Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Хээмцэг адуу” сэдэвт археологийн дурсгалын үзэсгэлэнг Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнг энэ сарын 23-нд МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Бахархлын танхимд нээсэн бөгөөд гурван долоо хоногийн турш үргэлжлэх юм.
Энэ үеэр Монгол Алтайн нурууны өндөр уулын бүсээс археологийн хайгуул, судалгаагаар илрүүлсэн адууны дүрслэл бүхий хадны зурагтай хавтан чулуунуудыг дэлгэн танилцуулж байна.
Эдгээр дурсгал нь Монголын хүрэл зэвсгийн түрүү үе, Чемурчекийн соёлд холбогдох юм.
Монгол Алтайн бүс нутагт сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийсэн археологийн судалгаагаар Чемурчекийн соёлд хамаарах 40 гаруй булш, тахилга, оршуулгын цогцолбор илрүүлэн судалжээ. Эдгээрээс тухайн үеийн хүмүүсийн соёл, ертөнцийг үзэх үзэл, шүтлэг бишрэлийг илтгэх олон сонирхолтой олдвор олдсон байна.
Тухайлбал, Монгол, Оросын археологичдын хамтарсан судалгаагаар 2015-2019 онд гурван тахилга, оршуулгын цогцолбороос хүний гараар засаж боловсруулсан 700 гаруй хавтан чулуу, чулуун эдлэл олдсоноос 300 гаруйд нь хадны зураг сийлсэн байжээ.
Эдгээр олдвороос Монгол Алтайн нутгийн гаралтай монгол адуу болон урт хөлтэй DOM2 төрөлд хамаарах адууны дүрслэл бүхий есөн хавтан чулууг бүрэн бүтнээр нь уг үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна.
Мөн Чемурчекийн булшны 12 хавтан чулуунд адуу, тэрэгний дүрслэл сийлсэн нь Монгол Алтайн бүс нутагт адуу, тэрэгтэй холбоотой эртний соёлын ул мөр байгааг харуулж буй гэдгийг судлаачид онцоллоо.
“Хээмцэг адуу” үзэсгэлэн нь иргэд, хүүхэд, залууст нээлттэй бөгөөд адууны түүх, эртний соёлын өвийг сурталчлан таниулах, археологийн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой гэдгийг МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимээс тодотголоо.