Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барих төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн бүтээн байгуулалтын ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл ажиллахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар барилгын талбайд 300-400 гаруй хүн ажиллаж байна.
Ховд голын Шижигтийн хавцалд барьж буй 90 МВт-ын хүчин чадалтай тус станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид төслийн хэрэгжилттэй танилцах үеэрээ станцыг түшиглэн орон нутгийн аялал жуулчлал, газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлэх боломж, цаашдын төлөвлөлтийн талаар санал солилцжээ.
Энэ үеэр Ховд голоос газар тариалангийн бүс нутаг руу суваг татах, услалтын системийг өргөжүүлэх, Буянт голыг түшиглэн хиймэл нуур байгуулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна.
Мөн МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн төлөөллүүд Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг түшиглэн археологийн дурсгал, ховор олдвор бүхий музей байгуулах саналыг танилцуулжээ.
Учир нь станцын барилгын талбай болон усан сан үүсэх бүсээс 2020 онд 600 гаруй археологийн дурсгал илрүүлсэн байна. Үүнээс 585 дурсгалд авран хамгаалах малтлага хийх, баримтжуулах, нарийвчилсан судалгаа шинжилгээ явуулах шаардлагатай байгаа аж.
Тэдгээрийн дотор Хүннү, Уйгур, Түрэгийн үед холбогдох булш, оршуулга, тахилгын байгууламж, хөшөө чулуу зэрэг түүх, соёлын ховор, үнэ цэнтэй дурсгалууд багтаж байна.
Иймд станцын бүтээн байгуулалттай зэрэгцэн археологийн дурсгалуудад авран хамгаалах малтлага, судалгаа хийж, илэрсэн олдворуудыг цаашид музейн үзмэр болгон иргэд, аялагч, жуулчдад сурталчлан таниулах боломжтой гэж үзжээ.
Ингэснээр бүс нутгийн түүх, соёлын өвийг хамгаалахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ аяллын маршрут бий болгоход давуу тал бүрдэх юм.
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна” компани ажиллаж байна. Онцлоход, станцын бүтээн байгуулалтын хүрээнд усан сан, далан барьж, 20 гаруй км урт, 4 км өргөн нуур бий болгох юм. Энэ нуурыг Шүтээн нуур хэмээн нэрлэх ажээ.