Монгол Улсын консерваторийн циркийн тэнхмийн оюутан, сурагчид нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах хувийн зааланд бэлтгэлээ хийж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ой 2020 онд тохиож байв. Циркийн уран бүтээлчид 2020 оны аравдугаар сарын 9-нь түүхт ойн талаар хэвлэлийн хурлыг хийж, явуулын асарт баярын тоглолтоо хийх гэж байгаагаа дуулгаж байсан юм. Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн хувьчлалын гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Гэтэл 2020 оноос түүхэн дурсгалт барилгыг засварлаж, нэрийг нь "Аса арена" болгон өөрчилсөн. Шинэ байгууламжийн нэг өдрийн түрээс нь 55 сая төгрөгийн үнэтэй. Дээр нь циркийн нэрийг арена болгон өөрчилж, барилгаа циркчдэд дахин түрээслүүлэх нь юу л бол гэдгийг зарим уран бүтээлчид хэлж байна.
“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”
Тэртээ 1971 онд одоогийн улсын циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.
Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.
Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан байдаг.
3,607.57






















































Холбоотой мэдээ