УИХ-ын 126 гишүүнд зөвлөх 30 ахмад “эксперт” хэрэгтэй болжээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн тодотгосноор гишүүд бүхнийг чадагч биш учраас ахмадуудаар зөвлүүлэх шаардлага үүссэн. Зар түгээснээс хойш 260 гаруй иргэн зөвлөхийн ажил горилон УИХ-ын Тамгын газарт материалаа ирүүлээд байгаа аж.
УИХ-ын гишүүнд зөвлөх хүн нь 10-аас доошгүй жил хууль эрх зүйн бодлого боловсруулах, УИХ, Засгийн газар, төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан. Их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагад судалгаа шинжилгээ хийж байсан эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны долоо хоногтоо багадаа 15 болон түүнээс дээш цаг биечлэн болон цахимаар ажиллах болзол нөхцлийг хангасан байх шаардлага тавьжээ. Өөрөөр хэлбэл, дээрх болзол шаардлагад нь УИХ, Засгийн газарт ажиллаж байсан гишүүд л илүү тохирох болоод буй. Тэр тусмаа УИХ, Засгийн газарт удирдах алба хашиж байсан гэх болзол бол “Бид экс гишүүдээ зөвлөхөөрөө сонгоно” гэж хэлж байгаагаас ялгаа үгүй. Энэ нь парламентад суудалтай улс төрийн намуудын экс гишүүд Төрийн ордонд дахин заларна л гэсэн үг.
Харин татвар төлөгчид 126 гишүүнээс гадна дахиад нэмж 30 зөвлөхийг энэ жилийн турш тэжээх хэрэгтэй болох нь. Долоо хоногт 15 цагаас дээш ажиллана гэдэг цалин хөлс авч таарна.
Тэр тусмаа намчид цалингүй ажиллана гэж бүр лөөлөө. Цаашлаад зөвлөх нэрээр эрх ашгаа ч хуулиудад тусгаж амжих биз.
Хуучин Ардын намынхан Засгийн эрх авуутаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нарыгаа хамгийн өндөр цалин хөлс авдаг газруудад “шахаж” хэл амны бай болдог байв. Тухайлбал, “Оюутолгой” компанийн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди олон ч жил ажилласан.
УИХ-ын экс дарга Д.Дэмбэрэл ч дутахгүй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилласан. “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөхийн гишүүнээр ч ажилласан. Хэд, хэдэн газрын ТУЗ, Үндэсний зөвлөлд гишүүнээр ажиллахаар цалин пүнлүү ч өндөр. Сүүлд нь Хууль зүй дотоод хэргийн сайдаар насаараа шахам ажилласан Ц.Нямдорж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж, суучихаад нэлээд хэл ам таталсан. Олон нийтийн эсэргүүцэл шаардлагаар дээрх эрхмүүд ажлаа өгсөн. Харин одоо УИХ-аас 30 зөвлөх авахаар хөтөлбөр зарласан нь даарин дээр давс үрсэн хэрэг л болно. Учир нь, Монголын парламент 126 гишүүнтэй болж тоо нь нэмэгдсэнээр ажил сайжрах болов уу гэтэл гэрэл гэгээ харагдахгүй л байгаа. Хурлаа таслах, худлаа ярих нь хэвийн үзэгдэл болсон. УИХ-аар чухал хуулийн төслүүд хэлэлцэж байхад 126 гишүүнээс 10 хуруунд багтах гишүүд сууж байх нь харамсалтай. За тэгээд Баасан гариг бүрт гишүүд бүр ямар нэг зүйлд яараастай. Дэвдэгнэж, дэвдэгнэж үдээс өмнөх хуралдаандаа суучихаад үдээс хойших хуралдааныг пялж орхино. Гэвч цалингаа бүтэн авна.
Дээр нь татвар төлөгчид зөвхөн 126 гишүүнийг цалинжуулаад зогсохгүй зөвлөх, туслах, жолооч нарыг нь давхар тэжээж байгаа. Тэр хэрээр л төсвийн зардал өсч, татвар төлөгчдийн үүрэх ачаа нэмэгдсэн.
Парламент 30 зөвлөх хайж байна гэхээр олон нийт ч гайхаж буй. УИХ-ын гишүүн бүр зөвлөхтэй, УИХ дахь намын бүлэг бүр хамгийн багадаа орон тооны болоод орон тооны бус 10 зөвлөхтэй, Төрийн ордондоо багталцаж шингэхгүй болсон. Дээр нь УИХ-ын Тамгын газар судалгааны том газартай байхад 126 гишүүнд 30 зөвлөх ямар хэрэгтэй юм бэ. Ажил үүргийн давхардал үүсгэж байна шүү дээ” гэж шогшрох нь аргагүй.
УИХ-д сонгогдохдоо цаг наргүй л ажиллах амлалт өгсөн. Гэтэл одоо 30 зөвлөх авч ажиллуулах болж байгаа нь ажлаа дийлэхгүйгээс хуваалцъя гэсэн үг үү, аль эсвэл зөвлүүлэх нэрийн дор намынхаа хэдэн өвөө, эмээ нарыг ажилтай болгохгүй бол чихийг нь амраахгүй байна уу.
Дээр дооргүй төрийн алба цомхон, чадварлаг болох ёстой гэж ярих ч зөрүүлээд данхайлгаад байгааг юу гэж ойлгох вэ.
Засгийн газар хамтарсан нэрийн дор төрийн өмчит компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежер томилсон. 200 гаруй менежер томилно. Дээр нь яам, агентлагуудтай чиг үүрэг давхардсан Үндэсний хороод олноор байгуулагдлаа. Менежерүүдийн сарын цалин хамгийн багадаа 6 сая төгрөгөөр яригдаж байгаа бол Үндэсний хороодыг тэргүүлж байгаа дарга нарынх нь цалин мөн л 6-8 сая төгрөг тухай дуулдах. Эдийн засаг дахь төрийн оролцоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр хувийн хэвшлүүд хумигдсаар…
Гэтэл одоо УИХ-д бас 30 зөвлөх хэрэгтэй болж гэнэ. Засгийн газар хуульд байхгүй нэр томъёо гаргаж ирж менежерүүд томилж байна гэж шүүмжлэх хэрнээ өөрсдөө зөвлөхүүдийнхээ хажуугаар зэрэгцүүлж зөвлөх авах нь үнэн шог л харагдана.
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар энэ оноос эхлэн УИХ-ын сонгуульд авсан саналын хувь хэмжээгээр улс төрийн намууд төсвөөс санхүүжилт авна. Тодруулбал, МАН 2.8 тэрбум төгрөг, Ардчилсан нам 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг авна. Энэ бүхний санхүүжилтийг татвар төлөгчид л хуруу хумсаа хуйхлах шахам явцгааж босгож байна. Татвар төлөгчид та бүхнийг “тэжээх” гэж зүтгэсээр нуруугаа авахуулсан морь шиг боллоо.
Г.ХОРОЛ
3,607.57















































