот болгож хуваах хил заагийг эцэслэн тогтоогоогүй байгаа ч иргэдийн бичиг баримт, иргэний үнэмлэх өөрчлөх гээд асар их ажил өрнөнө. Гэтэл цаад утгаараа иргэдэд хэрэгтэй төрийн үйлчилгээг ойртуулах л зорилготой гээд байдаг?

-Яг тийм маш их ажил ундарна. Маш их зардал гарна. Зарим гишүүний хэлж байгаа шиг Хот байгуулалтын тухай хуульд одоо байгаа ИТХ-ын үүрэг тодорхой болно гэж ойлгож болохгүй л дээ. Хуулиас гадна үйл ажиллагааны маш их өөрчлөлт орно.  Хотын иргэдэд нэг дор арай л их ачаа үүрүүлэх гээд байна.

Торгууль, татвар, инженерийн хангамжийн үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, орон сууцны үнийн өсөлт, дээр нь бүтэц зохион байгуулалтын цоо шинэ үйл ажиллагааны процессыг нэвтгүүлэхэд гарах тохируулгын цаг үеийг хэрхэн давна гэж бодож байгаа юм бол.

Бид улс төр эдийн засгийн огцом өөрчлөлт юу болдгийг эдийн засгаараа ойлгосон шүү дээ. Шинэ систем угсрах тийм амар юм биш шүү дээ.  Одоо угсраад яваад байгаагаа улам сайжруулах байтал цоо шинийг байгуулна гээд байх юм. Дээр нь маш том масштабаар хийх оролдлого хийж байгаа нь аюултай.

-Нэршлийн хувьд Баянхошуу хот гэх мэт.. Иргэдийг доромжилсон болохгүй юу?

-Одоо ашиглаж байгаа газар зүйн нэрээр нь нэр оноожээ л гэж харж байгаа.

–Шинэ хотыг байгуулж, бэхжүүлэх нь маш урт хугацааны ажил. Зөвхөн нэр өөрчилж, шилжээд болчих уу?

-Маш өндөр зардалтай үйл явцыг төлөвлөж байна. Япон улс 50 мянган хүнтэй шинэ дагуул хотыг бараг л 50 жил болж байж хүчээ авч төлөрөх хандлага гарсан гэж ярьж байхад бид бүгдийг шинээр хийнэ гэж байгааг нь ойлгохгүй байна. Тэгээд тэндээ ирвэл өмнө нь ипотекийн зээл авсан ч энд баригдсан сууцнаас авбал давхар ипотекоор дэмжинэ гэнэ. Бүр ойлгохгүй л байна.

Нисэх онгоцны буудал дагаад шинэ хот байгуулах үйл явцыг Төв аймаг яагаад зохион байгуулж чадахгүй гэж. Яагаад заавал Засгийн газар оролцох ёстой юм.

Үнэхээр хот суурин газарт санаа зовж байгаа бол яагаад одоо хүртэл 14 мянган хүн хөлхөж байгаа Гашуунсухайтад анхаараад усыг нь хайгаад, дэд бүтцийг нь шийдээд хувийханд хөгжүүлэлт хийчих боломжийг нь өгчихөөгүй юм. Хувийн хөрөнгө оруулалт оруулах үйл явцыг удирдах гэж оролдох байтугай бодохгүй байна. Одоо Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгөд шүүхийн процессгүй халдаж байгаа байдал нь “Зохицуулалтаар удирдана” гэдгийг дарамтлана гэж ойлгуулах гээд ч байгаа юм шиг. Одоо хотын газар нутаг дээр болоод байгаа өнөөгийн байдлыг зохицуулах үйл ажиллагааг сайжруулахгүй бол шинэ удирдлагын нөхцөлд бүр ч олохгүй л гэж бодох юм.

-Хот төлөвлөлтийн хамгийн зөв гарц гаргалгаа нь юу вэ?

-Хот өөрийн зардлаа даагаад цаана нь өөрийгөө хөгжүүлэх эх үүсвэртэй л байж л хөгжинө. Хот өөрийн дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдээгүй байна. Улс маань өөрийн эх үүсвэрийг бүрэн шийдээгүй. Гэхдээ хотууд л эдийн засгийг хөгжүүлэх тулгуур. Тэнд үйлдвэрлэл, худалдаа явагдана, тэнд ажиллах хүчний орон сууцны эрэлт нэмэгдэнэ тэд бие биедээ үйлчилгээ үзүүлж мөнгө хамгийн их эргэлдэнэ. Тиймээс хотуудад өөртөө хөгжих боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Хот гэлтгүй сууршил үүссэн газар бүр л тооцоотой болох хэрэгтэй. Дэлхийн хотууд эдийн засаг нь бусадтай хуваалцаад ирэхийн цагт засаг захиргааны нэг болдог туршлага байдаг. Хэр баян хот болох нь иргэдээс, удирдлагаас л хамаарах юм.

Гэтэл суурь нөхцөлийг нь бүрдүүлээгүй байж улс дотор улс болгох үйл явцыг хийчихсэн юм шиг л санагдаад байгаа. 14 хот нь дотроо татаастай, татаасгүй хот гэгдэх гээд ч байх шиг.

Хотын иргэд дундын дүрмээ, асуудлаа хэлэлцэхэд иргэд, мэргэжлийн хүмүүсийн оролцоог байлгах гэж зөвлөл байгуулдаг. Жишээ нь газар бол хот суурин газрын хамгийн том хөрөнгө бөгөөд түүнийг хэрхэн зохион байгуулж, удирдсанаас хотын тогтвортой байдал хамаардаг. Тиймээс газар орон зайн зохион байгуулалт нь ашиглалтаас ихээхэн хамаарах тул үл хөдлөх хөрөнгө, түүний үнэ цэнэ, цаашлаад энэ хотын санхүү, эдийн засагтай холбоотой байдаг тул иргэд өмчөө хамгаалах эрхийн төлөө энэ зөвлөлийг байгуулсан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд газар асуудал маргааныг шийдвэрлэх тохируулах төлөөлөн удирдах зөвлөл ч ажилдаг. Өөр зохицуулалтууд ч шаардагддаг юм байна гэж харж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж