УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ долоо хоногт /2025.04.16/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн. Тус төслийг агуулга нь Орос улстай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм.
МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсан бол энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ.
Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд талцал, хэлэлцүүлэг өрнөөд буй. Тэгвэл бид УИХ-ын зарим гишүүн болоод улс төрчдийн төлөөллийн байр суурийг нэгтгэн хүргэж байна.
"МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХААР ХЭЛЭЛЦЭЭРТ ТУСГАСАН"

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:
-Хэлэлцээрт тусгасан бүх заалт ноцтой байгаа. Дийлэнх заалт нь айлын талыг хамгаалсан, айлын талын эрх ашгийг дөвийлгөж, манай тал баахан үүрэг хүлээсэн хэлэлцээр байгаа юм. Тиймээс үүн дээр Засгийн газар дутуу ажилласан гэж үзэж байна. Оруулж ирж байгаа Засгийн газрын тал юу гэж байна вэ? гэхээр энэ бол зөвхөн агаарын хүлгийн түлшний нийлүүлэлтийг зохицуулж байгаа. Энэ зах зээл бол хязгаарлагдмал учраас гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ зөвхөн агаарын түлш биш газрын тосны бүтээгдэхүүн гэсэн агуулгаар бүхий л түлш, дизель, бензин зэргийг хамарч магадгүй байгаа 1, 2 ноцтой заалт тусгасан байна.
Жишээлбэл, манай тал ямар үүрэг хүлээж байна гэхээр Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаа Монгол Улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана гэж тусгасан.
Тэгэхээр Газрын тосны тухай хуулиар дотоодын зах зээлээ хамгаалж, тодорхой хязгаарлалтуудыг тавьж байгаа. Гэтэл тэр хууль үйлчлэхгүй байх үүргийг манай тал хүлээж байгаа зэрэг заалтууд байна.
"АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫГ ХАРААТ БАЙДАЛД ОРУУЛАХ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-Онгоцны түлш нийлүүлэх гэрээ нь яг үнэндээ Чингис хаан нисэх буудлын удирдлага, мeнeжментийг Оросын талтай хамтарч эзэмшихээр тусгаvgy. Энэ нь агаарын тээврийн салбарыг хараат байдалд оруулах эрсдэлийг дагуулж байна. Энэ гэрээг Ардчилсан намыг бүлэгт танилцуулаагүй шууд байнгын хороо руу оруулсан. Тиймээс бүлэг ирэх Даваа гариг хүртэл гурав хоногийн завсарлага аваад байна. Бүлгийн байр суурь бол Даваа гаригт гарах байх. Би хувь гишүүнийхээ хувьд тухайн хэлэлцээрийн төслийг уншаад байр сууриа илэрхийлээд явж байгаа.
Энэ хэлэлцээр бол бидний явж ирсэн, цаашид зорьж байгаа нээлттэй эдийн засгийн өсөлт, өрсөлдөөнийг дэмжсэн, Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бодлогуудаас ухарсан зүйл гэж харж байна.
Гадаад улсын төрийн өмчит нэг компанид, тэр дундаа зүгээр нэг байгууллага биш Монгол Улсын агаарын орон зай, нисэх буудал стратегийн том аж ахуй нэгж дээр санаатай, санамсаргүй байдлаар хэлэлцээрийн төсөлд олон ноцтой асуудлыг тусгаж оруулж ирж байгаа нь зайлшгүй анхаарах асуудал.
Энэ чухал асуудлыг зөвхөн байнгын хороогоор хэлэлцсэн болоод хэлэлцээр батлагдсаны дараа УИХ-ын нэгдсэн чуулганд оруулна.

Бид урд, хойд хөрштэйгөө шударгаар ил тод бизнес хийх ёстой.

Гадаадынхантай байгуулж байгаа уул уурхай, үйлдвэр, үйлчилгээний гэрээнүүдэд менежментийн төлбөр гэдэг үг хавчуулж дээрэмдүүлэх хандлага тогтох нь байна шүү дээ.

3,607.57





















































Холбоотой мэдээ