Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд дээр болсон асуулт-хариулт улс төрийн хурц сэдэв болж хувирав. Уг нь УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага нэхэх эрхтэй юм.
Үйл явдлыг эргэн сануулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Үндэсний бялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Энэ оны эхний улирлын байдлыг өмнөх оны эхний улиралтай харьцуулахад төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасахтай буюу 375 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Нүүрсний экспорт 883 сая ам.доллараар буюу 42 хувиар буураад явж байна. Алт өмнөх оныхоос 47 сая ам. доллараар буурсан. Бүх юм хасах үзүүлэлттэй буурч байна. Нийт орлого 2 их наядаар буюу 16 хувиар буурсан явж байна. Нүүрс экспортын 45-55 хувийг бүрдүүлж байгаа. Ирээдүй гэдэг гоё нэрийн дор баялаг гэдэг юмыг яриад байна. Бодит амьдрал чинь ямар байна вэ. Та санаа зовж байна уу. Өнөөдрийн ард түмний амьдралыг яая гэж бодож байна.
Та зургаан жил төрд өндөр дээд албан тушаал хашлаа. Та Ерөнхий сайдаар ажиллаад тав дахь жил рүүгээ орлоо. Та вакумжаад амьдралаас тасарчихсан байна" гэж хэлсэн нь Засгийн газрын тэргүүнд төдийлөн таалагдаагүй бололтой.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуултад хариулахдаа “Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар байдалтай болчихсон байлаа. Эрдэнэтийн 49 хувь, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энийг цэгцлэхэд хугацаа нэлээд орсон. Ярихгүй л яваад байна. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг харна биз.Би өөртэй чинь ярихгүй, Цаана чинь үг хэлүүлээд байгаа хэдэн нөхдүүдэд чинь хэлэхэд би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад Монгол Улсын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад будаа болгочихсон байгаа асуудлыг удахгүй ороод ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгийн нэг хачин юм яриад бай” гэсэн нь түүнийг чиглэсэн улс төрийн акц болж хувирав.
АН-ын бүлэг Даваа гаригт Ерөнхий сайдын ёс зүйгүй үйлдлийг хэлэлцэж, түүнийг парламент ёсыг үгүйсгэсэн учраас Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-ний чуулганы хуралдаан болох өдрийг хүртэл ард түмэн, УИХ-аас, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой” гэсэн шаардлага тавьсан. Гэвч Ерөнхий сайдад өгсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчний шаардлагыг хүлээж аваагүй юм. Тиймээс АН-ын бүлгийн гишүүд өчигдөр /2025.05.01/-ний өдрийн чуулганы хуралдаанаас нэг өдрийн завсарлага авч, ажил хаялт зарлав.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандах учиртай. Бид төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээсэн. УИХ дээр маргалдаж, мэтгэлцэх олон зүйл өмнө нь гарч байсан. Цаашдаа ч ийм асуудал гарна. Гэхдээ харилцан хүндэтгэлтэй байж, төрийн ажлыг явуулах зарчим дээр суурилж ажиллах ёстой. Үе үе УИХ-ын гишүүдээс гомдол ирдэг. Байнгын хороо, чуулганы хуралдаанд албан тушаалтан оновчтой хариулт өгөхгүй, ихэрхэж байна, хариултаас бултаж байна гэдгийг гишүүд хэлж байгаа. Ер нь УИХ-ын гишүүдийн асуулт мэргэжлийн, оновчтой, зарчимтай байдаг. Хариулт өгч байгаа албан тушаалтан ч ялгаагүй. УИХ бол ард түмнээс сонгогдсон бага ард түмний үүргийг гүйцэтгэж, төлөөлж байгаа институци. Тэр утгаараа бүх асуудалд хариуцлагатай хандах ёстой. Гишүүд үүнийг анхаарах нь зүйтэй. Энэ мэтчилэн УИХ-ын хэлэлцэх асуудалд саад тотгор учирдаг, төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж болохгүй. Цаашид ийм зүйлийг хүлээж авах боломжгүй. УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн эрх үүргийн асуудал байдаг. Чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүйгээс бие биенийхээ нэр төрд халдаж болохгүй. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүд хэт эмзэг байх хэрэггүй. Дотор, гадна талдаа гүтгэх доромжлуулах гээд олон нөхцөл байдлыг улстөрчид туулж, давж чадах нь давдаг. Олон нийтээс ирж байгаа санал, гүтгэлгийг тэвчиж гарч чаддаг байх нь улстөрч хүнд байх ёстой зан гэдгийг харах нь зүйтэй. УИХ -ын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүний юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн хоорондоо ойлголцоогүй, бие биенээ эмзэглүүлэх үг хэлсний төлөө гацаж саатаж байдаг зүйл биш. Цаашдаа яах юм, УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо үг чулуудсанаас болоод УИХ -ын үйл ажиллагаа гацаж саатдаг жишиг рүү орох юм уу. Хэрвээ асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан улс төрийн намын удирдлагууд хоорондоо асуудлаа ярьцгаа. Энэ бол УИХ -ын асуудал биш. Хэндээ эрхлээд байгаа юм. Ялих шалихгүй асуудлаар хэрэлдээд бойкот хийгээд сууж байдаг. Таван минутын хугацаа өгье, орж ирж үг хэлэх нэрээ өгөх ёстой" гэж учирлаад ч тусыг эс олов.
УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг танилцуулсан. Харамсалтай нь, энэ их хэрүүл тэмцлийн хар гайгаар түүний илтгэлд ямар олон ноцтой асуудал, тоо баримтууд тусгагдсан талаар тогтож сонсох, анхаарч үзэх хүн байсангүй.
УИХ нь 126 гишүүнтэй. Чуулганы хуралдаан 69-өөс дээш ирцтэйгээр эхлэх дэгтэй. АН-ын бүлэг чуулганы хуралдааныг суухгүй байлаа гээд МАН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ынхан яагаад чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь хардлага төрүүлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд бодлого, шийдвэрээсээ буцахгүй байж болох ч парламентын танхимд ёс зүйгүй аашилсныхаа төлөө эр хүн шиг бас улстөрч шиг уучлалт гуйчихад амнаас нь алт унахгүй нь лав. Ухаантай хүн түрүүлж хэрүүлд цэг тавьдаг гэж үг бий.
3,607.57















































