niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 12:01 UTC Эх: https://news.mn/r/2793577/ 67401f2b3e811432… ← niitlelch.mn руу буцах

"Нохой хүүхдийн ясыг хуга хазсан тохиолдол ч бий"

Хуучирсан мэдээ: 2025.04.07-нд нийтлэгдсэн

"Нохой хүүхдийн ясыг хуга хазсан тохиолдол ч бий"

"Нохой хүүхдийн ясыг хуга хазсан тохиолдол ч бий"

Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар ГССҮТ-өөс анхаарууллаа. 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Нохой тэжээгчид "Манай нохой их зөөлхөн, хазахгүй" гэж нохойгоо сул тавьдаг. Гадуур авч явахдаа хүзүүвч, хошуувч бараг л хэрэглэхгүй. Гэвч бодит байдал дээр ноход хэчнээн хүнийг гэмтээснийг нарийвчлан гаргасан тоо алга.  Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн хүлээн авахын яаралтай тусламжийн эмч Э.Алтаншагайгаас тодруулахад,

Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өдөрт дунджаар 5-10 хүн нохойд хазуулсан гэх шалтгаанаар ирдэг байна. Хүүхдүүд ихэвчлэн хичээл сургуульдаа явж байхдаа нохойд хазуулсан байдаг.

Нохойд хазуулсан гэх шалтгаанаар эмнэлгийн байгууллагад ханддаг 5-10 хүний хоёр нь заавал хэвтэн эмчлүүлдэг. Гудамжны золбин нохой, хашаандаа уяагүй нохой, гэртээ тэжээдэг үүлдрийн нохдын аль нь ч аюул учруулах боломжтой.

Нохой нь хүүхдийн ясыг хуга хазсан, булчин болон зөөлөн эдийг тэр чигт нь хуулсан, толгойг нь зуух тохиолдол ч бий аж.

Нохой болон хүний хазсан шарх нь хамгийн бохир шарх. Тиймээс том хэмжээний шарх үүссэн тохиолдолд заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд ихэвчлэн хөл болон мөчнөөсөө хазуулсан байдалтай ирдэг. Улирлын хувьд хавар, намрын улиралд нохойнд хазуулсан гэх шалтгаанаар илүү олон хүн ирдэг. Энэ нь нохойны ороо орсон үетэй холбоотой гэв.

Хэрэв нохойд хазуулсан бол хамгийн түрүүнд хазуулсан хэсгээ цэвэр зүйлээр боох хэрэгтэй. Үүний дараагаар заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, галзуугийн вакцин хийлгэх шаардлагатайг анхаарууллаа.

Уг нөхцөл байдалтай холбогдуулан ГССҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд:

  • Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
  • Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
  • Гудамж, талбайд болгоомжтой явах
  • Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
  • Олон тооны нохдоос холуур явах
  • Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
  • Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
  • Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
  • Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
  • Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах

Хэрэв хазуулсан тохиолдолд:

  • Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
  • Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
  • Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж