niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 11:35 UTC Эх: https://news.mn/r/2793714/ 7264d5251f8ea1dd… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Төр "ТҮЦ"-тэй муур хулгана болж тоглосоор

Хуучирсан мэдээ: 2025.04.08-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Төр "ТҮЦ"-тэй муур хулгана болж тоглосоор

Сурвалжлага: Төр "ТҮЦ"-тэй муур хулгана болж тоглосоор

 Нийслэлийн Улаанбаатар хотын захирагч бөгөөд Засаг дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Тиймээс зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлжээ. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн байна.


Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл автобусны буудал, нийтийн эзэмшлийн зам талбай дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-үүдийн үйл ажиллагаа хотын өнгө үзэмжид нөлөөлөхөөс гадна хог хаягдлаа эмх замбараагүй хаях, эрүүл ахуйн наад захын чанар стандартыг хангадаггүй зэргээр тус үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол санал тасрахгүй хэвээр байна. Өнөөдөр нэгийг нь буулгасан ч маргааш өөр нэг нь ирж ТҮЦ байршуулах тохиолдол бий. Нэг ёсондоо төрийнхөн ТҮЦ эрхлэгчидтэй муур хулгана болж тоглосоор байна.

ӨР ШИРТЭЙ ДЭЭРЭЭ ӨНӨӨ МАРГААШГҮЙ Л ХӨӨГДӨХ ЮМ ШИГ БАЙНА

Сүхбаатар дүүргийн … дугаар хороонд ТҮЦ эрхлэгч Н.Г хэлэхдээ “ТҮЦ эрхлэгчдийг удаа дараа дарамталдаг. ТҮЦ ажиллуулж амьдарч байгаа нь төрдөө буруутгагдах шалтгаан болж байна. Ажил хийе гэхээр 40 гарсан биднийг авах газар олдохгүй юм. Нас зүс хараад голоод байна. Үр хүүхдүүдээ тэжээж, өөрсдөө бас хоногийн хоолтойгоо залгуулах хэрэгтэй байна. ТҮЦ ажиллуулаад өдөрт хамгийн их орлого олсон тохиолдолд 60-70 мянган төгрөгийн ашигтай ажиллана. Ус, ундаа ойр зуурын зүйл дээрээ 50-100 төгрөгийн л ашиг харж байгаа шүү дээ. Албан ёсны зөвшөөрлийг нь авах гэхээр бидэнд олдохгүй юм. Энэ ТҮЦ-ээ бас л зээлээр авсан. Одоо зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-нүүдийг ачих юм гэсэн. Хэзээ ирээд ачих бол гэсэн айдастай л амьдарч байна. Өглөө ирээд ойр орчмынхоо хог хаягдлыг шүүрдээд аль болох л орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг. Өдөр ч бас хүн бага бол гараад цэвэрлэчих тохиолдол бий. Ойр орчимд сургууль, цэцэрлэг байхгүй учраас хүүхдүүд бужигнах нь бага. Автобус хүлээх зуураа хүмүүс ус, ундаа ойр зуурын хэрэгцээнийхээ зүйлийг авдаг. Орой үдэш цаг хэтрүүлж ажилладаггүй.

Манайх арван жилд сурдаг гурав, нэг оюутан хүүхэдтэй. Нөхөр маань барилга дээр ажилладаг. Өвлийн улиралд ажилгүй суучихдаг учраас ар гэрийн нөхцөл байдал хэцүүднэ. Тиймээс худлаа хэлж, хулгай хийсэн биш гээд ТҮЦ ажиллуулахаар шийдсэн юм. Гэтэл одоо өр ширтэй дээрээ өнөө маргаашгүй л хөөгдөх юм шиг байна.

Хувиараа бизнес эрхэлж, өөрөө өөртөө ажлын байр бий болгож, ар гэрээ тэжээх гэж байгаа ядарсан бидэнд төр үнэхээр хатуурхаж байна. Бид төрөөс халамж хүсээгүй. Яаж ийж байгаад амь зогоох хэрэгтэй биз дээ. Сонгуулийн өмнө  үйл ажиллагаа явуулахад заавал төрийн зөвшөөрөл авах хэрэггүй. Зах зээлийн зарчмаараа явна.  Бүгдийг нь дэмжинэ, иргэдээ ажилтай орлоготой болгоно”гээд сайхан сайхан зүйл ярьж байсан. Гэтэл өнөөдөр иргэд ажил хийгээд ч өдөр хоногоо өр зээлийн дунд өнгөрүүлж байна. Удахгүй нөхрийн ажил эхлэх сураг байна. Гэсэн ч ганц хүний цалингаар амьдрах чанга байна шүү дээ. Уг нь дулаараад ирэхээр ус, ундаанаас олох орлого нэмэгддэг. Тиймээс энэ зун их сургуульд сурдаг охиныхоо сургалтын төлбөрийг олчих юмсан гэж бодож байсан юм. Гэтэл  одоо хэцүүхэн л болох юм шиг байна. Олны хөл ихтэй юм уу л гэж бид автобусны буудал бараадаж байна. Хөл хөдөлгөөн багатай газар бол орлого муу. Бараг орохгүйтэй ижил. Тийм учраас ингээд хөөгдөж, туугдаад л сууж байна даа гэж учирлав.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТҮЦ-ҮҮДИЙГ НҮҮЛГЭЖ ЭХЭЛСЭН

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны А/826, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/234 дугаар захирамжуудын хүрээнд тус дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн төв эмнэлгийн урд талын автобусны буудалд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, явган хүний зам, ногоон байгууламж, шугам сүлжээ, бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дөрвөн ширхэг  ТҮЦ/Түргэн үйлчилгээний цэг/-ийг албадан чөлөөлсөн байна. Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хүний өгч байгаа мэдээлээр тус ТҮЦ-үүдийн үйл ажиллагаа эрхлэгчдэд удаа дараа сануулга өгч, заасан хугацаанд газраа чөлөөлөхыг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй учраас ийнхүү албадан буулгахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэдгээ учирлаж байна.

Дүүрэг, хорооноос албан ёсны зөвшөөрөл олгоогүй учраас нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн үйд ажиллагаа явуулах нь хууль зөрчиж байгаа үйлдлээс гадна, иргэдийн ая тухтай амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл. Тиймээс зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа гэдгийг тодотгож байна.

Мөн хог хаягдлаа зориулалтын хогийн цэг дээр хаядаггүйн улмаас гудамж талбайд хог хаягдал хаях, бие засах газраа шийдээгүй учраас ил задгай бие засах гэх мэтээр эрүүл ахуйн асуудлууд ч хөндөгддөг гэв. Албан ёсоор зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа хууль дүрмийн дагуу явуулж байгаа тохиолдолд хороо, дүүргийн удирдлагууд хамтын ажиллагаагаа сайжруулж, илүү хариуцлагатай хамтын ажиллагааг чухалчилж байгаа гэв. Мөн бүх зүйл төлөвлөлтийн дагуу явах ёстой. Автобусны буудал дээр 10 ТҮЦ байршуулахад тэнд юу болох вэ. Тиймээс норм дүрмийн дагуу холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгодог. Гэтэл иргэн Б  ТҮЦ ажиллуулж болж байхад, яахаараа би ажилуулж болдоггүй юм гэж барьцах тохиолдол ч гардаг гэв.

ТҮЦ-НИЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АТГАЧИХСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАХ  ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1800 орчим ТҮЦ бий гэх тооцоо судалгаа гарсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан. Уг журамд ТҮЦ-тэй холбоотой заалтуудыг тусгасан байдаг. Тодруулбал, дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй гэж заажээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болон ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгсөн байна. Хотын өнгө үзэмжийг нэмэх, орон зайн төлөвлөлтийг зөв болгох, иргэд чөлөөтэй орж гарах, алхах нөхцөлийг бүрдүүлэхийг олон нийт хүсэж байна. Иргэдээс ТҮЦ эрхлэгчдийн талаар ямар байр суурьтай байгаа талаар тодруулахад “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ тухайн ТҮЦ ямар байршилд байна вэ, хотын өнгө үзэмжид хэрхэн нөлөөлж байгаа вэ, зарж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх зэрэг асуудлуудад хяналт тавих нь зөв. Зарим нь хүн гишгэх ч газаргүй болгоод ТҮЦ -ээ байршуулчихдаг. Энэ мэт эмх замбараагүй байдлыг засах зайлшгүй шаардлагатай.

Тухайлбал, зарим ТҮЦ-ийг машин эргэх эргэлт дээр буюу явган хүний гарц хааж байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж байгаа харагддаг. Тэгэхээр ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага байх. Харин дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжих ёстой байх. Яарч сандарсан үед ТҮЦ-ээс үйлчилгээ авах нь амар байдаг. Хамгийн гол нь амархан муудах хүнсний зүйл зарж байгаа газрууд хадгалалт болоод хугацаан дээр нь сайн хяналт тавь даг байх хэрэгтэй. Мөн ТҮЦ-ийнхээ эргэн тойрон хог хаягдлыг цэвэрлэж байх нь зүйтэй байх. Ер нь бол ямар сайндаа л хүн ТҮЦ ажиллуулж байхав дээ. Зарим нэг хүмүүс ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг нь хэд хэдээр нь авчихаад ТҮЦ-ээ түрээслүүлдэг хүмүүс ч байдаг юм билээ. Бүх автобусны буудлуудын ТҮЦ-ний зөвшөөрлийг атгачихсан хүмүүсийг бол шалгах л хэрэгтэй. Мөн ТҮЦ-ээс бүх насныхан тамхи худалдаж авч байгаа харагддаг. Тиймээс бага насны хүүхдэд тамх зарахгүй байх хууль дүрмээ мөрдөж ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж