УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн/2025.05.06/ хуралдаанд Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийг талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсч байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
Монгол Улсад эрчим хүчийг бодит өртгөөс доогуур буюу 1 кВт цахилгааны өөрийн өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах цахилгааны дундаж тариф 2023-2024 онд 216 төгрөг, айл өрхийн тариф дунджаар 140 төгрөг буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур үнээр тогтоогдож ирсэн. Үүний улмаас нүүрсний уурхай, нүүрсний төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар нийтдээ 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч, хуримтлагдсан богино хугацааны өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрч, түлш эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсний хангамж, хэвийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд аваар осол гарч болзошгүйн эрсдэл үүссэн. Бэлтгэгдсэн ажиллах хүчний хомсдолд орсон, ажилчдын цалинг банкнаас зээл авч тавихад хүрсэн зэрэг хүндрэлүүд гарч байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж ашиглалтад оруулаагүйн улмаас эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй хязгаарлалт хийх хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдрөөс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, цахилгааны дундаж тариф 216 төгрөгөөс 280 төгрөг хүрч нэмэгдсэн. Олборлох боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 294 төгрөгөөс 342 төгрөг, бусад үйлдвэрлэлийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр, айл өрхийн дундаж тариф 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож өөрчлөн нэмэгдүүлсэн гэлээ.
Мэдээллийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Цахилгааны үнийн нэмэгдэл ард иргэд, аж ахуй нэгжид хэрхэн тусч байна вэ. Эдийн засаг хүнд байгаагаас аж ахуй нэгж, иргэд хүнд байдалтай байна. Цахилгааны үнийн өсөлт санхүүгийн дарамт учруулж байгаа. Эрчим хүчний салбараа аврахын тулд Засгийн газар, УИХ нийлж байгаад ард иргэд, аж ахуй нэгжүүддээ энэ ачааллыг үүрүүлсэн. Хэдэн айл өрх хөнгөлөлтөд хамрагдаж байгаа вэ гэдэг тоон мэдээлэл алга.
Цахилгааны үнэ өсссөн нь ядуурлын төвшинд нэмэгдэхэд нөлөөлсөн үү, нарийвчилсан судалгаа байна уу. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд дундаж давхаргад байгаа айл ядууралд өртдөг.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Шийдвэр гаргахын өмнө бид нар судалгаа хийж таарна. Цахилгааны үнээс гадна дулааныг нэмэгдүүлбэл инфляцид хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдэг тооцоог Монголбанк, Үндэсний статистикийн хороо хоёр хийсэн. Ингэхдээ 2024 оны төгсгөл, 2025 он, 2026 оны эхний хагас гэхэд цахилгааны үнийн өсөлтийг дагаж инфляци 2.4 хувиар өсөх судалгаа гарсан.
Тодорхой хэмжээний хүндрэл үүсгэх нь тодорхой. Засгийн газар инфляцийг 2 оронтой тоонд бариад алдчихгүйн тулд эрчим хүчний шинэчлэлээ зогсоочихоод дулааны үнээ нэмэгдүүлж чадахгүй байна.
1990 оноос хойш олон нийтэд таалагдах гэж цахилгааны үнийг улс даяар тариф болгон мөрдүүлээд зардал нь зах зээлийн бодит бус өртгөөр гарснаас алдагдал үүрээд ирсэн салбар. Монгол Улсад зах зээлд шилжиж чадаагүй цөөн хэдэн салбар байгаагийн нэг нь эрчим хүч, зорчигч тээврийн салбар. Хуучин коммунизмаараа ч юм шиг зах зээлийн харилцаанд ч яваа юм шиг юу нь ч мэдэгдэхгүй байгаагийн нэг нь энэ.
Цаашид цахилгаантай байх уу, цахилгаангүй байх уу гэдэг харилцаанд тулж байгаа.
300 мВт -ын хэрэглээтэй айлын сарын төлбөр хуучин 35 мянган орчим төгрөг байсан бол нэмэгдүүлсэн үнээр тооцоход 52 мянган төгрөг болж, сард тэр айлын хэрэглээ 17 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн.
Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад арай илүү хүндрэл үүссэн тул бид нар сүүлд нь хөнгөлтийн түвшинг нэмэгдүүлж өгсөн.
Ядуурлын түвшин нэмэгдсэн үү гэлээ. Инфляци болон өрхүүдийн орлого, зарлагаас шалтгаалж ядуурлын түвшин яригдах байх.
Зөвхөн цахилгааны үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурал нэмэгдсэн гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Зардлаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэлээ. Ийм орчинтой байхад хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшил олдох уу. “Эрдэнэт” үйлдвэрийн дулааны цахилгаан станц үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрийнхөө хэрэглээнд хэрэглэж чаддаггүй төвийн эрчим хүчинд нийлүүлдэг тогтолцоотой. Нийлүүлж болно. Буцааж аваад хэрэглэдэг.
Гэтэл Эрчим хүчний зохицуулах зөвлөл эрчим хүчний төвийн системд нийлүүлэх үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага тогтоож өгчихөөд буцаагаад зарахдаа хоёр дахин өндөр үнээр зардаг.
Энэ станц “Эрдэнэт” үйлдвэрийн харьяанд байгаагүй бол дампуурсан. Алдагдлыг нь “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаас нөхөөд явж байгаа. Ийм байхад эрчим хүчний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх үү. Эсвэл төрийн өмчит компанидаа ингэж ханддаг юм уу. Өөрийнхөө үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэдэг тогтолцоо руу шилжихгүй юм уу. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэр өөрийнхөө үйлдвэрлэдэг эрчим хүчийг хэрэглэвэл нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангах боломжтой, яагаад суутган тооцож болдоггүй юм. Яагаад дундаас нь систем үр өгөөжийг хүртдэг байх ёстой юм?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Эрчим хүчний салбар өртгөө бууруулахын тулд байнга л ажиллаж байгаа. Бүсийг чангалж байна. ТЭЦ-IV дээр том тендер явж байна, идэж ууж байна гэж харддаг.
Идээд уугаад байгаа гэх ТЭЦ-IV 1 кВт эрчим хүчийг 92.1 төгрөгөөр нийлүүлдэг, ТЭЦ-III станц 1 кВт эрчим хүчийг 165.9 төгрөгөөр нийлүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн дулааны цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 183.4 төгрөгөөр сүлжээнд нийлүүлдэг.
“Эрдэнэт” үйлдвэрийн дулааны станц ТӨХК учраас бид нар өөрөөс нь 183 төгрөгөөр авчихаад буцаагаад өөрт нь 342 төгрөгөөр өгөөд байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн өнцгөөс харвал Д.Үүрийнтуяа гишүүнтэй санал нэгдэж болно. Гарцаа байхгүй урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг учраас намайг сайд болохоос ч өмнө ийм л асуудал яриад явж байсан. Нөхцөл байдал ийм л байна.
Хөрөнгө оруулалт хийх үү, чадан ядан хэдэн төсөл явж байна. Өнөөдрийн байдлаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц 600 мВт ын хүчин чадалтай. Эхний 150 мВт ын хүчин чадлыг ашиглалтад хүлээн авсан. Энэ жил багтаад хоёр дахь блок буюу 200 -300 кВт-ыг хүлээн авна. 2026, 2027, 2028 онд багтаан гурав дөрөв дэх блокийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Монголын хувийн аж ахуй нэгж санхүүжүүлээд явж байгаа.
Баян суман дээр 660 мВт ын хүчин чадалтай станц 2027 оны зургадугаар сарын 30-н гэхэд эхний блокоо сүлжээнд холбохоор ажил хийгдэж байна. Сэлэнгэ аймгийн төвд 70 кВт ын хүчин чадалтай цахилгаан станц барьж байна. Завханы Тосонцэнгэл суманд 30 мВт-ын дулааны цахилгааны станцын эхний блок ашиглалтад олрсон.
Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суманд 660 мВт-ын хүчин чадалтай 8.6 центээр нийлүүлэх цахилгаан станц барихаар хөрөнгө оруулагч гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Эрдэнэт хотод 200 мВт-ын гаргалгаатай 4 цаг ажиллах 800 мВт-ын хүчин чадалтай батерей станцыг сүлжээнд холбуулна. Бид нар батарейгээ нарны станцаар өөрсдөө холбоно. 9.5 центээр сүлжээнд нийлүүлэхээр гэрээ хийгдэж байна.
Дундговь аймгийн Мандалговь дээр 100 мВт ын хүчин чадалтай 4 цагийн гаргалгаатай, Өвөрхангай аймгийн Арвайхээрт 100 мВт ын хүчин чадалтай 4 цаг гарахаар батерейнаас нь 9.5 центээр нийлүүлэхээр ийм ажлууд хийгдээд явж байна. Энэ төслүүд хэрэгжвэл 2025-2026 онд шилжихэд чадлын дутагдалд орж болзошгүй түүнээс цааш эрчим хүчний дутагдлаас гарах бололцоо бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Эрчим хүчний яам хэдэн өрхөд зөвлөмж өгсөн бэ. Гурван тарифтай тоолууртай хэдэн өрх байгаа вэ. Утааг бууруулъя гэж байгаа бол байшингаа дулаалаад цахилгаанаар халааж байгаа өрхөө дэмжих ёстой. Төр засгийн хамгийн том үүрэг бол тодорхой байх. Тодорхойгүй байгаагаас болж гэр орноо дулаалж чаддаггүй, модоо тарьж чаддаггүй, эко жорлон болгож өөрчилж чаддаггүй. Төлөвлөлтийн гол зорилго бол тодорхой мэдээллээр иргэдээ хангах. Найман дүүрэгт 422 төрлийн техникийн шинэчлэл хийнэ гэж байна. Аль хороодод ийм шинэчлэл хийх вэ. Яг аль хороодод 2025 оны өвөл цахилгаан тасрахгүй вэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Гэр хорооллын айл өрхийг дулаалах зөвлөмжийг үе үеийн Эрчим хүчний яамнаас өгч ирсэн. Түгээх сүлжээнүүдээс ч өгдөг. Бид ард түмэндээ зоригтой үнэнийг хэлж чадахгүй байна. Монгол гэрт ч тэр хувийн орон сууцанд ч тэр стандарт гэдэг юм байхгүйгээр 300 гаруй жил явж өнөөдөрт ирсэн. Үүнээс шалтгаалаад хүндрэл гарсан. Мөн дулааны үнийг хэт доогуур бариад байхаар дулаалах сонирхолгүй байна. Хэт хямд өртөгтэй учраас. Зах зээлийн үнэд аваачвал дулаалгаа сайн хийнэ. Хямд дулаанаараа дулаалахгүй байсан нь ашигтай байна.
Цахилгаан тасрахгүй байна гэж байхгүй Г.Лувсанжамц гишүүн ээ. Одоо бид нэг эх үүсвэртэй. Хоёр эх үүсвэртэй болтол 30, 40 жилийн асуудал болно.
Тог бага тасрах тухай л ярина. Огт тасрахгүй гэсэн ойлголт байхгүй. Тог тасрахгүй байхын тулд хоёр эх үүсвэртэй байж таарна аа даа. Нэг талд нь үйлчилгээ хийхэд нөгөө талаа сэлгэн залгадаг байх ёстой. Сүүлийн 30 жилийн хугацаанд төлөвлөлтгүй явсан Улаанбаатар хотын гэр хороололд ийм боломж байхгүй. Тэгж худлаа ярьж ард түмнийг молигдож хэрэггүй, чадахгүй. Бага тасрах тухай ярина. Намар, өвлийн бэлтгэл ажил хийгээд явсан. Монгол даяараа л зарлаж байгаад цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээгээ хийнэ гэдгээ зарлаж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Ерөөсөө попроод байгаа юм байхгүй сайд аа. Хаана нь тасрах юм, хаана нь тасрахгүй юм бэ гэдгээ тодорхой гаргах ёстой ш дээ. Байшингаа дулаалаад гэрээ дулаалаад цахилгаан халаагуурт шилжчих. Энэ хэсэгт цахилгаан таслахгүй гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй л гэж хэлээд байна. Талбай дээрх үзэсгэлэнг өнөөдөр үзлээ. Улсын хэмжээний л юм байхаас Улаанбаатар хотод аль хороонд тог тасрахгүй юм бэ гэдэг төлөвлөгөө байх ёстой ш дээ.
Г.ХОРОЛ
3,607.57

















































Холбоотой мэдээ