Уул уурхайн бүтээгдэхүүнээ хямд өртгөөр тээвэрлэх дэд бүтцийг бий болгох зорилгоор хоёр жилийн өмнө Засгийн газар төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан ч эдүгээ ажил үүрэг нь давхардсан 1000 гаруй ажилтантай, мөн хэрэггүй бараа шахдаг газар болж хувирчээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Засгийн эрх авсан намуудын саалийн үнээ болж, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос эхлээд олон улстөрч шахаа хийж, тэрбум, тэрбумаар нь мөнгө сааж амьдарсан шиг асуудал “Тавантолгой төмөр зам” ХХК-д бий болсон байхыг үгүйсгэхгүй нь.
Учир нь, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир өнөөдөр /2025.04.11/ мэдээлэл хийх үеэрээ “Энэ компанид олон асуудал байна. Муурны хоол, муурны цээживч, чипс, шартуулдаггүй ундаа зэрэг олон юм худалдан авсан байдаг. Ганц баримт үзэхэд л ийм зүйл илэрсэн.
Би энэ компанид өнгөрсөн нэгдүгээр сард томилогдож очсон. Одоог болтол материалуудаа гаргаж өгдөггүй. Маш олон хүний ажил үүрэг давхардсан байдаг. Худалдан авах ажиллагаа нь хоёр газар байдаг. Захиргаан дээрээ, санхүү дээрээ байдаг. Хүмүүс бараа нийлүүлдэг ч мөнгийг нь өгдөггүй гэхчлэн маш олон асуудал байна” гэв.
“Эрдэнэт” үйлдвэрт өмнө нь бэлгэвчнээс эхлээд ашиглах боломжгүй автомашины дугуй зэрэг хэрэглэх боломжгүй эд бараа олныг шахсан нь 2012 оны сүүлээр ил болж, дуулиан тарьсан. “Тавантолгой төмөр зам” ХХК-д хийж байгаа шалгалтын баг ямарваа нэг шахалт дарамтгүйгээр ажиллавал олон “но”-той ноцтой зүйлийг илрүүлж мэдэхээр байна.
Уг компанийн үндсэн зорилго бол төмөр зам барих, ачаа тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн завсарлах ёстой. Гэвч муурны аж ахуй эрхэлж байгаа мэт муурны хоол, цээживч зэрэг зүйлүүд худалдан авсан нь анхаарал татаж буй.
Тэр хэрээр тус компанид хэрэг болохгүй эдгээр зүйлийг хэн шахав гэдэг нэхэл хатуу асуулт ч тавигдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэворжийн тайлбарласнаар тус компани 1000 гаруй ажилтан, албан хаагчтай. Түүнээс 400 орчим нь МАН-ын сонгуульд ажилласан нөхдүүд аж. Нэг ёсны улстөрчдийн шахааны хүмүүс олон байна. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийнхан 4-5 сая төгрөгийн цалинтай бол захирал нь 19 сая төгрөгийн цалин авдаг.
Мөн тус компанийн 1000 гаруй ажилтнаас 120 нь Гашуунсухайтын төмөр замд очиж үзээгүй. Гэтэл тэдний урсгал зардал нь 2 тэрбум төгрөг. Мөн тус компанийн Улаанбаатар хот дахь 180 ажилтан нь 1500 м2 талбайг өндөр хөлс төлөөд оффислодог.
“Тавантолгой төмөр зам” ХХК шиг ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компани нь 280 хүнтэй, 1000 гаруй вагон хариуцаад ажилладаг. Гэтэл “Тавантолгой төмөр зам” ХХК нь 1000 ажилтантай, 810 вагон хариуцаж ажилладаг.
Төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” компани нь Тавантолгойн амнаас 14 км газар руу ачаа тээвэрлэхэд тээврийн хөлс нь 1 сая 78 мянган төгрөг болдог. Үндсэндээ автомашинаар тээвэр хийснээс өндөр үнэтэй тусаж байгаа. Энэ нь замд нь хулгай хийдэг нөхдүүд олон байгаатай холбоотой гэж тодотгосон юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар “Тавантолгой төмөр зам” компаниар тээвэр хийхэд 18 ам.доллар, автомашинаар тээвэр хийхэд 15.74 цент байна.
Таван их наяд төгрөгөөр яах гэж төмөр зам барьсан бэ. Нүүрсээ хямд үнээр тээвэрлэх гэж л барьсан. Харамсалтай нь, энэ зорилгодоо хүрэхгүй байна. Яагаад ийм байдалд хүрэв гэхээр төрийн өмчит компани дээр маш олон хүн үр дүнгүй ажилладаг. Иддэг, уудаг газар болгох сонирхолтой хүмүүс тэнд ажилладаг, улстөрчдийн нөлөө орсон учраас энэ компани ийм өндөр үнээр тээвэр хийхээс аргагүй болж байна” гэв.
Төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж “Тавантолгой төмөр зам” ХХК-аас гадна “Монголын төмөр зам” компани бий. Эдгээрийг нэгтгэхээ Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдсэн. Гэхдээ одоогоор дээрх хоёр компанийг нэгтгээгүй байна.
Г.ХОРОЛ
3,607.57



















































Холбоотой мэдээ