niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 06:04 UTC Эх: https://news.mn/r/2800471/ 74d8f24565e3ee1b… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Ерөнхий сайд уучлалт гуйж, Ерөнхийлөгч баярт оролцов

Хуучирсан мэдээ: 2025.05.11-нд нийтлэгдсэн

Тойм: Ерөнхий сайд уучлалт гуйж, Ерөнхийлөгч баярт оролцов

Тойм: Ерөнхий сайд уучлалт гуйж, Ерөнхийлөгч баярт оролцов

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын асуудал олны анхаарлыг татаж байлаа. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаад зохисгүй хандлага гаргасандаа уучлал гуйсан талаар Даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлсэн. Ингэснээр АН-ын бүлэг завсарлагаа цуцалсан гэдгээ мэдэгдсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ерөнхий сайдын мэдээллийнхээ цаг дээр хэлсэн зохисгүй үгийг нь дагаад нийгмийн хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ хугацаанд хоёр гишүүний хооронд болсон маргаан мэтээр олон нийтэд ойлгуулахыг хичээх PR өнгөрсөн 7 хоногт ихээр явагдсан. Бүлэг бол гүйцэтгэх засаглалын хоорондын асуудал гэж үзсэн.

Бүлгийн удирдлага, Ж.Баярмаа гишүүний хамтаар өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайдтай уулзалт хийсэн.  Бүлгийн гишүүд энэ асуудлаар байр сууриа нэгтгэснээр завсарлага авах хугацаагаа энэ хүргээд зогсоож байна гэдгийг онцолсон. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Өнгөрсөн өдрүүдэд манай зарим хүмүүс , зарим улс төрийн хүчнүүдийн томъёолсноор УИХ-ын ажлыг гацаах ажиллагаа явагдаж байна гэсэн. Энэ асуудлаар би байр сууриа илэрхийлэлгүй ирсэн. Миний бие болоод Ерөнхий сайдын хэлсэн үгнээс үүдсэн учраас. Тэрнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бүлгийнхээ удирдлагын хамтаар Ерөнхий сайдтай уулзсан. Буруу зөрүү ойлголт хардах сэрдэх ойлголт байдаг. Тэрэн дээр ойлголцоод Ерөнхий сайд албан ёсоор уучлал гуйсан" гэсэн юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯЛАЛТЫН БАЯРТ ОРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотод 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр болох Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцов. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн тавдугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцсон юм.

"14 ХОТ БАЙГУУЛАХАД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ"

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатарыг 14 хотод хуваахаар болсон. Гэхдээ бэлтгэл ажлыг хангах учир 1,2 жилийн хугацаа шаардлагатайг холбогдох албаныхан хэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийлэхдээ "Нийслэлийг 14 хот болгож хуваах гэдэг дээр ач холбогдол өгөх биш засаг захиргааны нэгж болон төрийн үйлчилгээг 20 минутад хүргэе гэдэг үндсэн зорилго байгаа. 14 хот болгож хуваах хил зааг ч одоогоор эцэслэгдэж тогтоогүй. Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийдвэрлэнэ гэсэн байдалтай байгаа.

Одоогийн байдлаар өргөн барьсан зүйл байхгүй байна. Гэхдээ хотыг хэд хуваах нь чухал биш 20 минутын дотор гараад л сургууль, цэцэрлэг, эмийн сан нь байж байдаг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд л бид анхаарлаа төвлөрүүлээд явж байгаа.

Цаашид ч энэ байр суурин дээр байна" гэсэн бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг нэг жилээр хойшлуулсан. Хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй. Гол мөн чанар нь төрийн үйлчилгээ болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Энэ нь хотын захирагчаа иргэд сонгодгоос эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, одоо дүүргүүдэд байгаа чиг үүргүүдийг хотод шилжүүлэх байдлаар явъя, хотуудын захирагчаа иргэд өөрсдөө сонгодог байх гэдэг хуулийн зохицуулалт батлагдчихсан" гэсэн юм.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН ОРЛОГООС 20 ХУВЬ ХҮРТЭЛХ НДШ АВДГИЙГ ЗОГСООНО

УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Баасан гаригт /2025.05.09/ УИХ-ын даргад өргөн барьж, хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин "Энэхүү хуулийн өөрчлөлт нь цаг үеэ олсон, эдийн засгийн хямралтай байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, Ажил олгогчид ажлын байраа нэмэгдүүлэх сэдэл төрүүлэх зохицуулалт орсон.

Нэгдүгээрт, Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.

Хоёрдугаарт, Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.

Гуравдугаарт, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоох зохицуулалттай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байна" гэдгийг онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж