Монгол Улс одоогоос гурван жилийн өмнө дэлхий дахинд зэсийн томоохон тоглогч болж байгаагаа зарлаж, Оюутолгойн гүний уурхайн тэсэлгээг эхлүүлсэн түүхтэй.
Учир нь, “Оюутолгой” ХХК-ийн далд уурхай ажиллаж эхэлснээр 2025 оноос зэсийн үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 50 хувиар өсөх төлөв гарсан бөгөөд 2028-2036 онд жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх төсөөллийг ч гаргасан юм.
Ингэхдээ “Оюутолгой” ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийснээр Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол ч гарсан.
Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгч болж мэдэхээр байна. Учир нь, Оюутолгойн бүлэг орд нь нийт таван лицензтэй. Гурван бүлэг ордыг нь “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” групп, Монгол Улсын Засгийн газар хамтран эзэмшдэг. Харин хоёр лицензийг 2001 оноос эхлэн Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре ресурс лимитэд” компани эзэмшиж иржээ.
Тодруулж хэлбэл, “Онтре”-гийн эзэмшиж буй лицензэт талбайд Оюутолгойн бүлэг ордын зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн металлын 94 хувь нь хамаардаг байна.
“Туркойз хилл ресурс”, “Онтре ресурс лимитэд” компаниуд 2004 онд буюу "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо Ашиг хуваах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “Онтре”-гийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд “Туркойз хилл ресурс компани 35 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70 болон 30 хувь, 560 метрээс доош бол 80 болон 20 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ.
Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ “Туркойз хилл ресурс” компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм.
Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, “Онтре”-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад “Оюутолгой” ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн “Онтре гоулд” компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, “Онтре” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг “Оюутолгой” ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны арванхоёдугаар 19-ний өдөр гаргажээ. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны эхээр компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон.
Харин Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулсан. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр болсон.
Оюутолгойн гүний уурхайн туннелийн байгууламж “Онтре” ХХК-ийн лицензтэй талбайн хилд тулаад ирчихсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Хэрвээ ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол “Оюутолгой” ХХК болон “Рио Тинто” компаниуд гүний уурхайн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, чиглэлийг өөрчлөхөд хүрнэ.
Энэ нь Монгол Улсын өгөөж хүртэх хугацааг хойшлуулахаас аргагүйд хүргэнэ гэдгээ хөрөнгө оруулагч тал илэрхийлжээ. Иймээс Засгийн газар түргэн авч ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд эл асуудлыг удахгүй УИХ-д оруулж ирж хэлэлцүүлэх болжээ.
УИХ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэр гаргаж, лицензүүдийг шилжүүлэх юм.
“Туркойз хилл ресурс”, “Онтре ресурс лимитэд” компаниудын харилцан тохиролцсон 80, 20 хувь гэх харьцааны тухайд “Оюутолгой” ХХК-д ногдох 80 хувийн 34 хувь нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирнэ. Харин “Онтре” ХХК-д оногдох 20 хувийн 34 хувийг авах уу, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах уу гэдгийг УИХ шийдвэрлэх юм. УИХ ч асуудлыг нягтлах зорилгоор ажлын хэсэг байгуулаад байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ