Монгол Улс ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбараар эдийн засгийг солонгоруулж, нэг жуулчнаас олох орлогыг 4000 ам.долларт хүргэх том амбицтай. Гэвч жуулчдыг мөнгө гэж хардгаас биш тэдэнд юу санал болгох, хэрхэн үйлчилгээ үзүүлэх зэрэгт төдийлөн анхаардаггүй. Тиймээс Монголд нэг ирсэн жуулчин дахин ирэх хүсэлгүй болоод буцдаг гэх яриа ч бий. Жуулчдын 51.9 хувь нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин нэвтэрдэг. Гэтэл нисэхээс гараад жуулчдад үйлчлэх хөтөч, жолооч олдохгүй, бизнес эрхлэгчид, компаниуд тус тусын машинаараа зочноо тосоод буцахдаа түгжрэлд орж, зочиндоо тавгүй сэтгэгдэл төрүүлэх нь энүүхэнд.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилдэггүй учраас такси үйлчилгээ эрхлэгчид нэг талдаа 100 мянган төгрөгөөр зорчиж байгааг иргэд шүүмжилж тус чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлсэн. Гэвч зорчих урсгал багатай гэх шалтгаанаар 2025 оны хоёрдугаар сараас эхлэн тус чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоосон юм. Харин такси үйлчилгээ эрхлэгчид дээрх чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хэвээр. Үүнээс харахад бид зах зээлд үйлчилгээ нэвтрүүлэхдээ судалгаа, тооцоогүй байгаагаас эрэлт нийлүүлэлтийн зарчмаа хангаж чадахгүй байгаа нь харагдаж байна. Уг нь тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ хэрэгтэй боловч заавал том оврын автобус үйлчлэх шаардлагагүй.
Харин жуулчдад зориулсан бага оврын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл өмнө нь тохиолдсон шиг хоосон шахуу автобусаар эргэлт хийж, цаашлаад үйлчилгээгээ зогсоох хүртэл нөхцөлд хүрэхгүй юм.
Гэвч Нийтийн тээврийн бодлогын газраас дахин 45 хүний суудалтай том оврын автобусаар тус чиглэлд үйлчлэх болсныг мэдээлжээ. Тодруулбал, Хятадын“Yutong” маркийн 10 автобусыг худалдан авч хот орчмын чиглэлд явуулах бэлтгэл хангаад байгаа аж. Шинээр ирж буй 10 автобусыг нийслэлийн Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд үйлчилгээнд явуулах гэнэ. Мөн эдгээр автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах учир жуулчдыг түргэн шуурхай буух газарт нь хүргэх боломжтой гэжээ.

Монгол Улсаар аялж буй жуулчид хэлэхдээ,"Улаанбаатар хот төв хэсгээрээ орчин үеийн өндөр барилгууд, том брэндийн дэлгүүртэй хэр нь төвөөсөө нэг их холгүй модон хашаатай, нүүдэлчний гэртээ хүмүүс амьдардаг. Хотын төвөөр түүхэн хүмүүсийн хөшөө их боловч англи хэл дээр тайлбаргүй. Хөдөө нутаг үнэхээр сайхан ч ариун цэврийн байгууламжийн асуудал тулгамддаг. Түүнчлэн ихэвчлэн төлөвлөсөн цагаасаа хоцордог. Учир нь дэд бүтэц, зам сайн биш учраас хурдан явах боломжгүй байгаа талаар хөтөч маань тайлбарласан" гэх мэтээр сэтгэгдлээ хэлдэг. Түүнчлэн үйлчилгээний чанар, хэт өндөр үнэ, харилцаа хандлагад анхаарах шаардлагатайг сануулдаг.
Сүүлийн үед дэлхийн гэх тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид Монголыг сонирхон ирж, сурталчилгаа хийсэн ч сэтгэл ханамж хэдэн хувьтай байсныг хэлэхэд хэцүү. Хамгийн сүүлд гэхэд Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed Монгол Улсад зочлохдоо интернэтийн сүлжээ муу байгаа талаар шүүмжилсэн. Тиймээс аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбай зэрэг жуулчид ихээр зорчдог газруудад өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ нэвтрүүлэх, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг хэлж байгаа юм. Үүнээс харахад аялал жуулчлалын салбарт эдийн засгийн хэт өндөр төсөөлөлтэй уялдсан төлөвлөлт гэхээс илүү дээр дурдсан жижиг асуудлуудаа бодитоор харж шийдэх нь чухал байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс 2025 онд нэг сая жуулчин 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг найман тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. 2025 он гарснаар нийт 142 мянга гаруй жуулчин Монгол Улсад зочилжээ. Зуны улирал ирж байгаа учраас энэ тоо цаашид нэмэгдэж нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо биелүүлж чадна гэсэн хүлээлт бий. Хамгийн гол нь анх удаагаа зориод ирсэн жуулчинд ахин дахин ирэх сэтгэгдлийг төрүүлж чадвал энэ нь эргээд аялал жуулчлалын хөгжлийг авч ирнэ гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ