Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, тарифын дайн өрнөж буй цаг үед улс орнууд мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээ дипломат албанд томилж байгаа бол Монгол Улс экс гишүүдээ Элчин сайдын зөвлөх болгож, улс төрийн томилгоог үргэлжлүүлэх нь ээ.
Тодруулбал, МАН УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг Элчин зөвлөх болгож, гадаад орон руу томилохоор болсон байна.
Энэ оны эхэнд Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлэн, УИХ-аас томилсон. Араас нь залгуулж энэ онд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй 20 гаруй Элчин сайд нарын нэр орж ирэх сураг дуулдсан ч намрын чуулган завсарласнаар чимээгүй болсон. Тэгвэл хаврын чуулган эхлээд удаагүй байгаа энэ өдрүүдэд МАН дипломат албанд экс гишүүдээ шургуулан, хэдэн сарын турш хаалга үүдийг нь онголзуулж суусан экс гишүүдээ гадаад руу явуулж чих амрахаар шийдэв бололтой.
Үүнээс өмнө Засгийн газарт хамтарсан намууд мөн л улс төрийн томилгоог дипломат албанд хийсэн. Тухайлбал, БНСУ-ын Бусан хотод суух ерөнхий консулаар Ардчилсан намын гишүүн Ц.Жадамбаа, мөн намын гишүүн С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар, БНХАУ-ын Эрээн хотод суух ерөнхий консулаар ХҮН намын гишүүн З.Лхагдаворж, МАН БНХАУ-ын онцгой бүс Хонконгод суух ерөнхий консулаар Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр нарыг санал болгосн томилсон юм.
Хэдэн сарын өмнө Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат алба хүний нөөцийн дутагдалд орсныг учирласан удаатай ч учир мэдэх хүмүүс тэтгэвэрт суух дөхсөн улстөрчдийг томилох хэмжээнд очтолоо уначихаагүйг сануулж буй.
Өөрөөр хэлбэл, төрийн дээр нам сандайлснаас дипломат алба үнэ цэнээ алдан, “өгзөг базагч” ч томилж, хэл аманд өртсөөр байгааг харж болно.
Энэ янзаар бол бүрэн эрх нь дуусаж буй 22 улсад суух Элчин сайдад нам, намын шахаа тавиулуудыг нэр дэвшүүлэн орж ирэх магадлал өндөр болж байна.
Г.ХОРОЛ
3,607.57















































