niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 06:02 UTC Эх: https://news.mn/r/2800708/ 1bf7ea1b3052e851… ← niitlelch.mn руу буцах

МАНай төрийн МАНЪЯК бодлого!

Хуучирсан мэдээ: 2025.05.12-нд нийтлэгдсэн

МАНай төрийн МАНЪЯК бодлого!

МАНай төрийн МАНЪЯК бодлого!

Монголд гурван муу мэдээ байна. Муу нь Монголд хувийн өмчийг хууль, шүүхгүйгээр дээрэмдэх ажиллагаа эрчимжиж байна. Муугийн муу нь бид доод ёроолдоо хүртэл унаж дуусаагүй байна. Хамгийн муу нь Венесуэлийн сүйрэл Монголд нэгэнт бодитоор нүүрлэсэн байна.

Венесуэлийн  дампуурал 10 гаруй жил үргэлжилж байгаа агаад 2024 оны байдлаар нийт хүн амын 91 хувь нь ядуу, 67 хувь нь нэн ядуу амьдарч байна. Тэдний зовлон Уго Чавесын иргэдийн баян хоосны ялгааг арилгаж, байгалийн баялгийг тэгш хүртээх зорилтот бодлогоос эхэлсэн. Эдийн засгийн гол салбаруудаа нийгэмчилж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмч, хөрөнгийг хураах болсноор  хөрөнгө оруулалт татарч, гадаад валютын хомсдолд орсон байдаг. Гээд дампуурлын гол буруутан агаад гол хохирогчид бол ард иргэд нь юм. Тус улсын уураг тархи хэдийнэ улсаасаа гараад явчихсан бол “Венесуэл ялна” гэж итгэсэн иргэд нь  өлөн зэлмүүн амьдарч байна.

Баялагтай болгон хөгждөггүйн гашуун жишээ бол Венесуэл байлаа. Байлаа гэдгийн учир нь манай улс араас нь маш хурдтайгаар нэхэж явна.

1.

Монгол Улсад феодалын өмчийг хураах ажиллагаа 2016 оноос, МАН засгийн эрх авсны дараагаас эхэлсэн юм. ОХУ-ын “Ростех” компани өөрийн өмчид байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарахаар шийдсэнээ Монголын Засгийн газарт 2016 оны зургадугаар сард, сонгуулийн өмнөхөн дуулгажээ. Хоёр долоо хоногийн хугацаанд худалдан авах гэрээ байгуулахгүй бол Хятад болон Казахстаны компаниудад зарахаа ч мөн дуулгасан байна. Ингээд ямар ч байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрээр сахал Д.Эрдэнэбилэгийн баг хэлэлцээрт орж оросуудын өмч байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авчирсан байдаг. Харамсалтай нь, хожмоо ийм асуудалд орно гэдгээ мэдсэн бол хэн, хэн нь хар толгой дээрээ эрсдэл үүрэхгүй байсан ч биз. Үүнээс болж нэг нь улстөрчийн, нөгөө нь бизнесийн карьераа алдсан.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросуудаас Монголд авчирсан биш улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдийн дунд том “дажин” дэгдэв. Ц.Нямдорж “сүүлчийн цамцаа урагдтал” тэмцсэн бол, Ц.Даваасүрэн адгийн 10 хувьчин биш ард түмний баатар боллоо. Ингээд М.Энхболдыг спикер, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад “эзэн” Д.Эрдэнэбилэгийн Оросоос “олж ирсэн” 49 хувийг төр буцаах шийдвэрийг УИХ гаргасан юм.

Тэр үед Ц.Нямдоржийн хэлсэн “Эрдэнэт 100 хувь ард түмнийх боллоо” гэдэг наанаа ард түмэнд, цаанаа Ардын намынханд зориулсан үг байсан хэрэг. Хэзээнээсээ “Эрдэнэт” ялсан намын, МАН-ын эрх мэдэлтэй дарга нарын өмч байж ирсэн.

Ц.Нямдорж  хүртэл хүүдээ 2.5 тэрбумын шахаа хийж өгснөө “эцэг хүний үүрэг” гэж хэвлэлийнхэнд сайрхаж байсан нь бодит факт. “Эрдэнэт”-ийн 49 хувиас болж, ХХБ-наас санхүүжсэн мега төслүүд зогссон, үндэсний компаниуд өмч хөрөнгөө төрдөө дээрэмдүүлсэн. Хууль ёс, гэрээ хэлэлцээр бол хувь хүмүүсийн үзэмж болоод удаж байгаа.

Үүний дараа Салхитын мөнгөний ордыг нийгэмчлэх ажлыг УИХ-ын дарга асан Г.Занданшатар өөрийн биеэр хийж гүйцэтгэсэн. Үр дүнд нь тус орд дампуурлаа зарлахад хүрсэн тухай мэдээлэл хэвлэлээр нэг цацагдсан. Ордын лиценз эзэмшигч асан Ш.Мөнгөншагай Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан Г.Занданшатар хоёр уг дээрмээс багагүй ашиг, хонжоо олсныг баримттайгаар ярьдаг.

2.

Норвегийн жишгээр Монгол Улс Байгалийн баялгийн сан байгуулж, стратегийн гэх ордуудын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших шийдвэрийг парламентаас гаргав. Стратегийн гэх 16 ордын долоо нь төрд байдаг. Үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Нэмээд стратегийн жагсаалтад орох 39 орд байгааг ЗГХЭГ-ын дарга зарласан юм.

Стратегийн гэх ордыг эзэмшдэг хувийн хэвшлээс 34 хувийг нь хураах ажиллагааг Засгийн газар БЭТ Ж.Батзанданд хариуцуулав. Өнөөх нь улаан хувьсгалч, ногоон малгайт Доржийн хойд дүрээр тодорч, “МАК”, “MCS”-ийг орд газрынхаа 34 хувийг өгөхгүй бол хөрөнгийг нь булаан авч, дараагийн компанид өгнө гэж хуурай агсам тавьсныг хэвлэлийнхэн шууд дамжууллаа. Ж.Батзандангийн мэдээллийг шууд үзсэн гадны хөрөнгө оруулагчид галзуу биш бол Монгол хөрөнгө оруулалт хийхгүй нь ойлгомжтой. Сахал Д.Эрдэнэбилэгийн хөрөнгийг ав, Салхитын мөнгөний ордыг хураа гэсэн манай хар масс, “Монгол ялна”-чууд “МАК”, “MCS”-ийн хөрөнгийг хураана гэсэн Ж.Батзандангийн үгийг балиашиглаад сүйд. Тэдний авдаг цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нь Ж.Батзандан өгөхгүй гэдгийг ойлгодог нь цөөн.

Гадныханд бид Уго Чавест итгэж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа хөөж гаргаад, хөрөнгө дээр нь туйлна гээд эндүүрсэн венесуэлчүүд шиг харагдаж байгаа нь лавтай.

“Тавантолгой ордын 94 хувийг өмнө нь төрдөө өгсөн тул Ухаа худагаас хувь өгөх боломжгүй” гэж хэлсэн Ж.Оджаргалын мэдээний дор баасны ялаанууд багшралдаж байна лээ. Яана даа…

 

3.

Ж.Батзандангаас дутахгүй нэг нөхөр ногоон малгайтны сэрэг дүрийг бүтээх болсон нь хотын дарга Х.Нямбаатар. Хагас жилийн өмнө нь хотынхноос санал гуйж явсан нөхөр өнөөдөр “хаданд гарсан Нянгар” болж хувирахад иргэд бид буруутай. Улаанбаатарчууд хүртэх ёстойгоо хүртэж байна.

Хотын түгжрэлийг арилгах нэрээр авто машины дугаарыг авлигажуулчихсан. Улаанбаатарын шинэ дугаар авахын тулд өмнө нь 30 мянган төлдөг байсан бол өдгөө гурван сая хүртэл авлигын өртөг нэмэгджээ. Атал түгжрэл нь яг хэвээрээ. Хотын даргын гаргасан энэ шийдвэрийн хохирогч нь мөн иргэд.

Аливаа улсын хот гэдэг чинь муу сайн, муухай сайхантайгаа зэрэгцэж оршдог. Дэлхийн хамгийн цэвэр сайхан, цэлгэр хот гэвэл Пёньян байх. ТҮЦ ажиллуулж, амжиргаагаа залгуулдаг олон айл орлогогүй болж байгаа. Иргэд орлогогүй болно гэдэг нь улс нь ядууралд өртөнө гэсэн үг.

Ядуурал тэлэх тусам хотын зовлон улам нэмэгдэнэ. Улаанбаатар гэмт хэргийн үүр овоохой болно. Х.Нямбаатар хуулийн сайд байсан хүн, үүнийг уг нь гадарлахтайгаа баймаар. Тэрбээр манъяк нэгэн биш бол шүү дээ.

2024 онд бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос 41 хувиар өссөн гэх үзүүлэлт үндсэндээ эмгэнэл юм.

Хотын  даргын өмч хураалт ТҮЦ-ээр зогссонгүй. Нэг давхарт үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжийн өргөтгөлийг нураана, хураана л гэсэн. Нэмээд хууль шүүхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгийг дээрэмддэг боллоо. Хуулийн засаглал нь хүртэл хувь хүний засаглал болчихсон!

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу  төв талбайн урд байрлах хуучин Ленин клубын хажуу дахь хувийн өмчид байсан барилгыг хууль бусаар, хүч түрэн нураасан нь МАНАЙ төрийн бодлого МАНЪЯК болсны тод жишээ. Гээд манай монголчууд өөрсдөө ч мазохист хүмүүс аж. Таашаалтайгаар хүчиндүүлээд л таг дуугүй байдаг!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж