niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 08:05 UTC Эх: https://news.mn/r/2797912/ f4d2376b29165c3e… ← niitlelch.mn руу буцах

"Хамтарсан засагт орсон гээд АН-ынхан амаа үдүүлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2025.04.29-нд нийтлэгдсэн

"Хамтарсан засагт орсон гээд АН-ынхан амаа үдүүлэхгүй"

"Хамтарсан засагт орсон гээд АН-ынхан амаа үдүүлэхгүй"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын ёс зүйн асуудлын талаар хэлэлцэж, шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт чуулганы танхимд таны асуултад зүй бусаар хариулсан Ерөнхий сайдын үйлдэлд та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа. Энэ бол зөвхөн Жудагийн Баярмаа гэдэг хүний асуудал биш. УИХ-ын гишүүн, цөөнхийн бүлгийн гишүүн гэдэг нэг асуудал. Үндсэн хуульд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж заасан. Мөн Улсын Их хурлын тухай болон Засгийн газрын тухай хууль, дэгийн тухай хууль зэрэг бусад бүхий л холбогдох хууль, тогтоомжоор УИХ нь Засгийн газрыг томилдог. Нэг ёсондоо үүрэг, даалгавар өгч байна гэсэн үг. Тэгэхээр тухайн үүрэг, даалгаврын биелэлт ямар байгааг УИХ-ын гишүүд асуух бүрэн эрхтэй. Институцийнхаа хувьд УИХ Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй.

Өнгөрсөн Баасан гаригийн асуудал бол хувь Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа нарын асуудал огт биш. Засгийн газар нь өөрөө УИХ-ын өмнө ажлаа тайлагнаж, хариуцна гэж Улсын Их Хурлын тухай хуульд тусгасан байгаа.

Энэ өнцгөөс АН-ын гишүүд асуудалд хандаж байна. Ерөнхий сайдын гаргасан ёс зүйн алдаа бол УИХ гэдэг институцийг дорд үзэж байгаа, нэг ёсондоо парламентыг Засгийн газар нь дээрэлхэж, доромжилж байгаа асуудал.

-Тэгвэл бүлгээс гаргасан шаардлагын дагуу уучлалт гуйснаар уг асуудалд өөр ямар нэгэн хариуцлага яригдахгүй гэсэн үг үү?

-Монтескьюгийн хуваарилалтын онол гэж бий. Засаглалын хуваарилалт буюу хяналт, тэнцэл гэж явагдаад байгаа. Парламент нь хууль тогтоож, тэр хуулийг Засгийн газар нь хэрэгжүүлж, хэрэгжүүлсэн дээр нь хяналт тавьдаг. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын гаргасан үйлдэл хүмүүст засаглалын хуваарилалт дээр асуудал, гажуудал үүсээд байгаа юм биш биз? гэсэн айдас, эргэлзээ төрүүлж байна. УИХ дахь АН-ын бүлгээс үүнтэй холбоотой санал гаргаж, Х.Тэмүүжин гишүүн хуулийн төсөл боловсруулж байгаа. Би үүнийг анхнаасаа дэмжиж байсан.

Монгол Улсад буруу тогтолцоо тогтчихоод байгаа. Тэр юу вэ гэвэл төрийн гурван өндөрлөг гээд, хууль хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэх засаглалын тэргүүнээ УИХ буюу хууль тогтоох байгууллагынхаа индэр дээр залчихсан. УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн суудалтай зэрэгцүүлээд тавьчихсан. Гэтэл ардчилсан парламенттай бусад улсад ийм байдаггүй.

Ерөнхий сайд нь парламентынхаа гишүүдийн яг дунд нь сууж байдаг. Ерөнхий сайд нь ирж мэдээлэл өгөх биш эсрэгээрээ парламент нь дуудаж асуулга тавьдаг. Өөрөөр хэлбэл парламентынхаа цаг дээр Ерөнхий сайдыг дуудаж, ажлын тайланг нь сонсч, асуулт асууж, хариулт авдаг. Энэ зарчим Монголд алдагдсан. Тиймээс сандал суудлаас эхлээд өөрчлөх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийнхээ дунд Ерөнхий  сайд сууж, зарчмын асуудал дээр тайлан, мэдээллээ өгдөг байх гэдэг санал шаардлагыг АН-ын бүлгээс өгөөд явна. Холбогдох хуулийн төслөө ч мөн бүлгээс яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барина.

-Таны мэдээлэл, мэдэгдэлтэй холбоотой айлган сүрдүүлэх, дарамтлах, шахалт үзүүлэх зэрэг тохиолдол гарав уу?

-Хүн ирээд шанаадах, сошиалаар худал гүтгэлэг тараах гэдэг сүүлийн үед ялгаагүй болсон. Цэвэр гүтгэлэг, харлуулалт гэдэг нэг талаасаа дарамт, шахалт. Энэ утгаар бол шахалт бол өнгөрсөн Баасан гаригаас хойш маш их байна. Ор үндэслэлгүй гүтгэлэг тэр асуудлаас ганцхан цагийн дараа л сошиалаар гараад эхэлсэн. Амралтын өдрүүдэд ч үргэлжилсэн. Зохион байгуулалттай, санаатай гүтгэлэг одоо ч гарсаар байна.

"ХИЙ ХАРДАХ ӨВЧИН БОЛ ДАРАНГУЙЛАГЧИЙН ХАМГИЙН ТОД ШИНЖҮҮДИЙН НЭГ"

-Таныг "С.Баярцогт дарга" гэж тодотгон дуудсанд эмэгтэй хүнийхээ хувьд хэр шүүмжлэлтэй хандав?

-Хоёр асуудал явж байна. Нэг нь УИХ-ын гишүүний асуултад хариулах биш эсрэгээрээ доромжилж байна. Шууд утгаараа парламентыг доромжилж байна. Хоёр дахь нь хүмүүсийн хэлж байгаагаар Ерөнхий сайд хий юм хардаг болсон уу. Эмэгтэй хүнийг эрэгтэй болгож, оноосон нэрийг андуурч, солино гэдэг хэвийн зүйл мөн үү гэдгийг иргэд ч над руу бичиж байна.

Улс төрд хий хардах гэж өвчин бий. Хий хардах өвчин бол дарангуйлагчийн хамгийн тод шинжүүдийн нэг.

Жирийн гишүүн асуулт асуухад л айдас хүйдэстэй байна гэдэг хий хардаж байгаагийн шинж. Би тухайн үедээ ойлгоогүй.

-АН хамтарсан Засгийн газарт орсон. Гэхдээ сөрөг хүчний хяналтын үүргээ гүйцэтгэнэ. Тэгвэл одоо танай нам хяналтын үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Ерөнхий сайдын хэлдгээр ёстой амаргүй үе байна. Миний хувьд хамтарсан Засгийн газарт нэгдэхийг анх дэмжсэн. Яагаад гэвэл бүтэн найман жил дангаар засаглаад хийж чадахгүй байна гэж нэг ёсондоо буулт хийж, санал тавьж урьсан. Үнэхээр нэг нам дангаар хийж чадахгүй бол яагаад хамтарч болохгүй гэж. Ийм агуулгаар АН Засагт орсон. Гэхдээ юу, юуг хийх ёстойг маш хатуу баримтлах ёстой гэдгийг УИХ-ын чуулганы нээлтээр би хэлсэн. Тухайлбал, хамтарч байгаа үедээ хавтгайрсан халамжаасаа сал, төрийн данхар том бүтцээс бас сал, аль болох бүтцээ жижиг болго гэдгийг илэрхийлсэн. Эднийг л зоригтой алхам, реформ гэж хэлнэ. Ийм зорилготой байвал АН засагт нэгдэж хамтарч, тусалъя. Гэхдээ парламентад гишүүд олон ургалч үзлээ уралдуулах эрхтэй шүү. Уралдуулсаар байх болно шүү гэдгээ хэлсэн. Манай намын гишүүд ч хувь хувьдаа байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Гэтэл одоо нуман тулгуурт орон гэдэг шиг Засгийн газарт хамтарчихаар хөдөлж болохгүй баглагдсан юм шиг болж байгаа нь АН гэдэг институцийн түвшинд л оршиж байгаа төдий болсон. Гишүүд бол хэлэх ёстой үгээ хэлээд л явж байгаа.

Угтаа бол хамтарч ажил хий л гээд байгаа. Ингэснээрээ сөрөг хүчний ам барина гэсэн үг биш. Хамтарсан Засгийн газар АН-ын амыг барьж ашиглаж байгаа нь үнэн. Ямар ч бодит шүүмж хүлээж авахгүй. Дандаа хий харддаг, шүүмжийг ч хардаж хүлээж авдаг болсон байна. Нэгэнт хамтарсан бол нүдэн балай чихэн дүлий суу гэдгийг тулгаж байна.

"ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХУУЛЬЧИЛЖ БАЙГААД ТӨР ХАЛААСЛАХ ГЭЖ БАЙНА"

-Засгийн газраас өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хууль зөвхөн сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийн редакциудад хамааралтай асуудал биш. Та энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна?

-Ардчилсан орны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөв дэх засаглал болдог. Энэ нь дахиад л засаглалын хуваарилалт, хяналт гэдэг зүйл.

Засаг, хэвлэлийн эрх чөлөө хэзээ ч нэг хөнжилд орж болохгүй. Харамсалтай нь, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд ноцтой, ноцтой заалтууд байсан.

Тухайлбал, төрөөс албан ёсоор тендер зарлаж байгаад өөрийнхөө үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулна гэж тус хуулийн төслийн 6.5, 6.7-д тусгасан байсан. Ингэснээр Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг хуульчилж байгаад халааслаж гэж байна. Мөн эх сурвалжаа нууцлах ёстой гэдгийг тендерт орж, шалгарч, төлбөр төлөгчийн нэр усыг нээлттэй байлгахаар тусгасан нь эх сурвалжаа нууцлах заалтыг ч зөрчиж байгаа асуудал. Энэ мэтээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг халаасандаа хийх асуудлыг хуульчилж оруулж ирж байна гэж харсан.

–Цар тахлын үеэс хойш ардчилсан байдал, хүмүүсийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдсан гэдгийг иргэд хэлж байгаа. Хэрэв энэ хэвээр байсаар байвал ямар эрсдэлүүд үүсэх бол? 

-Шүүмжлэлт сэтгэлгээ, хүчтэй сөрөг хүчин бол ардчиллын амин сүнс. Өөрөөр хэлбэл энэ хоёр хөгжлийн түлхүүр гэж харж байна. Хамтарсан Засгийн газрын ес дэх сар дээр энэ бүр ч тодорхой харагдаж эхэллээ. Элчин сайдууд, Бүрэн эрх төлөөлөгчид болоод янз бүрийн зөвлөлүүд байгуулж бизнесмэнүүдийг хүртэл эрх баригч нам татаж байгаа нь улс орныг ерөөсөө л нэг нам, нэг хүний засаглал руу явуулж байгаа хэлбэр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж