“Буянт-Ухаа-2” байранд амьдрахаар мөнгө төлөөд хохирсон иргэд өнөөдөр /2025.04.21/ Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа жагсаж, цагдаагийн байгууллага ажлаа хийж, хохирсон иргэдийг хохиролгүй болгохыг шаардлаа.
Хохирогч иргэд “Бид бол Буянт-Ухаа-2 байранд мөнгө өгөөд хохирсон иргэд юм. Хамгийн багадаа 27 сая төгрөг түүнээс дээш хохиролтой иргэд. 2017 оноос хойш мөнгө төлж хохирсон.
Хууль зүй дотоод хэргийн яаманд ажиллаж байсан Ш.Энхжаргал гэдэг нөхөр энэ залиланг хийсэн.
Миний хувьд 2023 оны зургадугаар сард байр авах зорилгоор Ш.Энхжаргалын гар хөл нь үү мэдэхгүй, н.Мягмарцэрэн гэдэг хүнд мөнгө төгрөгөө өгөөд хохирсон. Залилуулснаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр тухайн байрыг түрээслэгч гээд нэг хүн гараад ирсэн. Манай гэр гээд гэрчилгээ үзүүлсэн. Хөхөө өвлийн хүйтнээр байрнаасаа хөөгдөөд гарсан. Энэ хэргийг Хууль зүй дотоод хэргийн яамны том албан тушаалтан үүсгээд олон хүнийг хохироогоод явж байхад яам нь өнөөдрийг хүртэл яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ. Хууль зүй дотоод хэргийн сайд иргэдийнхээ төлөө ажиллана, хохирлыг нь барагдуулна гээд сайхан юм ярьдаг. Хохиролгүй болгож өгөөч ээ.
Ш.Энхжаргал гэдэг хүн “Би Хууль зүй дотоод хэргийн яаманд ажилладаг хүн. Бид та нарыг залилах үндэслэл байхгүй” гэж хэлээд Хөгжлийн банкны бланктай албан тоот, байрны ордер үзүүлсэн, татварын мөнгийг нь өгчихсөн гээд албан бичиг үзүүлсэн болохоор баталгаатай л гэж бодсон.
Залилуулснаа мэдүүтээ цагдаагийн байгууллагад хандсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Төр нь ажлаа хийхгүй, иргэдээ ялгаварлан гадуурхаад байна. Цагдаагийн байгууллага ажлаа хийхийг шаардаж байна, сайд О.Алтангэрэлийг энэ асуудалд анхаарч, ажиллахыг хүсэж байна” гэлээ.
3,607.57















































