niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-26 07:04 UTC Source: https://news.mn/r/2799163/ fce09417de1f6f5a… ← back to niitlelch.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйснаар завсарлага зогслоо

Хуучирсан мэдээ: 2025.05.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйснаар завсарлага зогслоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйснаар завсарлага зогслоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаад зохисгүй хандлага гаргасандаа уучлал гуйсан байна. Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Пүрэв гаригаас эхлүүлсэн байсан завсарлагаа өнөөдрөөс /2025.05.05/ цуцалжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар энэ тухай мэдээллийг өглөө.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ерөнхий сайдын мэдээллийнхээ цаг дээр хэлсэн зохисгүй үгийг нь дагаад нийгмийн хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ хугацаанд хоёр гишүүний хооронд болсон маргаан мэтээр олон нийтэд ойлгуулахыг хичээх PR өнгөрсөн 7 хоногт ихээр явагдсан. Бүлэг бол гүйцэтгэх засаглалын хоорондын асуудал гэж үзсэн.

Бүлгийн удирдлага, Ж.Баярмаа гишүүний хамтаар өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайдтай уулзалт хийсэн.  Бүлгийн гишүүд энэ асуудлаар байр сууриа нэгтгэснээр завсарлага авах хугацаагаа энэ хүргээд зогсооно.

УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага.  УИХ бол аливаа шийдвэрийг мэтгэлцээний зарчмаар гаргана. Парламентад өнөөдөр  126 гишүүнээс 118 гишүүнтэй намууд хамтарсан Засгийн газарт байгаа ч парламент мэтгэлцээний талбар байна гэдэг үндсэн зарчмаас ухарч болохгүй. Энэ зүйлүүдийг улам төгөлдөржүүлэх ёстой. Энэ хүрээнд хуулийн төсөл өргөн барих гэж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Өнгөрсөн өдрүүдэд манай зарим хүмүүс , зарим улс төрийн хүчнүүдийн томъёолсноор УИХ-ын ажлыг гацаах ажиллагаа явагдаж байна гэсэн. Энэ асуудлаар би байр сууриа илэрхийлэлгүй ирсэн. Миний бие болоод Ерөнхий сайдын хэлсэн үгнээс үүдсэн учраас. Тэрнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Бүлгийнхээ удирдлагын хамтаар Ерөнхий сайдтай уулзсан.

Буруу зөрүү ойлголт хардах сэрдэх ойлголт байдаг. Тэрэн дээр ойлголцоод Ерөнхий сайд албан ёсоор уучлал гуйсан.

Ерөнхий сайдаас асуулт асуусны маргаашнаас миний хувийн амьдрал, үр хүүхэд рүү орсон гүтгэлэг битүү явагдаж байна. Иргэн хүнийхээ хувьд холбогдох байгууллагад гомдлоо өгнө.

Мөн Ардчилсан нам Ж. Баярмаа гишүүнтэй холбоотойгоор үүссэн асуудлаас үүдээд Баялгийн санг эсэргүүцсэн гэдэг гүтгэлгийг битүү явуулсан. Ардчилсан намын манлайлал дор Баялгийн сангийн хуулийг баталсан.  Ойрын үед Баялгийн сангийн тухай хэлэлцүүлэг яваагүй. Энэ нэг үйл ойлголцол танхимд болсон ярианаас болж Ардчилсан намыг намайг харлуулах гэсэн гүтгэх гэсэн явуургүй үйлдлүүдийг шалгуулна. Хоёр гишүүний асуудал биш гэдгийг манай бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглал хоорондын хил хязгаар эвдэрсэн, УИХ-ынхаа толгой дээр Загийн газар нь гараад суусан байгаа гэдгийг ил тод харуулсан үйл явдал болсон. Энэ бол ганц өнөөдөр болж байгаа үйл явдал биш. Бид 1992 оны Үндсэн хуулийг баталсны дараагаас эрх мэдэл хуваарилагдсан байгаа байдлынхаа төлөө алхам хийгээгүй. Дарга нарыг шүтдэг арга барилаараа гурван даргын улс болж хувирсан.

УИХ -ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван даргыг гаргаад залсан. Энэ байдлыг бид халах ёстой юм байна. Парламент нь парламент шиг байх ёстой. Парламентынхаа толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй.

УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гэж Монгол Улсын Үндсэн хуульд маш тодорхой заасан заалт байгаа. УИХ -ын чуулганы танхимыг 126 гишүүнд зориулж засах ёстой.

Өнгөрсөн 7 хоногийн маргаан дээрээс та бүхэн анзаарсан байх. Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл өгдөг цагаараа тусдаа зассан ширээн дээрээс УИХ -ын гишүүнийг хурал удирдаж байгаа дарга шиг дээрээс доошоо харж байгаа байдлаар доромж байдлаар харьцсан. Хариуцлага яриад эхлэхээр УИХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүнтэйгээ л маргасан ш дээ гэж үг хэлэх гэж оролдож байгаа. Энэ хоёрдмол байдлыг эвдэх ёстой.  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн тусдаа сандал ширээтэй болмоор байгаа бол Германы парламент шиг 126 гишүүнийхээ дунд тусад нь суудал гаргаж өгөөд УИХ -ын гишүүний нэрээр биш гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж байгаа амаар дуугарч байгаа хил хязгаарыг тодорхой зааж өгөх ёстой юм байна гэдэг үүднээс хуулийн төслөө энэ 7 хоногт өргөн барихаар төлөвлөж байна.

Гэхдээ УИХ-ын дарга болон УИХ дахь намын бүлгүүдийн уулзалтын үеэр “Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах гэж байгаа асуудлаа тусад нь, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг асуулгын цаг болгох, УИХ-д мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагч худал мэдээлэл өгч байгаа бол хариуцлага тооцох хуулийн төслийг тусад нь оруулж өгөөч” гэсэн. Сүүлийн хоёр асуудлыг  Ардын намын гишүүд ч дэмжихэд бэлэн байна гэсэн.

Дээр нь бүлгийнхээ хурал дээр ойлголцсон зүйл бол Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу очих гээд байгаа бол гурван даргын улс болсонтой холбоотой учраас эрх чөлөөний эсрэг явж байгаа үйл явцыг зогсоох гурван арга зам байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг парламентын өмнө гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж байгаагийнхаа хувьд дэлхийн парламентат улсын өмнө гүйцэтгэх эрх мэдэл ямар байна, тэр төвшинд авч ирэх.

Хоёрдугаарт, гадуур яриад байгаачлан Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт өөрчлөлтийг өөрчилж Ерөнхийлөгчийг нэг удаа бус дахин сонгогдох боломж нээж болох уу үгүй юу гэдэг улс төрийн эрэл хайгуулж хийж байгаа тухай хов жив явж байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалах. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд заасан “Үндсэн хуульд нэг өөрчлөлт орсон бол 8 жил тэр заалтад гар хүрч болохгүй” гэдэг эцсийн зарчим дээр бид тууштай зогсоно гэдэг улс төрийн шийдэл гаргах ёстой юм байна.

Гуравт нь, парламентыг парламент шиг байлгахын тулд парламентаасаа гадуур эрх мэдэл эдэлдэг УИХ-ын даргатай байж болохгүй учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ -ын даргыг гаргах ёстой юм байна.

Энэ шийдлүүдийг хийсний дараа л Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим ажиллаж, Монгол Улс гурван даргын бус эрх мэдэл гурав хуваарилсан Үндсэн хуульт хүний эрхийг хамгаалсан дэг журам руу очихын юм байна гэдэг байр суурин дээр очиж байгаа. Энэ хуулийн төслүүдийг ээлж дараатайгаар УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
12
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж