Ялалтын баяр болохоос урьтаж шийдэх ёстой Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг УИХ дахь намын бүлгүүд өчигдөр (2025.04.21) хэлэлцээд сайжруулах шаардлага тавьснаар Засгийн газар хойд хөршид дахин асуудал тавих болж байна.
Учир нь, УИХ-д өргөн барьсан одоогийн хэлэлцээрийг хүлээн авбал Монгол Улсын эрх ашигт харшилна гэж үзэж буй.
Хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заасан. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар тусгасан юм. Гэвч маргаан гарвал ОХУ-ын Арбитраар маргааныг хэлэлцэх, онгоцны буудлын дэд бүтцийн цогцолбор ашиглахад хамтарсан компани байгуулна, түлшийг 20 жил нийлүүлэх тухай зэрэг асуудал нь хэт нэг талыг барьсан хэлэлцээр гэж бүлгүүд үзсэн.
Иймээс Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дээрх заалтуудыг Монголд ашигтай болгох даалгавар аваад байна.
Тухайлбал, 20 жил түлш нийлүүлэх тухай заалтыг 20 хүртэл жил болгон өөрчлөх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах тухай ойлголт төрүүлж буй заалтыг өөрчилж, зөвхөн түлш цэнэглэх цогцолборт хамааралтай болгох, маргаан гарвал Монгол Улсын Арбитраар ч хэлэлцэх болгон өөрчлөх ёстой.
Эл асуудлыг хариуцаж байгаа сайд Ц.Тувааны хувьд ОХУ-ын холбогдох сайдад асуудлыг тавьсан гэдгээ мэдэгдэж буй. Нөгөө талдаа Монгол талд буруу ойлгож байгаа асуудал ч байгааг ч онцолсон.
Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Японы хөрөнгө оруулалтаар барьсан, япончууд менежментийг нь хариуцаад удирдаад явж буй. Тус нисэх буудалд газардсан агаарын хөлгийг цэнэглэхэд комплекс ашигладаг. Энэ дээр асуудал гарч байна.
Хамтарсан нэг компани орж ирээд шууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг удирдана гэж байхгүй. Буруу ойлголт яваад байна” гэж тайлбарлаж буй.
Мөн Монгол Улс нь ОХУ-аас нефтийн хувьд 96 хувийн хамааралтай бол онгоцны түлшний хувьд 100 хувь хамааралтай явж ирсэн. Хойд хөрш нефтийн экспортдоо хэсэгхэн хугацаанд хязгаар тавихад л Монгол Улсад шатахуун ховордож, шагийн үнэд шилждэг. Хамгийн ойрын жишээ нь 2023 онд тохиолдож байсан. Хэрвээ дээрх хэлэлцээрийг байгуулчихвал 20 жилийн турш нефтийн асуудалд санаа зовох зүйлгүй болно. Нэг ёсны ОХУ нефттэй холбоотой ямар ч шийдвэр гаргасан Монгол Улсад нөлөөлөхгүй, хэлэлцээрт заасны дагуу онгоцны түлш болон нефть асуудалгүй тогтвортой нийлүүлэгдэх юм. Үүгээрээ давуу талтай гэж тайлбарлаж байна.
Мөн Дорноговь аймагт баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход хамгийн багадаа гурван жил шаардана. Уг үйлдвэр ашиглалтад ороход нэн тэргүүнд дотоодоосоо хэрэгцээгээ хангана, дутаж байгаа эх үүсвэрийг ОХУ-аас авахад энэхүү хэлэлцээр тээг болохгүй.
БНХАУ-аас онгоцны түлш авч эх үүсвэрээ олон болгох тухай асуудлыг гишүүд тавьж буй. Харин сайд Ц.Тувааны тайлбараар өмнөд хөршөөс онгоцны түл авах бол нэгдүгээрт нарийн төмөр зам хэрэгтэй, хоёрдугаарт Замын-Үүд дээр оруулаад ирлээ гэхэд онгоцны түлш хадгалах агуулах байхгүй зэрэг зовлон тоочиж байгаа юм. Иймээс УИХ дахь намын бүлгүүдээс тавьсан шаардлага нөхцлийг хангаж чадах эсэхээс хамаарч ОХУ-тай байгуулах түлш нийлүүлэх тухай 20 жилийн гэрээг УИХ зөвшилцөх эсэх хамаарах болж буй.
Г.ХОРОЛ
3,607.57

















































Холбоотой мэдээ