Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ. /УИХ-ын гишүүдийн тангаргийн үг/
Парламент нь төрийн эрх барих дээд байгууллага. Мөн хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. Үндсэн хуульд УИХ-ын эрх ба үүргийг ингэж зааж өгсөн. Тэгвэл УИХ нь Монголын төрийн эрх барих дээд байгууллага уу, Москвагийн захиалга даалгавраар ажилладаг байгууллага уу гэдгийг удахгүй улсаараа харж дүгнэх болно.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны өргөн барьсан хэд, хэдэн хуулийн төсөл Монгол Улсыг цаашид ардчилсан тусгаар улс хэвээр үлдэх үү аль эсвэл Москвагаас де юре хамааралтай улс болж хувирах уу гэсэн хоёр сонголтын өмнө аваачлаа. Үндсэндээ, Монгол Улсад агаарын хөлгийн түлг нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монголын эрх ашгийг уландаа гишгэсэн Москвагийн тулган шаардалт байна гэх шүүмжлэл эрчимжиж байна.
Уг гэрээнд:
- Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны цогцолборын дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.
- Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
- Хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ
- “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах /үүнд нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх / үйл ажиллагааг хамтарсан компани хийж гүйцэтгэнэ.
- Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэх байх асуудлыг хангана.
- Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз болон бусад баримт бичгийг олгох.
- Цогцолборын удирдлага, ашиглалт, хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэх, гарах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, ажиллах нөхцлийг бүрдүүлэх.
- Цогцолборыг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа материал, барилга угсралтын техник болон тоног төхөөрөмжийг Монгол, Оросын улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн хялбарчилсан горимоор оруулах.
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдолтой төлбөр, тэр дундаа Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх.
- Монголын тал төлбөр тооцоог цаг тухайд нь хийх.
- Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр нэмэгдэх, гадаадын ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах эсхүл энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлөр, гадаадын ажилчдын квот шинээр нэвтрүүлэх түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад болон эсхүл хамтарсан компанид энэхүү хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь энэ зүйлийн зорилгын хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ.
- Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш 2 сарын дотор шийдвэрлэгдэхгүй тохиолдолд талуудын аль нэг талын хүсэлтээр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд түүний холбогдох дүрэм, журмын дагуу шилжүүлнэ.
- Талууд хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын процедурыгхангасан тухай оролцогч талын сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хойш 20 жилийн хугацаатай хүчин төгөлдөр байна гэж тусгаж өгчээ.
Эдгээр заалтууд Монголын эрх ашигт халтайг УИХ-ын гишүүд ч ил тод шүүмжлэх болсон. Тэр тусмаа агаарын тээврийн эрх чөлөөгөө хойд хөршөөс хараат болгох нь монголчуудыг их гүрний дунд “хоригтой” улс болгож хувиргах хорлонт бодлого болохыг сануулах хүмүүс цөөнгүй.
Ингэж сануулах нь ч зөв. Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэг хөгжлөөрөө дэлхийд хамгийн их хаягдсан, хоцрогдсон байгууллага болж хувирсан. Дэлхий дахин хурдны галт тэргээр өрсөлдөж байхад Монгол XX зууны уурын галт тэргээсээ салаагүй яваа. Энэ нь Оростой хамтарсан ямар ч байгууллага урагшлахгүй ухардаг болохыг харуулсан гашуун жишээ. Ийм байтал агаарын тээврийн салбарт олон улсын хоригт орсон “Роснефть”-тэй гэрээ байгуулна гэдэг Монголын хувьд жинхэнээсээ үхлээ эрсэн хулгана унтаж буй муурын сүүлээр оролдсонтой адилхан үйлдэл болохыг ч ард иргэдээс анхааруулж буй.
Монголын үе үеийн Засгийн газарт хоёр хөршийн шахалт багагүй ирдэг. Бодлого, зорилтыг нь монголчуудаар нь гацаалгах гадны захиалга одоо ч үйлчилсээр байна. Гадны захиалгад үйлчилдэг гар хөлүүд Төрийн ордны гадна талд ч, дотор талд ч байдаг. Ийм зовлон бэрхшээл, дарамт шахалт хамтарсан засгийн хамгийн хүнд бэрхшээл байгаа ч биз. Жижиг улсын том зовлон энэ. Тэр тусмаа хоёр том хөрштэй, далайд гарцгүй Монголын Засгийн газарт хоёр хөршөөс элдвийн дарамт, шахалт үзүүлж буй нь ойлгомжтой. Монголын Засгийн газар болгоныг дарамтлаж, өөрийн талд шийдвэрээ гаргуулах сонирхол аль, аль хөршид бий. Х.Баттулгын гараар могой бариулж, Монголын экспортын төмөр замыг самруулсан нь Оросын ч, Хятадын ч захиалга байх талтай болсон.
Тэгвэл хөршүүдийн энэ мэт ашиг сонирхолд үгүй гэж хэлэх эрх Үндсэн хуульд зааснаар Монголын төрийн дээд байгууллагад бий. Тэрхүү төрийн дээд байгууллага УИХ. Тэгэхээр УИХ-ын 126 гишүүний ухамсараас Монголын аюулгүй байдал шалтгаална. Товчхондоо, УИХ-ын гарт улсын хувь заяа ирлээ.
Тиймээс Монголын эрх ашиг эхэнд эрэмбэлэгдэх үү эсвэл Москвагийн захиалга уу гэдгийг УИХ-ын чуулганаар уг гэрээ орох үед харагдана. Наанаа эх орон гэж матрын нулимс унагадаг улстөрчид начир дээрээ эх орныхоо эсрэг кноп дарах нь цөөнгүй. Тиймээс түүхэнд урвагчаар үлдэх үү, улсын түшээгээр үлдэх үү гэдгээ УИХ-ын гишүүд өөрсдөө харуулна. Түүхээ мартаж болохгүй ч түүхийг давтах учиргүй юм.
Б.БАТ
3,607.57















































