Засгийн газраас Бүсийн зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулах болсноор УИХ дахь МАН-ын бүлэг Даваа гаригийнхаа хуралдааныг пялдаг болов. Хангайн бүсийн зөвлөгөөн анх хоёр долоо хоногийн өмнө Архангай аймагт зохион байгуулагдахад УИХ, Засгийн газрын гишүүд Улаанбаатар хот дахь ажлаа хаяад орон нутгийг зорьсон бол хойд бүсийн зөвлөгөөн мөн л хууль тогтоогч нарын хөлд дарагдаад байна.
Үндсэндээ Засгийн газрын сайд нараас гадна тухайн бүс нутгаас УИХ-д сонгогдсон бүх гишүүд энэхүү зөвлөгөөнд оролцож байгаа юм. Үүнээс болж, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаа товлосонгүй. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх байсан ч сайд нар нь байхгүйгээс хойшлуулав.
Хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон, Хөвсгөл, Булган аймгаас сонгогдсон гишүүд энэхүү зөвлөгөөнд оролцож байгаагийн зэрэгцээ Засгийн газрын 23 сайд тэр чигтээ оролцож буй.
Харамсалтай нь, УИХ-д 60 гаруй суудалтай МАН-ын бүлэг бүсийн зөвлөгөөнөөс болж, ийнхүү хоёр дахь удаагаа бүлгийн хуралдаанаа хийсэнгүй.
Орон нутагт хурал зөвлөгөөн зохион байгуулна гэдэг асар их зардалтай ажил. Зөвхөн УИХ, Засгийн газрын гишүүд очоод болчихгүй. Төрийн албаныхнаас гадна төрийн өмчит компанийн удирдлагаасаа эхлээд олон хүн очиж буй. Дээр нь хувийн хэвшлийнхэн нь мөн очно. Шатахуун түлшнээс эхлээд хоноглох байр, хоол унд гээд тоочвол зардал өндөр. Харин манай сайд дарга нар түүнд гонсойж буй царай алга.
Нүүрсний үнэ тонн тутамдаа 50 ам.доллараар, зэсийн үнэ 9300-8700 ам.доллар болтлоо үнэ нь унаж, ам.долларынх нь ханш 2500 давчихсан, төсвийн орлого нь төлөвлөсөн хэмжээнээсээ буурчихсан, 2025 оны төсөвт улаан гэрэл анивчаад эхэлчихсэн дээр дооргүй хэмнэж, үргүй зардал аль болох гаргахгүйн төлөө чардайх ёстой атал төсвийг нь баталдаг УИХ-аасаа эхлээд орон нутаг руу давхичихаар Хэмнэлтийн хуулийг хэн хэрэгжүүлэх юм бэ.
Камер харахаараа УИХ-аар баталсан Хэмнэлтийн хууль хэрэгжиж байна гэж сайхан юм ярих атлаа цаагуураа бүсийн зөвлөгөөн нэрээр хэдэн арван саяар нь зарцуулж, төсвийн мөнгийг хайр найргүй үрж хийх хурал зөвлөгөөн зохион байгуулж байгааг хэмнэлт гэж хэлж болох уу.
Өнгөрсөн жилүүдэд энэ мэт хурал зөвлөгөөнийг орон нутагт өөр нэршлээр олонтаа л зохион байгуулсан. Орон нутаг хөгжөөд боссон нь хэд вэ. Өнөөх л бахь байдгаараа хэвээрээ гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Мал аж ахуйг хөгжүүлнэ гэж том лоозон дэвшүүлэх ч малчид нь улам бүр төрөөс хараат болсоор байгаа. УИХ, Засгийн газраас малчдаа орлоготой болгох нэрийн дор хямд хүүтэй зээлээр угжаад угжаад босож ирсэнгүй. Зөвхөн өнгөрсөн жил “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй тэрбум төгрөгийг “цацсан”. Жилийн зургаан хувийн хүүтэй энэхүү зээлийг олгож байгаа бөгөөд хүүнийх нь хөнгөлөлтийг ч татвар төлөгчдийн мөнгөнөөс илүүчилж дарж буй. Дээр нь олгосон зээлийн нэлээд хэсэг нь импортын автомашин болж хувирсныг ярих хэрнээ дахиад л энэхүү хөтөлбөрөө үргэлжлүүлэх тухай бүсийн зөвлөгөөнөөр ярьсаар л байх уу. Дээр нь “Цагаан алт” хөтөлбөр гээд бас л нэг бөөн мөнгө “угаасан” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ.
Үүнийг хөгжил, мал аж ахуй хөгжиж байна гэж хэдэн биенээ хуураад яах билээ. Түүний оронд юун дээр алдав гэдгээ эргэн харж, бүлгийнхээ хурлыг цаг тухайд нь хийж, алдаагаа засахад анхаарахгүй юм уу МАН-ынхаан. Хөнгөлөлттэй зээлийг орон нутаг руу олгоод л байдаг, үр дүн гарсан уу. Тариалан эрхлэгчдээсээ эхлээд л ноос, ноолуураа үндэсний үйлдвэрүүдэд тушаасан малчид жил бүр урамшуулал авч ирлээ. Үндэсний үйлдвэрүүдээс хэд нь хөл дээрээ босож, малчдаас хэд нь орлогоороо амьдарч байгаа вэ. Үр дүн муутай л байгаа шүү дээ. Үр дүн нэхэхээр "Үйлдвэрлэл хөгжөөгүй" гэх зовлон тоочдог. Гэтэл төрөөс орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд сүүлийн 30-аад жилд хамаг мөнгөө л хөнгөлөлттэй хэлбэрээр олгож ирсэн. Адаг сүүлдээ малчны хүүхдийг ч төрийн зардлаар сургах болж, ачааг нь татвар төлөгчид үүрэх болсон. Нийгмийн даатгалын сан нь хэдэн зуун тэрбумын алдагдалтай хэр нь малчдын НДШ-ийг мөн л татвар төлөгчид төлнө. Хөдөөгийн хөгжлийг, тэр дундаа малчдыг дэмжихийн тулд татвар төлөгчид НДШ-ийг нь төлөлцөх нь үүрэх л ёстой ачаа нь уу.


Г.ХОРОЛ
3,607.57















































